Санхүүгийн зохицуулах хорооноос мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх гэмт хэрэг, тэдгээрээс урьдчилан сэргийлэх, хамгаалах тогтолцооны талаарх цуврал сургалтыг орон даяар зохион байгуулж байна. Өнгөрөгч тавдугаар сард эхэлсэн сургалтын үйл ажиллагаанд хөдөө, орон нутагт үйл ажиллагаа явуулж буй санхүүгийн байгууллагууд болон нийслэлийн Хадгаламж, зээлийн хоршоодыг хамруулсан бол Улаанбаатар хотод ажилладаг банк бус санхүүгийн байгууллага (ББСБ)-уудын сургалтыг өнгөрсөн долоо хоногт зохион байгууллаа. Хоёр ээлжээр явуулсан сургалтын нэгдүгээр ээлжинд 147 хүн, хоёрдугаар ээлжинд 130 хүн нийт 277 ББСБ-ын төлөөлөл хамрагдав.
Тус сургалтаар дээрх байгууллагууд мөнгө угаах терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуульд орсон нэмэлт өөрчлөлтүүд болох комплаенсын ажилтныг томилсон байх шаардлагатай, түүний ач холбогдлын талаар танилцуулав. Хорооноос нийт ББСБ-уудад хуулийг хэрэгжүүлэх шаардлагыг албан ёсоор хүргүүлж, удирдлагуудад ойлгуулах, мэдээлэх үүрэгтэй этгээдийн дотоод хяналтын хөтөлбөрийн бүрдэлд өөрчлөлт орж, илүү нарийвчлалтай болсон тул уг хөтөлбөрийг боловсруулахад хамтын оролцоо чухлыг онцолсон юм. Харин сургалтад оролцогчид ББСБ-ын дотоод хяналтын загвар болгосон жишээ гаргах, улс төрд нөлөө бүхий этгээдийн жагсаалтыг албан ёсоор авч байх, НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлөөс баталдаг хоригийн жагсаалтыг мэдээ, мэдээллийн олон сувгаар зарлан сурталчилж байх зэрэг саналуудыг хэллээ.
ББСБ-ууд дунд комплаенсын хөтөлбөрөө баталж санхүүгийн мэдээллийн алба (СМА)-нд бүртгүүлээгүй тохиолдол цөөнгүй байна. Түүнчлэн ББСБ-уудын төлөөллүүд комплаенсын ажилтан ямар ажил мэргэжилтэй, ямар албан тушаалтай байх нь зүйтэй вэ гэдэг тухай багагүй сонирхлоо. Мөн СМА-нд хүргүүлэх бэлэн мөнгөний болон сэжигтэй гүйлгээний тайлангийн тухай сонирхсон асуулт их гарч байв. Хууль зүйн ойлголтыг дэлгэрэнгүй, тодорхой болгосон уг сургалтын үйл ажиллагааг оролцогчид сайшааж, цаашдаа Хороноос зохион байгуулах сургалтуудад хамрагдах хүсэлтээ илэрхийллээ.