Баялаг бүтээгчдийг дэмжих холбооны ерөнхийлөгч Ч.Даваабаяртай ярилцахаар Гранд Плазад төвхнөсөн Масс агентлагийн байран дахь ажлын өрөөнд нь зочиллоо. Цаг гаруйн хугацаанд ярилцах зуур тэрбээр баялаг бүтээгчдээ яг одоо л бодитой дэмжихгүй бол үндэсний аюулгүй байдалд ч нөлөөлж мэдэхийг анхааруулаад, харин бодитоор дэмжиж чадвал хөгжил ойрхон байгааг дахин дахин тодотгож байв.
-“Монголын жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдийн нэгдсэн форум-2018” саяхан болж өндөрлөсөн. Хэр үр дүнтэй чуулган болж өндөрлөсөн талаар яриагаа эхлүүлье?
-Монголын эдийн засгийн чуулган энэ жил найм дахь удаагаа зохион байгуулагдлаа. Гэтэл жижиг, дунд үйлдвэр(ЖДҮ), бичил бизнес эрхлэгчдийн асуудлыг тэнд огт ярилгүй найман жил болсон. Тиймээс Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо төрийн ямар ч дэмжлэггүйгээр өөрсдөө санаачлан “Монголын жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдийн нэгдсэн форум-2018”-ыг хийлээ.
Гол зорилго нь Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-д өргөн барьсан байгаа. Гэрэл гэгээтэй, маш сайн хуулийн төсөл болсон байна гээд гишүүд анхны хэлэлцүүлгээр дэмжсэн. Энэ хуулийг хуваарийн дагуу зургадугаар сарын 21, 22-ны УИХ-ын ээлжит чуулганаар хэлэлцэх ёстой байтал ямар ч шалтгаангүйгээр Намрын чуулган хүртэл хойшлуулчихлаа. Ингээд ЖДҮ, үйлчилгээ эрхлэгчдийн аливаа асуудал хойшлоод л байна даа.
Цаг хугацаа ийнхүү хойшилж байх зуур бизнес эрхлэгчид ажилласаар байдаг. Амьдралаа авч явна, үр хүүхдүүдийнхээ сургалтын төлбөрийг төлөхөөс эхлээд улсад татвараа төлж, ажилтнуудаа цалинжуулах гээд маш их үүрэг хариуцлага хүлээчихсэн байдаг. Ийм хүмүүсийн асуудлыг нэг хоног, нэг цагийн өмнө ч гэсэн шийдээсэй гэсэндээ бид чуулган зохион байгуулж, санал зөвлөмжүүдээ төрийн дээд байгууллагуудад хүргүүлсэн. Энэ салбарт 800 гаруй мянган хүн ажиллаж байгаа шүү дээ.
– Энэ удаагийн УИХ, Засгийн газар жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжиж ажиллаж чадаж байна уу?
– Уг нь сонгууль болохоор аль ч нам ялгаагүй ЖДҮ-ийг дэмжинэ л гэж гарч ирдэг. Энэ удаагийн эрх баригч нам Урт хугацаатай, бага хүүтэй зээлээр дэмжинэ, итгэлийн зээл гаргана гэж амалж, гарч ирчихээд эхний хоёр жилд юу ч хийсэнгүй, ЖДҮ-ийн талаар бүр дуугарсан ч үгүй. Яг ийм байдлаар 28 жил явж ирсэн. Сая харин салбарыг дэмжих хуулиа барьж аваад, хэлэлцэх гэж ирснээ Намрын чуулган руу хойшлуулчихлаа.
Жирийн ард иргэдийн төлөө ажиллаж, бидний ажиллах хууль эрх зүйн орчныг сайжруулах ёстой тэр хүмүүс бараг л сүүлийн жил гаруй хугацаанд дотоожны тухай ярилаа шүү дээ. Тийм асуудлыг шөнө хүртэл хэлэлцээд суудаг мөртлөө үүнээс чухал асуудлуудыг хойшлуулж байна.
Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих тухай хуулийг Намрын чуулганаар хэлэлцээд батлах байх л даа. Хэрэгжилт нь 2019 оны нэгдүгээр сараас буюу сонгуулийн өмнөх жил эхэлж таарна. Дахиад л шоудах нь байна. Энэ бол улс төрийн намын шоуны нэг сэдэв биш.
Улстөрчид популизм хийж, тунхаглалын чанартай хууль журам баталдгаа болимоор байна. Цонхны цаанаас ингэж чихэр долоолгосоор ард түмэн чинь туйлдаж дууслаа.
– Монгол Улсын тэргүүлэх эдийн засагчдын анх удаа гаргасан “Монгол Улсын өрийн саарал ном” ширээн дээр тань дэлгээтэй байна. Манай улсын өрийн талаар та ямар байр суурьтай байна вэ?
-Энэ номыг уншаад дотор муухайрч сууна. Монгол Улсын өр 27.4 тэрбум ам.доллар, энэ оны сүүлч гэхэд 30 тэрбум ам.долларт хүрнэ гэж бичсэн байна л даа. Найман настай балчраас 80 настай буурай хүртэлх хүн бүр 24 сая төгрөгийн өртэй байна. Гадагшаа ийм их өртэй. Дотооддоо малчид малчны зээлтэй, ажилчид цалингийн зээлтэй, бизнесийн байууллага бизнесийн зээлтэй, ахмадууд нь тэтгэврийн зээлтэй. Статистикаар 900 мянган иргэн зээлтэй гэсэн тоо байна. Өртэй хүн хэзээ ч сэтгэл тэнүүн явдаггүй.
Одоо гаднаас өр тавьдаг асуудлаа болих хэрэгтэй. Эсвэл олон нийтийн кампанит ажил өрнүүлж, бүх өрөө дараад, дотоодын үйлдвэрлэгчдээ дэмжвэл эдийн засаг аяндаа өндийгөөд л ирнэ.
“БАЯЛАГ БҮТЭЭГЧИД ТАТВАРЫН ТААТАЙ ОРЧИН БҮРДҮҮЛЖ ӨГӨХИЙГ Л ХҮСЧ БАЙНА”
– Яг ЖДҮ эрхлэгчдийг дэмжихэд чиглэсэн ААНОАТ-ын тухай хуулийн төслийг УИХ буцаасан. Уг нь энэ хууль батлагдсанаар жижиг, дунд бизнес эрхлэгчдэд эдийн засгийн эрх чөлөө бий болно гэж үзээд байгаа шүү дээ. Үнэхээр эдийн засгийн эрх чөлөө олгохуйц хууль болж чадсан гэж та бодож байна уу?
– Энэ хуулиуд УИХ-аар хэлэлцэгдэх гэж байсантай холбогдуулаад л бид чуулга уулзалт, форумаа хийгээд байгаа юм шүү дээ. Баялаг бүтээгчдийг дэмжих холбооны 21 аймаг, есөн дүүргийн салбар зөвлөлийн гишүүд бүгд цуглаад, нэгдсэн санал дүгнэлтээ гаргаж, зөвлөмжөө бүх яам, тамгын газар болон УИХ-д хүргүүлсэн. Манай холбоо 100 гаруй мянган гишүүд дэмжигчидтэй. Орон нутгаас өөрсдөө зардал чирэгдэл болж, 2-3 удаа энд ирж хуралдаж байгаагийн гол ач холбогдол нь л тэр.
Татварын таатай орчныг бүрдүүлээд өгөөч ээ л гэж баялаг бүтээгчид хүсээд байгаа юм. Шинэ хуулийн төсөлд тусгаснаар 200 хүртэлх ажилтантай, 2.5 тэрбум төгрөгийн жилийн орлоготой бол ЖДҮ-д хамаарч буй. 1-9 ажилтантай бол бичил, 10-50 хүнтэй бол жижиг, 50-200 хүртэл ажилтантай нь дунд үйлдвэрлэгч гэж ангилдаг. Энэ салбарт хамаарах үйлдвэрлэл эрхлэгчдийг жилд 1 хувийн татвар төлдөг, 1 л удаа тайлан гаргадаг болгоод өгөөч л гэж байгаа. Яагаад гэвэл бичил салбарт ажиллаж, эсвэл өрхийн үйлдвэрлэл эрхэлж, ганцхан хүнийг цалинжуулж байгаа хүмүүс 14 мянган хүн ажиллуулдаг “Оюутолгой” шиг татвар төлж, жилд дөрвөн тайлан гаргамааргүй байна шүү дээ. Ийм л хуулийн төслийг баялаг бүтээгчид дэмжсэн. Гэтэл манай салбарын асуудлыг хойш тавиад байгааг гайхаж байна.
-Бидний саяын ярианаас жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийг төрөөс ер нь огт дэмжихгүй байгаа мэт ойлголт төрөхөөр байна. Гэтэл энэ салбарт тодорхой хэмжээний мөнгө тусгаад, иргэдэд санхүүжилт олгоод, зарим хүн үр дүнг нь үзээд явж байгааг үгүйсгэхгүй байх. Одоо чухам ямар дэмжлэг хэрэгтэй байгааг та тодорхой ярихгүй юу?
-Сүүлийн 2-3 жилд ББСБ борооны дараах мөөг шиг олширлоо. Монгол Улсад 500 гаруй ББСБ үйлчилж байна. Хүү нь ямар өндөр билээ. Цаана нь арилжааны банкууд дэлхийд байхгүй өндөр хүүгээр ард иргэддээ үйлчилдэг. Тэгсэн хэрнээ арилжааны зарчмаар, зах зээлийн хуулиараа явахгүй, төрөөс дэмжлэг авдаг. Банкийг дахин хөрөнгөжүүлэх тухай хуулийн талаар намын бүлэг хаалттай хуралдлаа л гээд байна. Арилжааны банкууд төрөөр 500 тэрбум төгрөгийн асуудлаа шийдүүлээд байхад хөдөлмөрийн насны хүн амын тал хувь нь ажилладаг ЖДҮ-ийн салбар хуулиа ч батлуулж чадахгүй явна.
Ингэж алагчилж болохгүй. Би гурван хүүхэдтэй айлын эцэг байлаа гэж бодоход том хүүгээ айхтар том лобби хийж дэмжээд, дунд хүүгээ дундаж байдлаар дэмжээд бага хүүгээ харж үзэхгүй хаяж болохгүй биз дээ. Үүнтэй адил Монгол Улсын иргэд бүгд л Үндсэн хуулиар олгогдсон тэгш эрхээ эдлэх хэрэгтэй. Гэтэл салбаруудаа алагчилж, жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдэд хойд эцэг шиг хандаж байна.
ЖДҮ-ийг хөгжүүлэх санг бодлогын яаманд харьяалуулах нь зүйтэй
Ер нь энэ салбарыг дэмжиж байгаа нь энэ гээд зээл олгочихоор л болчихож байгаа хэрэг биш л дээ. Зээлээ олгохдоо ч учир дутагдалтай зүйл цөөнгүй бий. Тухайлбал, иргэдэд хүссэн зээлээс нь бага мөнгө өгчихөөд илүү их үр дүн хүлээдэг. Жишээ дурдвал, 15 сая төгрөг зээлээд тоног төхөөрөмж авч, үйлдвэрлэлээ өргөжүүлэх гэсэн юм гээд хандахаар таван сая төгрөг өгчихдөг. Тэгэхээр нөгөө хүн үлдсэн 10 сая төгрөгөө олох гэж толгойгоо гашилгах хооронд Цагаан сар болдог ч юм уу, ямар нэгэн хэрэгцээ гараад мөнгө нь хорогддог. Монголын бодит амьдрал ийм л байгаа.
Харин 15 сая төгрөгийг яг юунд хэрэглэх гэж байгааг нь тухайн үед нь сайн судалж үзээд, бодитой байвал хүссэн мөнгийг нь шууд өгчихдөг байх хэрэгтэй. Үгүй бол хүссэн зээлээ авч чадаагүй хүн төлөвлөсөн ажлаа хийсэн ч юмгүй эргээд өөрөө өрөнд орж буй тохиолдол бишгүй байна. тэр нь яваандаа шүүхийн хаалга татахад хүргэх жишээтэй.
-Түүнээс гадна танил талаараа зээл авчихдаг гэсэн явган шүүмжлэл иргэдийн дунд байнга явдаг. Зээл яагаад нүдээ олж чаддаггүй юм бэ?
-Үнэн хэрэгтээ хэсэг бүлэг этгээд ар өврийн хаалгаар ЖДҮ-ийг хөгжүүлэх сангийн мөнгийг авдгийг үгүйсгэхгүй. Тэр дундаа яамныхан энэ сангаас олгож байгаа зээлийн 10 хувийг нь авч, том зээл гаргаж өгдөг гэсэн хардлага байнга яригдаж, хэл ам дагуулдаг. Үлдсэн жаахан мөнгийг нь бичил бизнес эрхлэгчдэд хуваагаад өгдөг. Улмаар дээрх жишээний адил жижиг зээлдэгчдийг өрөнд оруулаад, өөрсдөө цэвэрхэн үлдчихэж байх жишээтэй.
Хөндлөнгийн хяналт алга. Үзэмжээр шийдэж байна. Төсөл сонгон шалгаруулалт дээр мэргэжлийн хүмүүс ажиллаж байгаа эсэх нь эргэлзээтэй байна. Ийм завхарсан бодлого төрийн дунд шатанд яваад байгааг халах шаардлага зайлшгүй бий. Энэ байдлыг журмаар засах ёстой. Сайн хууль гарсан ч журам нь муу гараад ирэхээр хэрэгжилтэн дээр гажуудал гарч, иймэрхүү нөхцөл байдлыг үүсгэж байгаа юм. Би төрийн албыг тэр чигт нь муу хэлэхгүй. Гэхдээ энэ мэт саар зүйл байсаар байгааг нуух аргагүй.
Уг нь ЖДҮ-ийг хөгжүүлэх сангийн мөнгийг чиг үүргийн 3-4 яамаар дамжуулан олгох бус, бодлогын яамдад харьяалуулах нь зүйтэй л дээ. Олон улсын туршлагаас харахад Засгийн газар эсвэл Ерөнхийлөгч нь дэргэдээ энэ асуудлыг хариуцсан томоохон зөвлөлтэй, түүгээрээ дамжуулан бодлогоор дэмжээд явдаг юм билээ.
Нөгөө талаар, монгол хүмүүст үндэсний үзэл чухал байна. Ялангуяа, төрийн байгууллагад ажиллаж байгаа хүмүүст үндэсний үзэл гэдэг том шалгуурыг тавимаар санагддаг. Тэгж байж тэр мэргэжилтэн үндэсний үйлдвэрлэгч компаниудыг дэмждэг болно. Импортыг орлох бараа бүтээгдэхүүнийг үйлдвэрлэдэг, гадаадаас валют оруулж ирж байгаа компаниудыг дэмждэг хүмүүс олон болбол хөгжил ойрхон байгаа.
-Банкуудыг талаар дахиад ярья л даа. Банкуудыг дахин санхүүжүүлнэ гэж яригдаад байгаа тэр 500 тэрбум төгрөгийг хэрэв ЖДҮ-ийг дэмжихэд зарцуулбал хэчнээн төсөл хэрэгжүүлэх боломжтой вэ?
-Энэ жил 1000 гаруй төсөл ирснээс сонгон шалгаруулах 13 зүйлийн 38 шаардлагыг 498 нь хангаж, тэнцсэн байсан. Хэрэв үнэн зөв шалгаруулсан бол 50 хувь нь хэрэгжих боломжтой гэж үзсэн гэсэн үг. Эдгээр төсөлд нэг их наяд төгрөг шаардлагатай ч энэ жил 70 тэрбумыг хуваагаад олгож байгаа гэсэн.
Нэг их наяд биш юм гэхэд тэр 500 тэрбум төгрөгөөр дэмжих боломжтой. Ер нь 498 төслийг санхүүжүүлэх мөнгийг босгоё гэж хүсвэл банкуудын зээлээр төслүүдийг санхүүжүүлээд, хүүгийн зөрүүг нь төр төлөх аргачлал байна. Арилжааны банк, Төрийн банк болон Хөгжлийн банкны эх үүсвэрээр санхүүжүүлээд шаардлага хангасан бүх төслөө хэрэгжүүлэх боломжтой. Ингэвэл 500 ЖДҮ босоод ирнэ гэсэн үг. Төсөл хэрэгжүүлэгчид үндсэн зээлээ банкиндаа төлөөд хүүгийн зөрүүг нь улсаас төлнө. Улсаас төлөх хүүгийн энэ зөрүү нь 2018 онд ЖДҮ-ийг дэмжих сангаар олгохоор төсөвлөсөн тэр 70 тэрбум төгрөгтэй бараг дүйцэхээр байгаа юм. Харин ингэж дэмжсэн тохиолдолд хяналтыг нь сайн тавьж, зориулалтын бусаар зарцуулсан байвал хатуу хариуцлага хүлээлгэх ёстой. Иймэрхүү зохицуулалт хийх боломжтой. Бодлого л дутаад байна даа.
-Арилжааны банкууд эдийн засгийн хямралтай жилүүдэд жижиг, дунд бизнес эрхлэгчдэд нүүр өгөөгүй гэх шүүмжлэлийг хэд хэдэн хүний амнаас сонссон. Үнэхээр банкууд хүнд үед нүүр буруулсан гэж та бодож байна уу?
-Яг үнэн. Эдийн засгийн хүндрэл 2014 оноос эхлээд одоо ч үргэлжилж л байна. Энэ хүнд үед банкууд бизнес эрхлэгчдийг дэмжээгүй. Харин эсрэгээрээ зээлүүдээ хязгаарлаж, зарим банк бүр хаасан. Тийм байж одоо төрөөс дэмжлэг авч байгааг гайхаад байгаа юм.
Үүний ард мөнгө хүүлдэг бизнес цэцэглэж, ББСБ, ломбардууд олноор бий болсон. Гэтэл яагаад нэмүү өртөг шингэсэн, ажлын байр бий болгосон, улсад татвар төлж байгаа жижиг, дунд үйлдвэрийн салбар хөгжихгүй байна вэ.
ЖДҮ эрлэгчдийн тоо 50 хувь буурсан. Уг нь бүртгэлтэй 155 мянган ААН-тэй гэсэн тоо бий. Идэвхтэй үйл ажиллагаа явуулж байгаа нь 78,500 байна. Үүнээс 86 хувь буюу 67,600 нь жижиг, дунд үйлдвэрлэгчид хамаарч буй. Энэ дундаас 50 сая төгрөгийн орлоготой ААН 40,500 байгаа юм, 2018 оны статистикаар.
Эдгээр ААН 20 хувь буюу жилд 10 сая төгрөгийн татвар төлж, татварын хүнд ачааг үүрч буй. Тийм учраас л мөнгө хүүлдэг, импортын барааны худалдаачид, уул уурхай ухдаг буюу баялаг бүтээдэггүй салбарууд нь хөгжөөд, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, ажлын байр бий болгож, улсдаа татвар төлж байгаа 800 мянган хүнийг хамарсан салбар хумигдаад байна шүү дээ.
Чинээлэг дундаж давхаргын тоог нэмэгдүүлэх боломж харагдаад байна.
Одоохондоо манай улс уул уурхайгаар эдийн засгаа торгоогоод, болоод байна гэж үзээд байх шиг байна л даа. Гэтэл бид ирээдүй, үр хүүхдэдээ ухсан уулнаас өөр юмгүй улс орон үлдээх юм уу. Асар их хэмжээний өр үлдээчихээд, бидний үр хойч төлчихнө гээд ичих ч үгүй сууж байх уу, үгүй. Харин баялаг бүтээж буй ЖДҮ-ийн салбаруудаа босгох цаг одоо ирчихээд байна.
-Энэ байдлыг засаж, баялаг бүтээгчдийн бизнесийг өргөжүүлж, ажлын байрыг нэмэгдүүлэхэд яг одоо юу дутагдаж байна?
-Бидний шаардлага бол бүх зүйлийг нээлттэй байлгах. Тендер, төсөл сонгон шалгаруулалт шударга явагдаж байна уу, үгүй юү, мэргэжлийн байгууллага орж байна уу, зээл өгсөн бол ямар байгууллагад хэчнээн төгрөгийн зээл олгосон зэргээ Шилэн дансны хуулийн дагуу нээлттэй мэдээлэх хэрэгтэй. Аливаа зүйл хаалттай байх тусмаа л хардлага төрүүлдэг.
Жишээ нь, манайд нэг яамны 2-3 мэргэжилтэн, хэдэн гишүүнтэй нь мэдэгдэхгүй нэг ТББ бидний асуудлыг шийдээд сууж байна. Энэ тогтолцоог өөрчлөхийн төлөө хийж болох бүх л зүйлийг хийж байна. УИХ-д хүргүүлсэн зөвлөмждөө бидний төлөө ажилладаг лобби бүлэгтэй болгож өгөхийг хүртэл хүссэн. Том банк, томоохон ААН-үүд төрд өөрсдийн лобби бүлэгтэй байж, хууль эрх зүйг нааштай шийдүүлсээр ирсэн нь үнэн. Харин манай салбар өнгөрсөн 28 жил УИХ-д лобби бүлэггүй л явж ирсэн. Бүхэл бүтэн 800 мянган хүний эрх ашгийг хамгаалсан лобби бүлэг байж яагаад болохгүй гэж.
“АТАРЫН АЯН” ШИГ “ҮНДЭСНИЙ ҮЙЛДВЭРЛЭЛИЙГ ДЭМЖИХ АЯН” ӨРНҮҮЛМЭЭР БАЙНА
-Та ЖДҮ-ийг төрийн бодлогоор дэмжих эрх зүйн орчныг судалж, докторын зэрэг хамгаалсан гэсэн. Олон улсын туршлагаар яг ийм үед салбараа хэрхэн дэмждэг юм бэ?
-ЖДҮ-ийн салбар эдийн засгийн хямрал, элдэв байгалийн гамшигт хамгийн амархан өртдөг, эмзэг салбар учраас гадаад орнууд төрийн бодлогоор хамгаалдаг. Тухайлбал, Сингапур улс Үндсэн хуульдаа ЖДҮ-лэгчдээ төрийн бодлогоор хамгаална гээд заачихсан. АНУ худалдан авалтынхаа 23-оос доошгүй хувийг энэ салбараас авна гэж хуульчилсан байдаг. БНХАУ 2018 он гэхэд чинээлэг дундаж давхаргын хүн амаа 60 саяд хүргэх зорилтоо дээд хэмжээний чуулга уулзалтын үеэр дэлхийд зарласан. Өдгөө сард нэг сая хүнийг дундаж давхаргад оруулаад явж байгаагаа тогтмол мэдээлж байна. Ихэнх нь ХАА, МАА, газар тариалан эрхэлдэг, манайхаар бол суманд өрхийн үйлдвэрлэл эрхэлдэг хүмүүс шүү дээ.
Улс орнуудын амжилттай хөгжиж байгаа туршлага нүдний өмнө өрнөж байна. Гэтэл Монгол Улс бүх зүйл дээр хоёр хуваагдчихсан. УИХ нь хоорондоо хуваагдчихсан, МАН 32, 32 гэж талцаад, Засгийн газар нь жил жилээр нэгнээ түлхэж унагаадаг боллоо. Энэ болгоны цаана улсын татварыг бүрдүүлж байгаа баялаг бүтээгчид л хохирч байдаг. “Солигдсон шинэ дарга шинэ шүүрээр шүүрдэнэ” гэж Орос ардын үг байдаг. Нэг дарга байсан бол өөр дарга ирдэг. Мэргэжилтэн нь хүртэл солигддог. Бүх ажил дахиад л эхнээсээ явах хэрэгтэй болдог. Ийм байдлаа одоо эцэслэе.
Массыг хамарсан энэ том салбараа дэмжсэн шиг дэмжмээр байна. Бүр “Атарын аян” шиг “Үндэсний үйлдвэрлэлийг дэмжих аян” өрнүүлмээр байна. Дөрвөн жилээр бодлогоо гаргаад, төр жижиг, дунд үйлдвэрлэгчдээс худалдан авалт хийдэг ч юм уу. Үдийн хоол, сургууль, цэцэрлэгийн сандал ширээнээс авахуулаад олон бараа, үйлчилгээ авах боломжтой. Төрийн тэргүүн, өндөр албан тушаалтнууд хүртэл гадагшаа айлчлахдаа дотоодын үйлдвэрлэгчдийн бэлгийг авч явж, өөрийн үйлдвэрийн хувцас өмсдөг байх ч юм уу. Монгол Улсаа төлөөлөн гадаад орнуудаа суугаа ЭСЯ-ууд үндэсний үйлдвэрлэлээ сурталчлах үүрэгтэй. Тэр үүрэгт ажлыг нь сайн хийлгэмээр байна. Төрөөс гадна үндэсний томоохон ААН-үүд ЖДҮ-ийг дэмжиж, худалдан авалт хийх ёстой. Ийм ч учраас бид ТОП 100 аж ахуйн нэгж рүү албан бичгээр саналаа явуулчихаад байгаа. Энэ бол кластерийн систем юм. Маш том дэмжлэг болно.
Түүнээс гадна KIA motors, Sony, Benz шиг Монголын нэг том толгой бренд бий болгочихвол тэр үйлдвэрт бараа үйлчилгээ нийлүүлдэг 4-5 мянган ЖДҮ тогтмол ажилтай болно. Энэ жишээ бол жинхэнэ шилдэг үйлдвэрлэлийн кластерийн систем.
Дараагийн том худалдан авагч иргэд байна. Үндэсний үйлдвэрлэлээрээ “амьсгалах” хэрэгтэй. Ингэж ажиллах Засгийн газар гарч ирвэл хоёр гараа өргөөд л дэмжмээр байна. Чинээлэг дундаж давхаргын тоог нэмэгдүүлэх боломж уг нь харагдаад байна.
-Иргэд дотоодын үйлдвэрлэлийн бараа, бүтээгдэхүүнийг худалдан авах, дэмжих хүсэлтэй байдаг. Гэвч өндөр үнэтэй байна гэж шүүмжилдэг. Энэ тал дээр та ямар байр суурь илэрхийлэх вэ?
-Саяын ярьсанчлан алсыг харсан урт хугацааны ийм борлуулалтын бодлогоор дэмжвэл жижиг, дунд бизнес эрхлэгчид үйлдвэрлэлээ томсгож, үйл ажиллагаагаа өргөжүүлнэ, хөрөнгө оруулалтаа нэмнэ. Тэгж байж бүтээгдэхүүнээ олон тоогоор үйлдвэрлэж, үнэ буурна.
-Та өнгөрсөн гурван жилийн турш ЖДҮ эрхлэгчдийн дуу хоолой болж, чамгүй ажил хийсэн. “Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо”-г байгуулснаас хойших энэ хугацаанд гарсан үр дүнг базаад дүгнэвэл ямар өөрчлөлтүүд гарсан байна вэ?
-Төр засгийн дэмжлэг маруухан, үйлдвэрлэгчдийн дуу хоолой тэр бүр хүрдэггүй жижиг, дунд бизнес эрхлэгчдийг дэмжихээр шийдэж, нийгмийн хариуцлагынхаа хүрээнд манай Масс агентлаг 2015 оноос хөдөө орон нутгийн 100, Улаанбаатар хотын 100 ЖДҮ-г нийгэмд үнэгүй сурталчилсан нь маш үр дүнтэй болсон. Анх хөдөө орон нутгаар явахад нэвтрүүлэгт орохгүй зугтдаг байсан өрхийн бичил үйлдвэрлэгчид нэвтрүүлэг гарсны дараа бүгд бидэн рүү холбогдож, баярласнаа хэлсэн. Нэвтрүүлэгт орсноор сум орон нутагтаа төдийгүй ойролцоох сумддаа танигдаж, нийслэлээс хүртэл бүтээгдэхүүнийг захиалж, зарим нь ярьж урам өгөх зэргээр ажилд нь маш том дэмжлэг болсон.
Тэр хүн гэртээ үйлдвэрлэл явуулаад байгааг хажуу айл нь хүртэл мэддэггүй юм билээ. Тэгсэн хажуу сумаас нь хүмүүс ирж, туршлага судлах зэргээр үйлдвэрлэл эрхлэх сэдэлтэй болсон. Борлуулалт нь нэмэгдэж, олон бичил үйлдвэрлэгч бизнесээ өргөжүүлсэн. Өмнө нь Эрээнд очиж, худалдаа хийдэг байсан бол одоо Гуанжуд очиж, тоног төхөөрөмж судалж, үзэсгэлэнд оролцож, үйл ажиллагаагаа тэлэхээр ажиллах болсон байна. Тэндээс тоног төхөөрөмж аваад, бүтээгдэхүүнээ олноор үйлдвэрлэдэг болж байна. Монголчууд ч үндэсний үйлдвэрлэлээ дэмжих сэдэлтэй болж. Би хавар Гуанжу яваад ирсэн. Үнэхээр өөр болсон байна билээ. Манайхан худалдаа хийхээсээ илүү “Үйлдвэрлэе” гэдэг сэтгэлгээтэй болсон нь тод харагдсан. Энийг л төр татварын болон цогц бодлогоор дэмжээд өгчихмөөр байна.
Одоо байгаа импортын барааны 5 хувийн татварыг 18-19 хувь хүртэл өсгөх боломжтой.
Тухайлбал, Эрээний оймс 500 төгрөгөөр аваад нэг сар болоод урагдаж байхад монгол оймс 1000 төгрөгөөр авбал хавьгүй эдэлгээтэй шүү дээ. Лангуун дээрх бараа чанарын ийм ялгаатай ч хүмүүс хэтэвчин дэх мөнгөндөө тохируулаад сонголтоо хийх нь аргагүй. Ийм тохиолдолд нэгэнт Монголдоо үйлдвэрлэж чадаж байгаа бүтээгдэхүүний импортын татварыг өсгөх замаар дэмжээд өгөх хэрэгтэй шүү дээ. Одоо импортын барааны татвар 5 хувь. Монгол Улс Олон улсын худалдааны конвенцид нэгдсэн байдаг ч татварын энэ хэмжээг 18-19 хувь хүртэл өсгөх боломж нээлттэй.
Ингэж дэмжиж, хөл дээр нь босгосныхоо дараа чанар стандартын шаардлагаа тавьж, бүх ААН-ээс татварыг нь авдаг, урамшуулдаг системээ боловсруулаад явбал сайхан амьдрах боломж бидэнд байна.
ЖДҮ-ийг дэмжихэд хэвлэл мэдээллийн салбарын оролцоо маш үр дүнтэй болох нь бидний өнгөрсөн гурван жилд хийсэн ажлаас харагдсан. Хэрэв дөрөв дэх засаглал болсон хэвлэл мэдээллийн байгууллагууд эдийн засгийн хямралтай энэ үед ЖДҮ эрхлэгчдийг үнэ төлбөргүй сурталчлаад өгвөл ямар мундаг бүтээгдэхүүнүүд үйлдвэрлэж байгааг иргэд таньж мэдсэний дүнд борлуулалт нэмэгдэж, тэр хэрээрээ үйлдвэрлэл тэлэх боломж олгох юм. Ингэж дэмжиж ажиллаж байгаа хэвлэл мэдээллийн байгууллагуудыг төр татвараас нь чөлөөлөх, хөнгөлөх зэргээр дэмжээд өгөх хэрэгтэй. Ингэж уялдаатай ажиллах замаар дэмжих боломж олон байна. Энэ саналаа ч бид УИХ, Засгийн газарт хүргүүлсэн зөвлөмждөө багтаасан байгаа.
Мөн орон нутгийн үйлдвэрлэгчдийн төлсөн татвар орон нутгийн төсөвт нь орохгүй байгаа нэг асуудал бий. Үүнээс болоод нутаг орон нь үйлдвэрлэгчдээ чадах зүйлээрээ дэмжих нөхцөл хомс байгаа зэрэг хуучин системд өөрчлөлт хийх зүйл цөөнгүй байгаа. Бидний зүгээс чадах бүхнээ л хийж байна даа.