Олон улсын хүүхдийн Найрамдал цогцолборын 40 жилийн ойн хүрээнд зохион байгуулагдаж буй томоохон ажлуудын нэг бол “МОНГОЛЫН ХҮҮХДҮҮД” хүндэтгэлийн тоглолт юм. Монгол ардын уламжлал, биет бус өвийг тээж, авъяасаа хөгжүүлж яваа хүүхэд, багачууд, тэдэнтэй ажилладаг багш нараа дэмжиж, энэ удаагийн наадмын нэгдсэн тоглолтыг Үндэсний их баяр наадмын хөтөлбөрт оруулж, Монгол улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрын даргын тушаалаар удирдамжийг батлуулан бүх аймаг, нийслэлийн хэмжээнд хүүхийн урлагийн “Яргуй” бага наадам зохион байгуулсан бөгөөд аймаг, нийслэлийн хүүхдийн урлагийн бага наадмаас шалгарсан 800 гаруй хүүхдүүд оролцсон 255 уран бүтээлд Төрийн соёрхолт, урлагийн гавъяат зүтгэлтэн, бүжиг дэглээч С.Сүхбаатараар ахлуулсан шүүгчдийн баг шалгаруулалт хийлээ.
Шалгарсан 370 гаруй хүүхдүүд 2018 оны 07-р сарын 03-наас 10-ны хооронд тус цогцолборт байрлан хүндэтгэлийн тоглолтын бэлтгэл ажилдаа ороод байна. Тоглолт 2018 оны 07 дугаар сарын 09-ний өдөр МҮЭСТО-нд болно.
Үндэсний их баяр наадмын нээлт болох “Монголын хүүхдүүд” хүндэтгэлийн тоглолтод аймаг, нийслэлийн шалгарсан:
1.Бүжгийн төрөлд- 12 аймаг, нийслэлийн 152 хүүхэд, 7 багш
2.Дууны төрөлд- 9 аймаг, нийслэлийн 73 хүүхэд, 1 багш
3.Хөгжмийн төрөлд- 7 аймаг, нийслэлийн 65 хүүхэд, 2 багш
4.Язгуур урлагийн төрөлд-7 аймаг, нийслэлийн 48 хүүхэд, 2 багш
5.Батлах хамгаалахын Их сургуулийн Цэргийн хөгжмийн сургууль, “Тэмүүжин өрлөг” сургууль, Монгол улсын консерватур, Д.Лувсаншаравын нэрэмжит найрал дууны уралдааны тэргүүн байрын эзэд болон улс, олон улсын уралдаан, наадамд түрүүлсэн авъяаслаг багачууд оролцоно.