Монгол Улсын Ерөнхий сайдын Дорноговь аймаг дахь албан томилолт Замын-Үүд суманд үргэлжиллээ. Бүс нутгийн логистикийн төвийн барилгын ажлын явц, Хилийн цогцолборын үйл ажиллагаа, Замын-Үүдийн эдийн засгийн чөлөөт бүсийг хөгжүүлэх ажилтай газар дээр нь танилцаж, сумын иргэдтэй уулзалт хийж, 15 МВт-ийн “Гэгээн” нарны цахилгаан станцыг ашиглалтад оруулах нээлтийн ёслолд оролцов.
15 МВт-ийн Гэгээн нарны цахилгаан станц нь Замын-Үүд сумын гуравдугаар багт 40 га талбайг хамарч байна.
Японы Шигемицү Шожи болон Шарп корпораци, Монголын “Эрчим тээг” компанийн хөрөнгө оруулалтаар “Наран тээг” компани барилга угсралтыг нь хийж гүйцэтгэн ашиглалтад хүлээлгэн өглөө. Гэгээн станц жилдээ 32 сая кВт эрчим хүч үйлдвэрлэх хүчин чадалтай, манай орны эрс тэс цаг агаарын нөхцөлд тэсвэртэй хамгийн сүүлийн үеийн технологиор бүтээгджээ. Энэхүү дулааны цахилгаан станц ашиглалтад орсноор агаарт тархаж буй хүлэмжийн хийг 834 мянган тонноор бууруулж, 27 мянган тонн нүүрс, 202 мянган тонн усны хэрэглээг хэмнэх зэрэг байгаль орчинд ээлтэй, Замын-Үүд сумын иргэдэд үр өгөөжөө хүртээх бүтээн байгуулалт болжээ. 2030 он гэхэд нийт цахилгаан эрчим хүчний үйлдвэрлэлийн 30 хувийг сэргээгдэх эрчим хүчээр хангах Монгол Улсын Засгийн газрын зорилтод бодитой хувь нэмэр оруулна гэв. Санхүү эдийн засгийн хувьд шинээр байнгын 20 ажлын байр бий болж, 25 жилийн дотор 37,11 тэрбум төгрөгийн орлогыг улсын төсөвт оруулахаар тооцоолсон байна.
Сайншандын аж үйлдвэрийн парк, Замын-Үүд эдийн засгийн чөлөөт бүс болон уул уурхайн томоохон төслүүд хэрэгжих бүс нутгийн хэмжээнд эрс нэмэгдэж буй цахилгаан эрчим хүчний хэрэглээг ханган, цаашид нэгдсэн сүлжээний тогтвортой, найдвартай үйл ажиллагааг дээшлүүлнэ. Багануур, Замын-Үүд чиглэлийн эрчим хүчний шугамын ачааллыг хөнгөлж, системийн хувьд хэвийн үйл ажиллагаа явуулах боломжийг бүрдүүлж, алдагдлыг бууруулах юм.
Бүс нутгийн логистикийн төвийн барилга угсралт 85 хувийн гүйцэтгэлтэй байна
Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх танхимын гишүүдийн хамтаар Замын-Үүд суманд баригдаж буй “Бүс нутгийн логистикийн төв”-ийн барилга, угсралтын ажлын явцтай танилцлаа. Ажлын гүйцэтгэл батлагдсан хуваарийн дагуу хийгдэж, 85 хувийн ажлын гүйцэтгэлтэй, энэ оны арван нэгдүгээр сард ашиглалтад оруулахаар төлөвлөжээ. Нийт 71.64 сая ам.долларын төсөвт өртөгтэйгөөс 45 сая ам.долларын хөрөнгө оруулалтыг АХБ-аас Монгол Улсын Засгийн газартай хийсэн гэрээний дагуу хөнгөлөлттэй зээл, буцалтгүй тусламжийн хүрээнд санхүүжүүлэн ажиллаж байна.
Бүс нутгийн логистикийн төв нь Замын-Үүд сумын баруун урд хэсэгт 128 га талбайд баригдаж байна. Чингэлэг хүнд даацын агуулахын гурван бүс, 50-70 тонны даацтай гүүрэн өргөгч, механизмын засварын төв, төмөр замын өргөн болон нарийн царигийн ачилт буулгалтын 11.5 км төмөр зам, логистикийн төв рүү орох гарах төмөр замтай хоёр түвшинд огтлолцох хүнд даацын тээврийн хэрэгсэл явах боломжтой гүүрэн байгууламж 1.6 км авто зам, газар доогуурх байгууламж зэргээс бүрдэнэ.
Бүс нутгийн тээвэр логистикийн төв ашиглалтад орсноор Монгол Улсын импорт, экспорт, дамжин өнгөрөх тээврийн хэмжээ нэмэгдэж, эдийн засагт эерэг нөлөө үзүүлэх ач холбогдолтой. Өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн, барилга, уул уурхайн том оврын тоног төхөөрөмж болон дамжин өнгөрөх транзит ачааг шилжүүлэн ачих техникийн шинэ боломж нээгдэнэ. Ингэснээр бүс нутаг дахь тээврийн коридоруудтай манай улсын орц, гарц өрсөлдөх таатай нөхцөл бүрдэнэ гэв. Мөн, уг төв ашиглалтад орсноор 300 орчим иргэн байнгын ажлын байраар хангагдана.
Замын-Үүдийн эдийн засгийн чөлөөт бүсэд 58.5 га газрыг аж ахуй нэгжүүдэд олгожээ
Замын-Үүдийн эдийн засгийн чөлөөт бүсийн усан хангамж, ариутгах татуурга, цахилгаан хангамж, авто зам холбоо, дохиолол суурилуулах зэрэг дэд бүтцийн барилга угсралтын ажлыг 362.2 га газарт хийжээ. Мөн БНХАУ-ын хөнгөлөлттэй зээлийн хүрээнд 90 МВт-ын дулааны цахилгаан станц, дулаан дамжуулах төв, дулааны шугам хоолойг суурилуулаад байна.
Түүнчлэн худалдаа үйлчилгээ, зочид буудал, үйлдвэр, агуулах, логистик, шатахуун түгээгүүрийн зориулалтаар ашиглуулахаар 24 аж ахуй нэгжид 28 төрлийн төсөлд 58.5 га газрыг Замын-Үүд чөлөөт бүсийн Захирагчийн албанаас иргэдэд олгожээ.
“УАЗ-469” автомашины жолооч нарыг хуулийн хүрээнд тээвэр эрхлэхийг Ерөнхий сайд санууллаа
Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Дорноговь аймгийн Замын-Үүд сумын иргэдтэй тус сумын спорт танхимд уулзаж, хилийн цогцолборын үйл ажиллагаатай танилцлаа.
Сумын иргэд Ерөнхий сайд болон Дорноговь аймгийн тойргоос сонгогдсон УИХ-ын гишүүд, Засгийн газрын сайд, аймаг, сумын удирдлагуудад санал бодлоо илэрхийлж, асуулт асууж, хариулт авав.
Сүүлийн өдрүүдэд Замын-Үүд суманд зорчигч, ачаа тээвэр эрхэлдэг иргэдийн дунд “гаальтай машин” хэмээн нэрлэгддэг “УАЗ-469” автомашин эзэмшигч, жолооч нарыг БНХАУ-ын Эрээн хилийн боомтоор нэвтрүүлэхгүй байгаагаас үүдэн жолооч нар болон хил, гаалийн ажилчид, хэв журам сахиулах цагдаагийн ажилчдын дунд үл ойлголцол үүсээд байгаа талаар олон иргэд ярьж оновчтой гарц, шийдэл гаргахыг Ерөнхий сайдаас хүссэн юм.
Ерөнхий сайд жолооч нарыг Хятадын талаас тавьж буй шаардлагыг биелүүлж, автомашины бүрэн бүтэн байдлыг хангаж, өнгө, үзэмжээ сайжруулж, зорчигчдын аюулгүй байдлыг хангасан, олон улсын стандартад нийцсэн тээвэр эрхлэхийг уриалж, Зам Тээврийн хөгжлийн сайд Ж.Бат-Эрдэнэд ажлын хэсэг байгуулж богино хугацаанд арга хэмжээ авч ажиллахыг үүрэг болголоо.
Иргэд, жолооч нарыг хилийн зурвас, улсын онцгой бүсэд танхайрахгүй байхыг Ерөнхий сайд У.Хүрэлсүх хатуу анхаарууллаа. Хүн бүр хууль, шүүхийн өмнө тэгш эрхтэй байж, хуулийн хүрээнд ажиллаж амьдрах үүргээ биелүүлж, эс дагаж мөрдсөн тохиолдолд цагдаа хариуцлага тооцож дэг журам сахиж ажиллахыг санууллаа гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээлэл олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.