Авлигатай тэмцэх газрын Хэвлэл, олон нийттэй харилцах ажилтан, комиссар Т.Мөнхтунгалагтай ярилцав.
-Танай дэргэдэх ОНЗ-ийн дарга Г.Баасан хэвлэлийн бага хурал дээр мэдээлэл хийхдээ “АТГ-т шилжүүлсэн 87 өргөдөл, гомдлын эцсийн шийдвэр гараагүй” гэж ярьсан.
-АТГ-т хандаж ОНЗ-өөс 2017 оны 9 дүгээр сараас ирүүлсэн нийт 139 бичиг байгаа. Эдгээр нь бүгд гомдол биш. Тодруулга хүссэн, мэдээлэл авах агуулгатай бичиг ч бас бий. Гомдол болгон үнэн бодит байдаггүйг Г.Баасан гуай хуульч хүний хувьд мэдэх байлгүй дээ. Шийдвэрлэсэн, шийдвэрлээгүй гэдгийг бас яаж ойлгоод байгаа юм бол. АТГ хэнээс ч, хаанаас ч ирсэн бичиг, өргөдөл хүсэлт, гомдол, мэдээллийг таг дараад суудаггүй. Зохих хуулийн дагуу холбогдох хариуг заавал өгч ажилладаг. Энэ нь манай байгууллагын нэг том соёл гэж ойлгож болно.
Хянан үзээд хариу өгсөн албан бичиг бүрийг шийдвэрлэсэн гэж үзнэ шүү дээ. Гэмт хэргийн шинжтэй гомдол, мэдээллийн тухайд хэрэг бүртгэлтийн хэрэг нээнэ, хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзана, харьяаллын дагуу шилжүүлнэ гэсэн 3 төрлийн шийдвэр гаргадаг. Харьяаллын дагуу шилжүүлсэн байлаа ч энэ нь тухайн гомдлыг хянаж үзээд энд шалгагдахгүй, хуулиараа өөр газар шалгагдах асуудал байна гээд эцэслээд шийдвэрлэсэн гэсэн үг. Заавал АТГ гомдол бүрт эрүүгийн хэрэг нээгээд шалгаад байвал л түүнийг шийдвэрлэсэн гэж үзэх учир байхгүй. АТГ-ын хуулиар харьяалан шалгах хэрэг, харьяалахгүй хэрэг гэж байдаг. Хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзан шийдвэрлэвэл тэр харав уу, АТГ авлигатай тэмцэх сонирхолгүй байна гэж орилдог. Гэтэл АТГ-т ирсэн гэмт хэргийн шинжтэй гомдол, мэдээлэл бүрийг прокурорын хяналт дор хянан шалгаж шийдвэрлэдэг. Үүнд АТГ дур зоргоороо ханддаггүй.
-60 тэрбумын асуудлыг АТГ нотолж чадахгүй байна. 60 тэрбумын асуудал нотлох баримттай, гэрчтэй, олон улсад үүнийг эвлүүлэг биш болохыг тогтоосон гэж Г.Баасан дарга ярьсан л даа. Үнэхээр ийм ойлгомжтой хэргийг АТГ илрүүлэх, шалгах сонирхолгүй байгаа юм уу?
-Манай газрын Мөрдөн шалгах хэлтсийн дарга Э.Идэрцог хэвлэлийн хурал дээр сэтгүүлчийн асуултад маш тодорхой хариулт өгсөн. Энэ асуудлаар прокурорын шийдвэр гарсан. Энэ нь одоо хүчин төгөлдөр байна. АТГ, тагнуул, цагдаагийн байгууллага тус тусдаа өөр өөрсдийн чиг үүргийн дагуу асуудлыг нэг бүрчлэн шалгасан. Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хуульд заасан үндэслэл журмын дагуу олж цуглуулсан нотлох баримтуудад тулгуурлаж асуудлыг шийдвэрлэдгийг та мэдэх байх.
60 тэрбумын гэх хэргийг хуулийн байгууллагууд тал бүрээс нь хянан үзсэн. Энэ асуудлын хувьд АТГ бол шалгасан субьектүүдийн нэг талын л оролцогч нь. АТГ аль хэсгийг нь шалгасан бэ гэхээр төрийн албан тушаалтанд тодорхой хэмжээний хээл хахууль өгөөд төрийн албанд томилогдсон уу үгүй юу гэдгийг шалгасан. Улмаар хээл хахууль өгч албан тушаалд томилогдсон байна гэсэн асуудал мөрдөн байцаалтын явцад цугларсан нотлох баримтаар тогтоогдоогүй. Тэрнээс АТГ бүгдийг хамаарч, харьяалж шалгах хуулийн эрхгүй, хуулийн зохицуулалт нь ийм боломжгүй юм. Тагнуул, цагдаа өөрсдийн зохих шугамаараа бас шалгасан. Энэ учрыг Г.Баасан гуай мэдээж ойлгодог л байх. Гэхдээ зориуд мушгин гуйвуулж яриад байгаа юм шиг заримдаа санагддаг. Ингэж нийгэмд худал гүжир мэдээлэл зорилготойгоор тараахаа болих хэрэгтэй.
-Тэгэхээр 60 тэрбум төгрөг босгох тухай яриа ерөөсөө болоогүй гэж хууль хяналтын байгууллагууд үгүйсгэж байгаа юм уу?
-Яалаа гэж. Ийм яриа ерөөсөө болоогүй гэж үзэж асуудлыг шийдвэрлээгүй шүү дээ. Гол нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзэхэд төрийн албан тушаалыг үнэлж, бусдаас хахууль авч, төрийн эрх мэдлийг хууль бусаар авсан, сонгуулийн үйл ажиллагаа, үр дүнд хууль бусаар нөлөөлсөн гэх нөхцөл байдлууд тогтоогдоогүй тул прокуророос хэрэг бүртгэлтийн хэргийг хааж шийдвэрлэсэн байгаа. Энэ тухайгаа УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэд АТГ-аас маш дэлгэрэнгүй байдлаар, бүх асуудлыг дурдаж хариу өгсөн.
-Олон нийтийн зөвлөлийн Г.Баасан дарга хэлэхдээ олон улсын байгууллагын хүлээн зөвшөөрсөн бичлэгийг Монголын хуулийн байгууллагууд эвлүүлэг гэж үзээд байгаа тухай шүүмжилсэн. Олон улсад батлаад байгааг дотооддоо завхруулаад байгаа юм уу?
-Олон улс, гадаад улс гэхээр туйлын үнэн гэж авч үзэх нь өөрөө утгагүй л дээ. Бид үндэснийхээ хэмжээнд Монгол улсын нутаг дэвсгэрт хүчин төгөлдөр даган мөрдөгдөж байгаа хуулийн хүрээнд л ажиллана. Тэр олон улсын байгууллагын шинжээчийн дүгнэлт гээд байгаа баримтыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлд заасан шаардлагыг хангаагүй учраас нотлох баримтаар үнэлэх боломжгүй талаар Нийслэлийн ерөнхий прокурорын орлогч Ж.Ариунаа хэвлэлд ярилцлага өгсөн.
Хуулийн зохицуулалт нь ямар байдаг вэ гэхээр шүүх, прокурор, мөрдөгчийн шийдвэрээр томилогдсон шинжээч хуульд заасан эрх эдэлж, үүрэг хүлээх бөгөөд хэрэв санаатайгаар худал дүгнэлт гаргавал эрүүгийн хариуцлага хүлээнэ гэдгийг ойлгож, үүнийгээ баталж дүгнэлт гаргах ёстой. Ийм шинжээчийн дүгнэлтийг л нотлох баримтаар үнэлэх хуулийн зохицуулалттай. Тэгэхээр тэр олон улсын байгууллагаас гаргаж өгсөн шинжээчийн дүгнэлт гэх баримтыг Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөж байгаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1.7-д заасны дагуу нотлох баримтаар үнэлэх боломжгүй. Өөрөөр хэлбэл, хуульд заасан үндэслэл журмын дагуу олж аваагүй, бэхжүүлээгүй, цуглуулаагүй аливаа нотлох баримт нь өөрөө шүүхийн шийдвэрийн үндэслэл болдоггүй, ямар ч ач холбогдолгүй зүйл болж хувирдаг. Ийм л учраас хуулийн байгууллага хуулиа л мөрдөж байгаа гэсэн үг. Энэ бол хэн нэгэн даргаас хамааралгүй асуудал.
-60 тэрбумын асуудлаар Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж ч байр сууриа илэрхийлсэн. Тэрээр “60 тэрбумын бичлэг эвлүүлэг биш ээ. Г.Сандуй, М.Энхболд хоёрын яриаг эвлүүлэг гэдэггүй юм. Эвлүүлэг гэдэг бол Ц.Нямдоржийг Чапи дуурайхыг хэлдэг юм” гэж ярьсан.
-Жүжигчин Чапи нь сайд Ц.Нямдоржийг дуурайхыг эвлүүлэг гэхгүй шүү дээ. Энэ бол элэглэл. Хошин урлагийн тусгай нэг төрөл жанр байхгүй юу. Эвлүүлэг, элэглэл хоёр чинь огт өөр ойлголт, өөр асуудал л даа.
-Д.Жигжиднямаа гэдэг хүний асуудлыг Г.Баасан дарга байсхийгээд л гаргаж тавьдаг. Энэ хүний асуудал яг ямар учиртай юм бэ? Танайх шалгахгүй байгаа юм уу?
-Яагаад, ямар ашиг сонирхлын үүднээс гаргаж тавьдгийг нь би мэдэхгүй. Ямар ч байсан Д.Жигжиднямаа гэдэг хүний шалгагдаж байгаа хэргийн асуудлаар манайхаас зохион байгуулдаг хэвлэлийн хурал бүр дээр энэ чиглэлийн асуулт гардаг, бид хуулийн хүрээнд зохих хариултыг өгдөг.
АТГ-аас Д.Жигжиднямаад эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах саналыг Нийслэлийн Прокурорын газарт шилжүүлсэн. Өөрөөр хэлбэл, мөрдөн шалгах ажиллагааны хүрээнд цугларсан нотлох баримтын дагуу яллагдагчаар татах саналаа прокурорт хүргүүлсэн. Зарим тодорхой зүйлтэй холбоотой ажиллагаануудыг нэмж хийх шаардлагатай гэж Прокурор үзэж хэргийг буцаасан. Тэр ажиллагаанууд одоо хийгдэж байгаа. Прокурорын даалгаварт мөрдөн шалгах ажиллагааны зарим зүйлийг тодруул гэсний дагуу түүнийг нь хийгээд дахин прокурорт хүргүүлж хянуулна. Хуульд заасан журмын дагуу хэргийг шалгаж байгаа.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 30.1 дүгээр зүйлд “Мөрдөгч гэмт хэргийг илрүүлэх, түүнийг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг олж тогтоох зорилгоор гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авснаас эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах хүртэл явуулж байгаа энэ хуульд заасан ажиллагааг хэрэг бүртгэлт гэнэ” гэж заасан. Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт явуулсан хэрэг эцсийн дүндээ яаж шийдэгдсэн гэдэг нь цэвэр прокурорын эрх мэдлийн асуудал. Үүн дээр зөвхөн прокурор л үгээ хэлэх ёстой. Тэрнээс энэ хэргийг зөв, буруу шалгасан, хугацаандаа шалгасан, шалгаагүй гэхчлэн ярьдаг хүн нь Г.Баасан гуай биш. Ингэж зориудаар худал мэдээлэл тарааж, хуулийн дагуу ажиллаж байгаа төрийн байгууллагуудыг харлуулан гутааж, иргэдийн дунд зохиомол бухимдал үүсгэж, өөртөө улс төрийн ашиг хонжоо хайж байгаагаа одоо зогсоох хэрэгтэй.
-Г.Баасан гуай гэхдээ ОНЗ-ийн даргын хувиар энэ мэдээлэл, мэдэгдлийг хийж байгаа шүү дээ. ОНЗ-ийн дүрэм журамдаа АТГ-ыг хянахаар заасан биз дээ?
-АТГ-ын дэргэдэх ОНЗ нь АТГ-ын мөрдөн шалгах ажиллагааг хянах үүрэгтэй бүтэц, бүрэлдэхүүн биш. Авлигын эсрэг хуульд заахдаа ОНЗ нь авлигатай тэмцэхэд олон нийтийг идэвхтэй оролцуулах, тэдний санал бодлыг хүргэх, авлигын нөхцөл байдал, авлигын эсрэг хууль тогтоомжийн хэрэгжилтийн талаар зөвлөмж өгөх зорилготой. Түүнээс биш хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын үйл ажиллагаанд оролцох, тэр талаар дуугарах, шаардах, хөндлөнгөөс нөлөөлж байгаа мэт авирлах ёсгүй.
ОНЗ-ийн ажиллах дүрэм журам нь өөрөө хууль зөрчиж батлагдсан. Тийм учраас нэр бүхий хуульчид Үндсэн хуулийн цэцэд хандсан байгаа юм билээ. Хуулиас давсан дүрэм журам байх ёсгүйг та мэднэ. Хэрвээ хуулиас давсан дүрэм журам батлагдсан байвал тэр дүрэм журам өөрөө хүчингүй, харин хүчин төгөлдөр хуулийг л дагаж мөрдөх ёстой.
-Оффшортой тэмцэхээс татгалзаж байна гэж Г.Баасан та нарыг дүгнэлээ. Дипломат ажилтнуудын цалингийн дансыг оффшор гэж зарлаж ард түмнийг АТГ даажигнасан гэлээ. Энэ талаар тайлбар өгөөч.
-Ингэж худал сүржин мэдээлэл хийхээсээ өмнө хуулийн үг, өгүүлбэрийг тогтож уншаасай гэж хүсмээр байна даа. Оффшор бүсэд нээлгэсэн банкны дансаа хаалгах, банкинд байршуулсан мөнгөн хөрөнгөө татах, хөдлөх ба үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийг худалдах, шилжүүлэх, татах, хувь нийлүүлэх замаар үүсгэн байгуулсан хуулийн этгээдийн үйл ажиллагааг зогсоох, эрхээ худалдах, шилжүүлэх, дуусгавар болгох зэрэг арга хэмжээг авсан талаар мэдүүлэх хуулийн хугацаа 2018 оны 4 дүгээр сарын 6-ны өдрөөр дууссан. Түүнээс гадна оффшор бүсэд хамаарах гадаад улсад суралцах, эмнэлгийн тусламж, үйлчилгээ авах зорилгоор банкинд данс нээлгэсэн, мөнгөн хөрөнгө байршуулсан, хөдлөх ба үл хөдлөх хөрөнгө өмчилсөн бол энэ тухайгаа бичгээр мэдэгдэх үүрэгтэй.
Сэтгүүлч та “албаны чиг үүргээ хэрэгжүүлэх зорилгоор” гэдэг үгийг ярилцлагадаа нийтлэхдээ харлуулж, онцолж тодотгож өгөөрэй. Тэгэхээр энэ зорилгоор оффшор бүсэд хамаарах Сингапур, Хонконг, Швейцарийн холбооны улсад суугаа Дипломат төлөөлөгчийн байгууллагад ГХЯ-наас томилогдон ажиллаж байгаа албан тушаалтнууд цалингийн данс эзэмшдэг талаараа АТГ-т өөрсдөө мэдэгдсэн юм. Энэ бол хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хуулийг өөрсдөө сайн дураараа даган биелүүлсэн, хуульд заасан үүргийг өөрт хамаатуулан биелүүлж байгаа л явдал. Нэгэнт өөрсдөө цалингийн данс эзэмшиж байгаа гэдгээ мэдэгдсэн байхад нь бид түүнийг нь олон нийтэд танилцуулсан. Ийм л асуудал, түүнээс ард түмнийг даажигнасан явдал ерөөсөө ч биш ээ. Ингэж андуурах хэрэггүй. Мэдэгдэх, мэдүүлэх гэдэг хоёр үгийн ялгаа, заагийг хуульд юу гэж тусгасан байгааг сайтар уншиж ойлгоосой. Дээр дурдсан хугацаагаар бүх зүйл зарлагдаад дуусна гэсэн ойлголт байхгүй, энэ хугацаанд сайн дураараа мэдэгдэх үүргээ биелүүлээгүй нь энэ хугацаанаас хойш ил болж мэдэгдсэн тохиолдолд тухайн албан тушаалтанд ашиг сонирхлын зөрчлийн тухай хуулийн дагуу зохих хариуцлагыг тооцох үндэслэл болох юм.
Харин оффшор бүсэд данс эзэмшдэг иргэн, аж ахуйн нэгжийн талаар хэрэг бүртгэлтийн хэрэг нээж шалгах нь тусдаа өөр ойлголт шүү дээ. Үүнийг хольж хутгаад яриад байгаа нь нийгэмд уур бухимдал үүсгээд байна.
-АТГ-т шалгагдаж байгаа С.Баяр 5 дугаар сарын 3-ны өдөр АТГ-ын дарга Х.Энхжаргалын өрөөнд архидсан гэж Г.Баасан мэдээлсэн. АТГ-ын дарга шалгагдаж байгаа хүнийг албан өрөөндөө дуудаж уулзах эрх байдаг юм уу?
-Энэ уулзалт прокурорын зөвшөөрлийн дагуу хийгдсэн уулзалт. Дараа нь С.Баярын байцаалт үргэлжлэн явагдаж, АТГ дээр 7 цаг болсон. Энэ нь төлөвлөгдсөн уулзалт учир хуулийн дагуу эрүүл мэндийн шаардлагад нь нийцсэн хоолоор хангах үүрэгтэй. Тийм учраас хоол, цай өгч, уулзалт байцаалт явагдсан гэж ойлгох нь зөв.
-Архи уусан гэж байгаа шүү дээ?
-Тийм юм гэж юу байх вэ. Энэ бол ор үндэсгүй худал мэдээлэл, гүжир гүтгэлэг. Архидсан, айлгаж дарамталсан явдал огт болоогүй. Ийм байдлаар худал, үндэслэлгүй мэдээллийг зориуд тарааж байгаа нь АТГ-ын даргыг тухайн албан үүрэг гүйцэтгэж байгаатай нь холбогдуулан нэр төр, алдар хүндэд нь хууль бусаар халдаж хуулиар хамгаалагдсан эрхийг нь зөрчиж байгаа бүдүүлэг үйлдэл. Мөн Г.Баасан гуай олон нийтийн үнэн, зөв мэдээлэл авах эрхийг зөрчиж байна. Тиймээс гүтгэсэн асуудлаар цагдаагийн байгууллагад хандсан байгаа.
АТГ-ын дарга нь Авлигын эсрэг хуулийн 23 дугаар зүйлд заасны дагуу гүйцэтгэх ажил болон хэрэг бүртгэлт мөрдөн байцаалтын ажилтай танилцах эрхтэй, энэ эрхийнхээ хүрээнд мөрдөн шалгах ажиллагаанд оролцогчоос гаргасан гомдол, хүсэлтийн дагуу түүнтэй биечлэн уулзах эрх нь нээлттэй гэдгийг та бүхэн мэдэж байгаа байх аа.
-АТГ хууль бус, хууль зөрчсөн байгууллага, АТГ-т ажиллаж байгаа хүн мэргэшсэн, мэргэжлийн сонгон шалгаруулалтад ороогүй гэж ярьсан. Энэ талаар та ямар тайлбар хэлэх вэ?
-Энэ талаар хууль зөрчсөн зүйл байхгүй ээ. Төрийн албаны хуульд заасан журмын дагуу л энэ асуудал шийдвэрлэгдэж ирсэн. Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлд төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тоог нөхөх, төрийн жинхэнэ албан тушаалд авах асуудлыг хэрхэн шийдвэрлэх талаар маш тодорхой заагаад өгчихсөн байгаа. Төрийн жинхэнэ албан тушаал гэдэгт төрийн тусгай болон төрийн захиргааны албан тушаал багтдаг. Сул орон тоо гарсан тохиолдолд эхлээд тухайн байгууллагад ажиллаж байгаа албан хаагчдаас, тийм боломж байхгүй бол төрийн холбогдох бусад байгууллагад ажиллаж байгаа албан хаагчдаас үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингээр нь сонгон шалгаруулж буюу өрсөлдүүлэн судалж байгаад тэр орон тоог нөхдөг. Энэ хоёр тохиолдлоор тухайн сул орон тоог нөхөх боломжгүй байгаа бол төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний нөөцөөс тухайн албан тушаалд тавигдах шаардлагыг хамгийн илүү хангаж байгаа нэг хүнийг Төрийн албаны төв байгууллага сонгож нэр дэвшүүлэн, ирүүлэх ёстой.
Иймд Олон нийтийн зөвлөлөөс төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тоог зөвхөн мэргэшлийн шалгалтад тэнцсэн төрийн албанд анх орох иргэдээс л нөхөх мэтээр тайлбарлаж “АТГ нь чиг үүргээ үр бүтээлтэй хэрэгжүүлж, авлигыг таслан зогсоох чанартай үйлчилгээ үзүүлэх чадваргүй байгаа нь мэргэшлийн сонгон шалгаруулалтад ороогүй мэдлэг, дадлага туршлагагүй, магадгүй танил тал, хээл хахуулийн шугамаар шургалсан хүмүүс ажиллаж байгаатай нь холбоотой гэж үзэж байна” гэж байгаа нь хуулийг өөрсдийнхөөрөө гуйвуулан тайлбарлаж, хууль зүйн үндэслэлгүй мэдээлэл тарааж байна гэж үзэхээр байна.
-Х.Энхжаргалын бүрэн эрхийн хугацаа дууссан. Энэ хүн 2017 оны 12 дугаар сараас сул цалин аваад сууж байгаа гэж ярьсан?
-Энэ тухай өмнө хангалттай ярьсан даа. УИХ-ын 2016 оны 7 дугаар тогтоолыг аваад үзээрэй. Тогтоолд заахдаа Авлигын эсрэг хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1 дэх заалтыг үндэслэсэн байгаа. Энэ заалт нь УИХ-аас АТГ-ын дарга, дэд даргыг 6 жилийн хугацаагаар томилно гэсэн заалт. Ийм л хоёргүй утгатай заалт. Нөгөө талаар тогтоолд нөхөн томилсугай гэсэн үг, өгүүлбэр байхгүй.
Тэгэхээр одоо ажиллаж байгаа АТГ-ын дарга, дэд дарга нар нөхөн томилогдоогүй бөгөөд 6 жилийн хугацаатай томилогдсон учраас 2021, 2022 онд бүрэн эрх нь дуусна гэж ойлгож болно. Г.Баасан гуай өөрийгөө хуульч хүн гэдэг, хуулиа уншаад ойлгох байлгүй дээ.
-Хэвлэл мэдээллийн хэрэгслээр Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нарын зүгээс АТГ-ын даргыг огцрох ёстой гэсэн мэдээлэл гарсан.
-Энэ мэдээлэл үндэслэлгүй байх аа. Яагаад гэвэл Монгол Улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нар хууль зөрчсөн шаардлага тавих ёсгүй учраас үүнийг үндэслэлгүй, ташаа мэдээлэл гэж ойлгож байна.
-30 сая төгрөгийн хахууль авсан хүнд шүүгч 576 мянган төгрөгөөр торгосон тухай Г.Баасан ярьсан. Хэрвээ энэ үнэн бол шүүхийн шийдвэр арай дэндүү юм.
-Г.Баасан гуайг юм уншаад ойлгодоггүй хүн гэж би бодохгүй байна. Өөрөө хуульч хүн гэдэг. Харин аливаа асуудлыг зориуд мушгиж гуйвуулдаг юм уу гэж хараад байгаа. Энэ чинь маш тодорхой, ойлгомжтой асуудал шүү дээ.
Энэ 30 сая төгрөг авсан 3 албан тушаалтан бол дулааны зөвшөөрөл олгохдоо танил компаниараа хийлгэхийг шаардаж, улмаар өндөр үнээр төсөвт ажлыг хийлгэж, тэндээсээ тус бүр 10 сая төгрөг авсан байдаг. Үүнийг шүүгч авлигын хэрэг биш гэж үзсэн. Тэгэхээр нь АТГ хэрвээ бэлэг юм бол энэ нь хуулиас гадуур авсан бэлэг тул сонирхлын зөрчлийн хуулийн дагуу асуудлыг шийдвэрлэх ёстой гэж үзээд аргаа барахдаа шүүхэд дахин хандсан юм. Энэ бол хэрэг асуудлыг эцэслэн шийдвэрлэх, авлигын нийгэмд учруулж байгаа хор уршгийг арилгах, зөрчигдсөн эрхийг сэргээх гэсэн АТГ-ын үүрэг шүү дээ. Ингэснээр Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд заасан хориглолт, хязгаарлалтыг зөрчсөн 3 албан тушаалтанд шүүгч захиргааны хариуцлага хүлээлгэж, бэлгэнд авсан 10 сая төгрөгийг нь тус бүрээс нь гаргуулж улсын орлого болгуулаад зогсохгүй дээр нь тэднийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 3 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөөр буюу 576 мянган төгрөгөөр торгосон.
Ингэж хясан боогдуулах замаар бусдаас тодорхой хэмжээний хахууль авсан төрийн албан хаагчдын өч төчнөөн олон хэрэг асуудлыг АТГ сүүлийн үед эрчимтэй илрүүлж шалгаж шийдвэрлэж байгаа. Цаашдаа ч олныг илрүүлж шалгана. Яагаад гэвэл ийм үзэгдэл одоо төрийн албанд, төрийн байгууллагуудад, төрийн албан хаагчдын дунд дэндүү хавтгайрсан байна.
Шүүхийн шийдвэрийн талаар асуусан учраас нэг хоёр жишээн дээр хэлье. 57 сая төгрөгийн хахууль авсан албан тушаалтныг 6.5 сая төгрөгөөр торгосон, 90 сая төгрөг хувьдаа завшсан албан тушаалтныг 9.5 сая төгрөгөөр торгосон, 13 сая төгрөг хувьдаа завшсан албан тушаалтныг тэнсэн харгалзаж, хамгийн сүүлд онц их хэмжээний хөрөнгө завшсан Солонгос иргэдийг 40 сая төгрөгөөр торгож шийдвэрлэсэн. Ийм маягаар эрх мэдэлтэй хүмүүсийн толгойг илээд өнгөрөөж байгаа нь зөв зүйтэй юм уу. Ийм байхад авлига яаж багасах юм бэ.
Авлига, албан тушаалын гэмт хэрэгт ялын бодлого хатуу байж л хазаарлагдах болов уу. Харин жирийн төрийн албан хаагч ч бай, улс төрд нөлөө бүхий төрийн өндөр албан тушаалтан ч бай тэдгээрийн холбогдсон авлигын гэмт хэрэгт оногдуулж байгаа ялын бодлого нэг ижил байдлаар л хэрэгжих ёстой. Хэдийгээр хэрэг болгон өөр өөр нөхцөл байдал, шалтаг шалтгаанаар үйлдэгдсэн байдаг боловч авлигын гэмт хэрэгт хэтэрхий ялгаатай байдлаар ял оноон шийтгэж байгаа гэдэгт олон нийтийн анхаарлыг хандуулах зайлшгүй шаардлага байгаа юу гэвэл байгаа. Хахууль биш ээ, бэлэг байна гэж үзээд эрүүгийн хэргийг шийдвэрлэж байгаа шүүгч, хэдийгээр хараат бус ч гэсэн үүн дээр шүүхийн байгууллага өөрөө бас үнэлэлт дүгнэлт хийх байлгүй дээ.
-Ер нь ОНЗ-ийн дарга Г.Баасангийн хийсэн мэдээлэлд үнэн бодит мэдээлэл гэж байна уу?
-Г.Баасан гуайн иймэрхүү удаа дараагийн худал мэдээлэл, мэдэгдэл нь нийгэмд ямар хэмжээний хор хохирол учруулж байгааг зайлшгүй тооцож бодох л асуудал. АТГ бол улстөрчдийн дэмээр биш иргэд олон нийтийн дэмжлэг, итгэлээр батжиж, улам бэхжиж байх ёстой өвөрмөц байгууллага. Аль ч цаг үед улстөрчид АТГ-ыг зэвсгээ болгохыг хүсдэг, өөрсдийг нь болон ах дүү, хамаатан садныг нь шалгаад эхлэхээр татан буулгах гэж дайрдаг. Ах дүү, амраг саднаараа улсын төсөв рүү хомхойрон дайрч, төрийн албанд шургуулдаг. Үүнтэй АТГ тэмцээд ирэхээр дарга удирдлагыг нь огцруулах гэж, байгууллагыг нь татан буулгах гэж улайрдаг. Ийм үйл явцын тод томруун жишээ нь энэ мэт худал мэдээллүүд л дээ. Манайд энэ үзэгдэл бүр тогтчихсон. Бодит хандлага болчихсон. Уг нь бол НҮБ-ын конвенцид нийцүүлж олон улсын өмнө хүлээсэн үүргийнхээ дагуу АТГ-ыг байгуулан ажиллуулж байгаа юм шүү дээ. Гэвч АТГ 12 жилийн түүхэндээ энэ зовлонг хангалттай туулж байна даа.
Авлигачид, улстөрчдийн тэр хүслийн эсрэг иргэд, олон нийт л АТГ-ыг хамгаална. Гадаад улсад авлигатай тэмцэх чиг үүрэгтэй байгууллагуудын олон жишээ бий. Өнгөрсөн жил Индонезид авлигатай тэмцэх байгууллагыг нь татан буулгах гэхэд иргэд нь эсэргүүцлээ илэрхийлж хамгаалсаар авч үлдсэн байдаг. Гэтэл манайд иргэд, олон нийтийн тэр итгэл үнэмшлийг энэ мэт худал гүжир мэдээллүүд саармагжуулж байна шүү дээ. Авлигын талаар мэдэж байсан 1 иргэн Авлигатай тэмцэх газарт итгэхээ болиход цаана нь хууль бус зүйл хийсэн 1 этгээд л хождог болохоос Г.Баасан гуайн яриад байгаа шиг ард түмэн хожно гэж байхгүй.
Энэ мэт худал гүжир мэдээллүүд нь иргэд, олон нийтийн тэр итгэл үнэмшлийг саармагжуулж байгаа нь авлигатай тэмцэх хүслийг унтрааж байна. Гол нь тэдгээр худал мэдээлэл, мэдэгдлүүд улс төрийн өнгө аяс илүүтэй мэдрэгдэж байгааг манай иргэд, олон нийт анхаарч үзээрэй. Тиймээс АТГ-ын дэргэдэх ОНЗ-ийн нэрийг барьж зөвхөн хуулийн дагуу ажиллаж байгаа АТГ-ын үйл ажиллагааг улс төрийн зорилгоор гутаах, зориуд харлуулах, улстөржүүлэх оролдлого бүрээ зогсоогооч гэж хэлье. Авлигын эсрэг хуулийн 16 дугаар зүйлийн 16.2-т “Аливаа албан тушаалтан, хувь хүн, хуулийн этгээд Авлигатай тэмцэх газрын үйл ажиллагаанд нөлөөлөх, хөндлөнгөөс оролцохыг хориглоно” гэж заасан байдгийг анхаарч үзээсэй дээ.
Ярилцсан Г.БАТЗОРИГ