“Гамшгийн эрсдэлээс урьдчилан сэргийлснээр тогтвортой хөгжлийг хамгаалах нь” сэдвийн дор зохион байгуулж байгаа Гамшгийн эрсдэлийг бууруулах Азийн сайд нарын бага хурал өнөөдөр (2018.07.04) “Шангрила” зочид буудалд Сайд нарын хуралдаанаар үргэлжилж байна. Хурлыг Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин, НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын Гамшгийн эрсдэлийг бууруулах асуудал хариуцсан тусгай төлөөлөгч, НҮБ-ын Гамшгийн эрсдэлийг бууруулах байгууллагын тэргүүн хатагтай Мами Мизутори нар удирдан явуулж байна. Энэхүү хуралдаанаар “Сендайн үйл ажиллагааны хүрээ” баримт бичгийн зорилтуудын хэрэгжилтэд тулгамдаж байгаа асуудлууд, 2016-2018 оны бүсийн төлөвлөгөөний хүрээнд үндэсний болон бүсийн хэмжээнд хийж хэрэгжүүлсэн арга хэмжээ, ололт амжилтын талаар туршлага солилцож, санал бодлоо солилцоно.
Шадар сайд Ө.Энхтүвшин хуралдааныг нээж хэлсэн үгэндээ “Өнөөдөр бид “Сендайн үйл ажиллагааны хүрээ” баримт бичгийн бүс нутгийн хэрэгжилтээс харахад улс орнууд уг баримт бичгийг хэрэгжүүлэх арга замаа тодорхой болгосон, хууль эрхзүйн орчноо боловсронгуй болгох, олон нийтийн мэдлэг ойлголтыг нэмэгдүүлэх, эрсдэлийн мэдрэмжтэй хот төлөвлөлт, дэд бүтцийн бүтээн байгуулалтыг бий болгох, төр, хувийн хэвшлийн түншлэл, салбар хоорондын уялдаа холбоог сайжруулах зэрэг олон арга хэмжээг амжилттай хэрэгжүүлж байгаа. Гэхдээ орон нутгийн түвшинд уг баримт бичгийн ойлголтын зөрүүтэй байдал, гамшгийн эрсдэлийг бууруулах засаглалын болон хөрөнгө санхүүгийн хүрэлцээгүй байдал, мэдээллийн болон түүнийг боловсруулах аргачлал хязгаарлагдмал зэрэг сорилтуудтай тулгарч байна” хэмээн онцоллоо.
Шадар сайд түүнчлэн “Гамшгийн аюул, түүний учруулж буй хор хөнөөл нь дэлхий дахины хөгжлийн өсөлтийг сааруулж байгаа гол хүчин зүйл болж байна. Гамшгийн эрсдэлийг бууруулах, урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны үр дүн нь бүс нутгийн хамтын ажиллагаа, улс орнуудын дэмжлэгээс шууд шалтгаалдаг. Ази, Номхон далайн бүс нутаг, түүний дотор Зүүн хойд Азийн салбар бүс нутаг нь дэлхийн гамшигт хамгийн өртөмтгий бүс нутагт хамаарна. Тус салбар бүс нутагт газар нутгийн талбайн хэмжээ 20.2 сая км2, 1,8 тэрбум гаруй хүн ам амьдарч байна . Түүнчлэн Ази тивд тохиолдож буй байгалийн гамшгийн 40 хувь нь, гамшигт өртөгсдийн 88 хувь нь Зүүн өмнөд болон Зүүн хойд Азид тохиолджээ . Зүүн хойд Азийн улс орнууд нь эдийн засгийн хувьд хүчирхэгжиж байгаа хэдий ч болзошгүй гамшгийн аюул, түүнд өртөх эмзэг байдлаа арилгаж, гамшгийн эрсдэлээ мэдэгдэхүйц бууруулахуйц шаардлага байна гэж үзэж байна. Дэлхий дээр болж байгаа бүх үзэгдлүүд өөр хоорондоо нягт хамааралтай бөгөөд үүний нэг нь дэлхийн дулааралтай холбоотой уур амьсгалын өөрчлөлт, түүнээс үүдсэн гамшгийн эрсдэлүүд юм.Зүүн хойд Азийн гамшгийн эрсдэлийг бууруулах платформыг Монгол Улсад байгуулах санаачилгыг бид дэвшүүлж “Зүүн хойд Азийн аюулгүй байдлын талаарх Улаанбаатарын яриа, хэлэлцээ” олон улсын 4, 5-р бага хурлаар хэлэлцүүллээ. Энэхүү санаачилгыг дэмжиж ажиллахыг та бүхнээс хүсэж байна” хэмээн Сайд нарын хуралдаанд оролцогчдод уриаллаа.
Гамшгийн эрсдэлийг бууруулах Сендайн үйл ажиллагааны хүрээ баримт бичгийг батлахад дэмжиж, тодорхой саналуудыг тусгуулсан орны хувьд Монгол Улсын Засгийн газраас уг баримт бичгийн зорилго, зорилтуудтай уялдуулан хууль эрх зүйн хүрээнд нэлээд их шинэчлэлтүүдийг хийсэн тухайд Шадар сайд Ө.Энхтүвшин мэдэгдлээ. Үүнд, Гамшгаас хамгаалах тухай хууль, Галын аюулгүй байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулыг УИХ-аар шинэчлэн батлуулсан, Гамшгаас хамгаалах тухай хуулийн шинэчилсэн найруулгаар төрийн болон нутгийн захиргааны байгууллага жилийн төсвийн 1.0 хувийг, хувийн хэвшлийн аж ахуйн нэгж жилийн үйлдвэрлэл, үйлчилгээний зардлын 1.5 хувиас доошгүй зардлыг гамшгаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанд зарцуулж байхаар хуульчилсныг дурдав.
Шадар сайд Ө.Энхтүвшин “Гамшгийн эрсдэлийг бууруулах удирдлага, зохицуулалтын механизмыг бүрдүүлэх, бодлогын баримт бичгүүд, дүрэм, журмыг батлах, шинэчлэх чиглэлээр мөн ажиллалаа. Гамшгийн эрсдэлийг бууруулах Сендайн үйл ажиллагааны хүрээг Монгол Улсад хэрэгжүүлэх үндэсний стратегийг Засгийн газар 2017 онд баталлаа. Уг стратегийг төрийн захиргааны болон орон нутгийн байгууллага, шинжлэх ухаан, иргэний нийгмийн байгууллага, иргэд, олон нийт, олон улсын байгууллагуудын түншлэл, хамтын ажиллагаанд суурилан хэрэгжүүлж байна.Мөн гамшгийн эрсдэлийн удирдлагын тогтолцоог бүрдүүлж, улсын хэмжээнд удирдлага, зохион байгуулалтаар хангах үүрэг бүхий Гамшгийн эрсдэлийг бууруулах Үндэсний зөвлөл (платформ), орон нутгийн салбар зөвлөлүүдийг тус тус байгуулан ажиллаж байна. Түүнчлэн гамшгаас хамгаалах удирдлагын тогтолцоонд гамшгийн эрсдэлийн удирдлагын бүтцийг шинээр бий болгосон нь мэдэгдэхүйц үр дүнгээ өгч байна.
Нийгэм эдийн засгийн хөгжлийг даган дэлхийн хүн амын ихэнх хувь нь амьдарч байгаа хот суурин газруудын гамшигт тэсвэртэй байдлыг хангах, барилга, байгууламж, дэд бүтцийг илүү сайжруулан барьж байгуулах, төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг дэмжих, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх нь улс орон бүрийн анхаарах гол асуудлын нэг болж байна. НҮБ-ын Гамшгийн эрсдэлийг бууруулах газраас санаачлан дэлхийн улс орнуудад хэрэгжүүлж байгаа, хот суурин газрын гамшгийн эрсдэлийг бууруулж, тогтвортой хөгжлийг хангах зорилго бүхий “Гамшигт тэсвэртэй аюулгүй, хот” хөдөлгөөнийг Монгол Улс бүрэн дэмжиж бүх аймгийн төв, хотуудаа энэхүү хөдөлгөөнд нэгтгэсэн Азийн анхны орон боллоо.
Гамшгийн эрсдэлийг бууруулах Азийн сайд нарын бага хурлуудаас гарсан санал, зөвлөмж, та бүгдтэй харилцан солилцсон туршлагын хүрээнд бид газар хөдлөлтийн болзошгүй аюулын эрсдэлийг бууруулах, бэлэн байдлыг хангах талаар ихээхэн анхаарч ажиллаж байна. Хамгийн богино хугацаанд хамгийн их хохирол, сөрөг үр дагавар учруулдаг газар хөдлөлтийн эрсдэл өнөөдөр бидний сэтгэлийг ихээхэн түгшээж байна. Газар хөдлөлтийн аюулаас урьдчилан сэргийлэх, гамшгийн эрсдэлийг бууруулах, ард иргэдийн ба улс орны бэлэн байдлыг хангах үйл ажиллагааг улсын хэмжээнд уялдуулан зохицуулж, нэгдсэн удирдлагаар хангах эрх, үүрэг бүхий байнгын ажиллагаатай зөвлөлийг Шадар сайд миний бие удирдан ажилладаг бөгөөд нийслэл болон 12 аймгийн нутаг дэвсгэрийн газар хөдлөлтийн ерөнхий зүй тогтлыг нарийвчлан судалж, газар хөдлөлтийн зураглалыг шинэчилэх, гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийг олон нийтэд хүргэх олон улсын жишигт нийцсэн сүүлийн үеийн дэвшилтэт технологи бүхий “Газар хөдлөлтийн гамшгаас амжиж анхааруулах систем”-ийг байгуулах ажлуудыг амжилттай хэрэгжүүллээ” хэмээн мэдэгдэв.
Тус хуралд гамшгийн удирдлагын эрхэлсэн сайд нар, гишүүн улс орны бага хурлын төлөөлөгчдийн тэргүүн, НҮБ-ын Ерөнхий Ассемблейн ажиглагчийн статустай бусад байгууллагын ахлах түвшний төлөөлөгчид оролцож байгаа юм.Сайд нарын хуралдаанаас гаргасан гамшгийн эрсдэлийг бууруулах чиглэлээр бүс нутгийн болон дэлхийн ард иргэдийн аюулгүй, амар тайван орших нөхцлийг бүрдүүлэх, улс орнуудын тогтвортой хөгжлийг хангах чиглэлээрх санал санаачилгуудыг Азийн сайд нарын бага хурлаас гарах 2018-2020 онд Азийн бүс нутагт хэрэгжүүлэх төлөвлөгөө, “Улаанбаатарын тунхаглал”, Оролцогч талуудын сайн дурын мэдэгдэл баримт бичгүүдэд тусгана гэж Шадар сайдын Ажлын албанаас мэдээллээ.