Монгол Улсын Ерөнхийлөгч Малайзын шадар сайдтай уулзаж, Алтантуяагийн амь насыг хохироосон хэрэгт анхаарал хандуулах талаар ярилцлаа

2018 оны 07-р сарын 05 өдөр, 08 цаг 01 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
_MG_9219-1

Гамшгийн эрсдэлийг бууруулах Азийн сайд нарын бага хуралд оролцохоор Монгол Улсад хүрэлцэн ирсэн Малайз улсын Шадар сайд, хатагтай Дато Се Азаза Ван Исмайл өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад бараалхлаа.

Уулзалтын эхэнд, Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга хатагтай Дато Се Азаза Ван Исмайлыг Монгол Улсад тавтай морилохыг хүсээд хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх хүсэлтэй байгаагаа хэллээ. Түүнчлэн Монгол Улсын иргэн Ш.Алтантуяагийн амь насыг Малайз улсад хөнөөсөн хэргийг Малайз улсын Засгийн газраас анхаарч, шүүх байгууллагаар үнэн зөвөөр шийдвэрлүүлэх өндөр хүлээлт үүссэн талаар ярьж, энэ хэрэгт анхаарал хандуулж өгөхийг хүсэв.

Малайз улсын Шадар сайд, хатагтай Дато Се Азаза Ван Исмайл энэ хэрэгт Засгийн газар нь анхаарал тавьж байгаа талаар хэлж, Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгаас өөрийнх нь улсын Ерөнхий сайд Махатар Бин Мохамадад хаягласан захидлын талаар мэдээлэлтэй байгаа гэлээ. Мөн захидалд дурдсанчлан гэмт этгээдүүдийг шүүх, шүүхийн шийдвэрийг хэрэгжүүлэх, талийгаачийн ар гэрийнхний иргэний нэхэмжлэлийг шүүхээр шударгаар шийдвэрлэхэд Засгийн газар нь ихээхэн анхаарал хандуулж байгаа талаар ярив.

Мөн захидал очсоны дараа Малайзын Холбооны Улсын Ерөнхий сайд Махатар Бин Мохамад Ш.Алтантуяагийн аав С.Шаарийбуутай уулзсан, Монгол эсвэл Малайз байхаас үл хамаарч хүн бүр хууль, шүүхийн өмнө тэгш эрхтэй тул хэргийг үнэн зөвөөр шийдвэрлүүлэхэд анхаарал хандуулахаа хэлсэн юм. Мөн хатагтай Дато Се Азаза Ван Исмайл Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын захидлын  хариуг өгөх асуудлаар нутагтаа очоод Ерөнхий сайдтайгаа ярилцана гэлээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Малайзын Холбооны Улсын Ерөнхий сайд Махатир Бин Мохамадад илгээсэн захидал

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх