“Их Түмэн Санаачилга” хөтөлбөр (GTI)-ийн Зөвлөлдөх комиссийн 18 дугаар уулзалт 6 дугаар сарын 21, 22-ны өдрүүдэд Монгол Улсад анх удаа зохион байгуулж байна. 18 дугаар уулзалтад хөтөлбөрийн гишүүн орнууд болох Монгол Улс, ОХУ, БНХАУ, БНСУ-ын Сангийн яам, Худалдаа, эдийн засгийн яам, Эксим банкуудын удирдах албан тушаалтан, орон нутгийн засаг захиргааны нэгжийн удирдлагууд, судалгааны байгууллагын төлөөлөл нийт 100 гаруй хүн оролцож байгаа юм. Өнөөдөр нээлтээ хийсэн Зөвлөлдөх уулзалт бүхэлдээ Зүүн хойд Азийн эдийн засгийн хамтын ажиллагааг бэхжүүлэх, тэргүүлэх чиглэл болон цаашдын үйл ажиллагааны төлөвлөгөөгөө тодорхойлоход чиглэнэ.
Уулзалтын үеэр Монгол Улсын Сангийн яам, Хөгжлийн банкнаас хөгжлийн тэргүүлэх чиглэлийн хөтөлбөрүүдээ танилцуулж, санхүүгийн хамтын ажиллагааны талаар дээд хэмжээний хэлэлцүүлэг өрнүүллээ. Тэр дундаа хөдөө аж ахуй, уул уурхайн салбарын хөрөнгө оруулалт, санхүүжилтийн боломжийн талаар хэлэлцэж байгааг онцлон тэмдэглэх нь зүйтэй. Энэ ч үүднээс ХХААХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Энхбат “Их түмэн санаачилга” хөтөлбөрийн Зөвлөлдөх комиссийн уулзалтад урилгаар оролцож, тус яамны Газар тариалангийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар (ГТБХЗГ)-ын дарга Ц.Болорчулуун салбар хуралдаанд илтгэл хэлэлцүүлсэн юм.
ХХААХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Энхбат
ХХААХҮЯ-ны Газар тариалангийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Ц.Болорчулуун
ХХААХҮЯ-ны зүгээс, хөрөнгө оруулалт татах, хамтран ажиллах боломж эрэлхийлж, хүнс, газар тариалан, хөнгөн үйлдвэрийн салбар, малчдад чиглэсэн, тэргүүн ээлжинд хэрэгжүүлэхээр төлөвлөж буй төслүүдээ ОХУ, БНХАУ, БНСУ-ын санхүүгийн төлөөлөгчдөд танилцууллаа.
Тухайлбал, Газар тариалангийн салбарын үйлдвэрлэлийг тогтворжуулах хүрээнд ойрын 2-5 жилд хугацаанд “Тариалангийн бүс нутагт түшиглэн сүүний үхрийн эрчимжсэн аж ахуй байгуулах”, “Өвлийн хүлэмжийн аж ахуй”, “Төмс, хүнсний ногоо, жимс жимсгэнэ, махны хадгалалт, борлуулалтын цогцолбор”, “Усалгаатай тариаланг хөгжүүлэх”, “Тариалангийн талбайд ойн зурвас байгуулах” төслийг тус тус хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. Эдгээр төслийг хэрэгжүүлэхэд 207 сая ам.доллар шаардлагатай гэдгийг ХХААХҮЯ-ны ГТБХЗГ-ын дарга Ц.Болорчулуун илтгэлдээ дурдсан.
ХХААХҮЯ-ны Хүнсний үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Т.Гантогтох, Хөнгөн үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Батхүү
Мөн мах, сүү боловсруулах үйлдвэрлэлд суурилсан кластер төслүүд, ноолууран бүтээгдэхүүний өрсөлдөх чадварыг дээшлүүлж, боловсруулалтын түвшинг 60 хувьд хүргэх, жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн эх үүсвэрийг нэмэгдүүлэх зорилготой төслийг хэрэгжүүлэхээр ажиллаж байна. Түүнчлэн хөдөө, орон нутгийн 5000 өрхийг амины орон сууцаар хангах төслийг 2019-2025 онд Монгол Улсын найман аймагт хэрэгжүүлэхэд дэмжлэг хэрэгтэй байгааг гурван улсын Сангийн яам болон Худалдаа, эдийн засгийн яамд, Эксим банкуудын төлөөлөл болон холбогдох бусад албаныханд мэдээлсэн юм.
Уулзалтын төлөөлөгчид
“Их түмэн санаачилга хөтөлбөр” нь Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хөгжлийн хөтөлбөрийн дэмжлэгтэйгээр 1995 онд байгуулагдсан Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны механизм юм. Монгол Улс, ОХУ, БНХАУ, БНСУ зэрэг орны эдийн засгийн хамтын ажиллагааны суурь болж, Зүүн Хойд Азийн бүс нутгийн энх тайван, тогтвортой байдал, эдийн засгийн хөгжилд хувь нэмэр оруулах зорилгоор үйл ажиллагаагаа явуулж байна.