Уулчин бүсгүйн болзоо ууландаа…

2018 оны 06-р сарын 14 өдөр, 17 цаг 19 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
gangaamaa

Нэг сэтгүүлч найз маань зүрх нь чичирчихсэн утас цохиж байна. Алтай таван богдод, өндрийн салхи үнэрлэн ажлаа хийж явна гэнэ. Уулсын сүрд дарагдан, зүрх нь зүггүй цохилоод, сэтгэл нь сэрэмж алдууран цовхчоод байгаагаа ярьж байх юм. Гангаамаагийн “Seven summit” буюу дэлхийн таван тивийн долоон оргилд гарсан түүхийг ном болгон мутарлаж буй аж. Тэд Алтай таван богдод болзон, хоёр хоног дурсамж, хууч хөөрсөн нь тэр. Уулчдын болзоо ууландаа л болдог ажээ хэмээн бодоод өнгөрөв. Нөгөө ном хаачив аа хэмээн хэдэн сарын дараа сонирхон сураглатал “Гангаамаа маань “Алуурчин” хочит К2 ууланд авирсныхаа дараа гүйцээх болсоон, хэрэв тэр авиралтаас эргэж ирэхгүй бол одоо байгаагаар нь хэвлүүлчихээрэй гэсэн” хэмээдэг байгаа. Алуурчин хочит К2 буюу Пакистаны Каракарум уулын ноён оргил, Гангаамаа хоёр тэгж л миний сэтгэлд нэгэн өвөрмөц сонин өндөрлөг болон гэрэлтсэн юм даг. Эргэж ирэх, үгүйгээ ч мэдэхгүй аян замд гарсан Гангаамаа Эверест, Эльбрус, Килиманжеро, Аконкагуа зэрэг цэнхэр гаригийн долоон оргилд хөл тавьж, алдарт “Seven summit”-ийг гүйцээсэн анхны монгол хүн болон дэлхийн уулын спортын түүхийг эх оронтойгоо хамт бичилцсэн эрэмгий тамирчин. Түүнтэй нэгэн үед төрж, дэлхийд дээгүүр эрэмбэлэгддэг амжилтуудынх нь цуурайг сонсон омогшин суудаг хүмүүсийн нэг нь би. Алуурчин хочит К2 оргилд өнгөрсөн 60 жилд Эверестэд авирсан 3000 уулчны ердөө 30 нь зориглон гарсан гээд бодохоор сүрдмээр. Тэнд хүрэхийн тулд зороод тавьчихсан харандаа мэт 8000 орчим метрийн өндөртэй хэд хэдэн хадан уулыг гатална. Энэ ууланд авиралт хийсэн уулчдын олонх нь эргэж ирдэггүй, тиймээс ч Алуурчин хэмээх хочийг авсан. Манай Гангаамаа нэг удаа зориод буцсан. Тэр авиралтын үеэр 30 орчим уулчин эндсэн байдаг. Гэвч Гангаамаа Алтай таван богдод болзож үдийн цайгаа уудаг, майхандаа бичиг цаас хөглүүлэн ярилцлага өгч суудаг, оргилын төлөө төрсөн эмэгтэй. Түүний амьдрал, араншин бол уул. Түүний мөрөөдөл бол оргил. Амжилт хүсье, Гангаамаа, сүрлэг Отгонтэнгэрийн охин чи чадна аа. Ард түмэн, эх орон, өндөр сүрлэг хайрхад чинь хүлээж байгаа шүү.

Эмүжин

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх