Баяр, амралтын өдрүүдэд улсын хэмжээнд 427 зам тээврийн осол бүртгэгджээ

2018 оны 07-р сарын 16 өдөр, 17 цаг 17 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
tsagdaa

Баяр наадмын болон бүх нийтийн амралтын өдрүүдэд Замын цагдаагийн албанаас бүрэн бүрэлдэхүүнээрээ, нэмэгдлээр Хууль сахиулахын их сургуулийн сонсогч нарын хамт замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах хамгаалалт, зохицуулалт, гарч болзошгүй осол, хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр өндөржүүлсэн бэлэн байдалд үүрэг гүйцэтгэн ажиллалаа.

Баярын өдрүүдэд Төв цэнгэлдэх хүрээлэн орчмын хамгаалалт зохицуулалт, нийслэл хотын гудамж замын хяналт шалгалтыг 229 уулзвар, цэгт зохион байгуулан ажилласан бөгөөд иргэд заагдсан маршрут, чиглэлийн дагуу зохицуулагчийн дохио, заавар, хууль ёсны шаардлагыг биелүүлж хөдөлгөөнд соёлтой оролцож байсан нь хөдөлгөөнийг түргэн шуурхай зохицуулах, замын хөдөлгөөний ачааллыг бууруулахад ихээхэн нөлөөлж байв.

2018 оны 7 дугаар сарын 10-15-ны өдрүүдэд улсын хэмжээнд нийт 427 зам тээврийн осол бүртгэгдсэн бөгөөд ослын улмаас нийт 16 хүний амь нас хохирсон байна. Нийт бүртгэгдсэн ослын 78,7 хувь буюу 336 нь, амь нас нь хохирсон хүний 18,7 хувь буюу 3 нь, гэмтсэн хүний 56 нь Улаанбаатар хотод бүртгэгдсэн бол орон нутагт нийт ослын 21,3 хувь буюу 91 нь, амь нас нь хохирсон хүний 81,2 хувь буюу 13 нь зөвхөн орон нутагт бүртгэгджээ. Мөн зам тээврийн осолд өртөж, хохирсон хүний 14 нь бага насны хүүхэд байсан ба үүнээс 3 хүүхдийн амь нас харамсалтай байдлаар хохирч, 11 хүүхэд хөнгөн, хүндэвтэр байдлаар гэмтэж бэртжээ. Дээрх статистик үзүүлэлтийг өнгөрсөн жилийн мөн үетэй харьцуулахад зам тээврийн осол 12 хувиар, амь нас нь хохирсон хүн 60 орчим хувиар өссөн үзүүлэлт гарчээ.

Зам тээврийн ослын улмаас амь нас нь хохирсон 3 хүүхэд нь эцэг, эх, асран хамгаалагчийн хамт тээврийн хэрэгсэлээр зорчиж байх үедээ буюу буруу тээвэрлэлтээс шалтгаалж амь насаа алдсан байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх