Нийслэлээс зуслангийн бүсэд ой, усны сан бүхий газарт олгогдсон газруудыг судалж, хуулийн хэрэгжилтийг хангуулах тал дээр шат дараатай ажлууд хийгдэж байна. Ажлын хэсэг Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороо, Хандгайт, Шаргаморьт орчмын нутаг дэвсгэр дэх зуслангийн бүсийн ой, усны сан бүхий газруудад зөвшөөрөлгүй хашаа барьсан иргэдийн газрыг чөлөөлөх, орц гарцыг нээх ажлыг эхлүүлэхээр газар дээр нь шалгалт хийлээ.
Холбогдох албаныханд ажлын хоёр өдрийн дотор зөвшөөрөлгүй хашаа татсан, зөвшөөрөлтэй боловч зуслангийн ой, усны сан бүхий газарт хашаа, хаалт барьсан бүх зөрчлүүдийн нэгдсэн жагсаалтыг гаргаж, иргэд, аж ахуй нэгжүүдэд яаралтай албан мэдэгдэл хүргүүлэх үүрэг даалгавар өглөө.