Байнгын хороо УИХ-ын гишүүн Д.Гантулгын хүсэлтийг дэмжиж, хуулийн төслүүдийн үзэл баримтлалыг хэлэлцэх нь зүйтэй гэж үзэв

2018 оны 06-р сарын 13 өдөр, 16 цаг 49 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
94068867-caaf-4c85-861c-3467201b5783

Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн (2018.06.13) хуралдаан 10 цаг 38 минутад 52.6 хувийн ирцтэй эхэлж, дөрвөн асуудал хэлэлцлээ.

Улсын Их Хурлын гишүүн Д.Гантулгын хүсэлтийг дэмжлээ

    Байнгын хорооны хуралдаанаар эхлээд Улсын Их Хурлын гишүүнээс чөлөөлөх  тухай асуудлыг хэлэлцэж, Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.15 дахь хэсэгт заасны дагуу Улсын Их Хурлын дэд дарга Л.Энх-Амгалан энэ талаар танилцуулсан юм.

    Улсын Их Хурлын гишүүн Д.Гантулга 2018 оны 06 дугаар сарын 11-ний өдөр Улсын Их Хурлын даргад хандаж Улсын Их Хурлын гишүүнээс чөлөөлөгдөх хүсэлтээ ирүүлсэн байна. Тэрбээр ”Д.Гантулга би 2016 оны Улсын Их Хурлын ээлжит сонгуулийн 42 дугаар тойргоос сонгогдон Улсын Их Хурлын гишүүнээр ажиллаж байна. Миний бие Улсын Их Хурлын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.6.3 дахь заалтыг үндэслэн өөрийн хүсэлтээр Улсын Их Хурлын гишүүнээсээ чөлөөлөгдөх хүсэлт гаргаж байна” хэмээн хүсэлтдээ дурдсаныг Улсын Их Хурлын дэд дарга Байнгын хорооны гишүүдэд танилцуулсан юм.

     Танилцуулгатай холбогдуулан гишүүдээс асуулт, санал гараагүй бөгөөд Улсын Их Хурлын гишүүн Д.Гантулгыг өөрийнх нь хүсэлтээр Улсын Их Хурлын гишүүнээс чөлөөлөхийг дэмжих санал хураалт явуулахад Байнгын хорооны хуралдаанд оролцсон 11 гишүүний 10 нь буюу 90.9 хувь нь дэмжсэн тул энэ талаарх санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд оруулахаар тогтлоо.

Дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслүүдийн

үзэл баримталыг хэлэлцэхийг дэмжив

     Байнгын хорооны энэ өдрийн хуралдаанаар Улсын Их Хурлын нэр бүхий гишүүдийн санаачлан боловсруулсан Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх тухай асуудлыг хэлэлцэж дэмжлээ.

    Эхлээд Улсын Их Хурлын гишүүн Д.Хаянхярваагийн санаачилсан Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүд-ийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцсэн юм.

   Төсөл санаачлагч гишүүн Д.Хаянхярваа хуулийн төслийн үзэл баримтлалын талаарх танилцуулгадаа, Улсын Их Хурлын чуулганы хуралдааны ирц хангалтгүй, санал хураалтын үйл ажиллагаа дэгийн дагуу явагдахгүй байгаа нь Улсын Их Хурлын нэр хүндэд сөргөөр нөлөөлж байгаа төдийгүй Улсын Их Хурлын Хурлын үйл ажиллагааны үндсэн хэлбэр болох нэгдсэн хуралдаан, Байнгын хороод, нам, эвслийн бүлгийн хуралдаан хэвийн явагдах нөхцөлийг алдагдуулах боллоо. Өөрөөр хэлбэл, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 10 дүгээр зүйл нь хуралдааны дэг, ёс зүйн зөрчил гаргасан гишүүнд ногдуулах хариуцлагыг зохицуулж, гишүүн хуралдаан тасалсан болон хоцорсон, бусад гишүүний өмнөөс санал өгсөн үйлдэлд нь ногдуулах хариуцлагыг орхигдуулсан гэж төсөл санаачлагчид үзэж байгаа.

    Иймээс Улсын Их Хурлын чуулганы хуралдааны ирцийг сайжруулах, хуралдааны дэг сахиулах, гишүүн хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хуралдаанд оролцоогүй, бусад гишүүний өмнөөс санал өгсөн тохиолдолд хариуцлага хүлээлгэхтэй холбоотой зохицуулалтыг боловсронгуй болгох зорилгоор уг хуулийн төслийг санаачлан боловсруулсан. Хуулийн төсөл нь гурван зүйлтэй бөгөөд гишүүний ирцийг бүртгэх, хуралдааны явцад бүртгэлээс гарсан (картаа сугалсан) тохиолдолд хэрхэн зохицуулах, хуралдааны дэг зөрчсөн, хуралдаан тасалсан, хоцорсон, бусад гишүүний өмнөөс санал өгсөн тохиолдолд хариуцлага хүлээлгэхтэй холбоотой зохицуулалтыг нарийвчлан тусгасан. Мөн уг хуулийн төсөлтэй уялдуулан Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хамтад нь боловсруулсан гэдгийг танилцуулсан юм.

     Эдгээр хуулийн төслүүд батлагдсанаар Улсын Их Хурал бүрэн эрхээ хэрэгжүүлэх үндсэн хэлбэр буюу чуулганы хуралдааны ирц сайжирч хуралдаан хэвийн явагдах нөхцөл бүрдэнэ. Мөн Улсын Их Хурлын гишүүн нь хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төслүүдийг хэлэлцэн батлахдаа гагцхүү санал өгөх эрхээ зөвхөн өөрөө эдлэх бөгөөд энэхүү эрхээ бусдад шилжүүлэх, бусад гишүүний өмнөөс санал өгөхгүй байх эрх зүйн боломжтой болно. Түүнчлэн чуулганы хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй, удаа дараа хоцорсон гишүүнд тодорхой төрлийн хариуцлага хүлээлгэхээс гадна Улсын Их Хурлын гишүүний хоцорсон, тасалсан цагийн нийлбэр нь тухайн ээлжит чуулганы хуралдааны нийт хугацааны гуравны нэгд хүрсэн бол гишүүнийг эгүүлэн татах хариуцлагын тогтолцоо бүрдэх юм байна.

    Хууль санаачлагчийн илтгэлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн О.Баасанхүү асуулт асууж тодруулан Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэн, О.Баасанхүү, Д.Лүндээжанцан нар үг хэлж байр сууриа илэрхийлэв. Ингээд санал хураалт явуулахад Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн 91.7 хувь нь хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэхийг дэмжлээ.

     Дараа нь Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт нарын нэр бүхий 14 гишүүн санаачилж энэ сарын 08-ны өргөн мэдүүлсэн Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүд -ийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэв. Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэн төсөл санаачлагч гишүүдийг төлөөлж хуулийн төслийн үзэл баримтлалыг танилцуулав.

    Улсын Их Хурлын хууль тогтоох үйл ажиллагааг боловсронгуй болгох, тасралтгүй, түргэн шуурхай, үр дүнтэй явуулах нөхцөлийг үе үеийн Улсын Их Хурал бүрдүүлэхээр ажиллаж ирсэн. Улсын Их Хурлаас Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийг 2007 оны 10 дугаар сарын 11-ний өдөр баталсан бөгөөд түүнээс хойш уг хуульд нийтдээ 20 удаа нэмэлт, өөрчлөлт оруулжээ.

    Улсын Их Хурлын 2016 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн “Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай” 23 дугаар тогтоолоор Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгд нэмэлт, өөрчлөлт оруулах, шаардлагатай бол дэгийг шинэчлэн батлах нь зүйтэй гэж үзсэний дагуу Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг нэр бүхий гишүүд санаачлан боловсруулжээ. Хуулийн төсөлд хууль тогтоомжийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх шатны зохицуулалтуудыг илүү тодорхой болгох, гишүүн хэлэлцүүлгийн үеэр асуусан асуултдаа бүрэн хариулт аваагүй гэж үзвэл хуралдаан даргалагчаас нэмэлт хугацаа өгөх, хуралдаанд тайлбар хэлж, асуултад хариулж байгаа төрийн албан тушаалтны хариуцлагыг нэмэгдүүлэх, Байнгын хорооны хуралдаанд мэдээлэл сонсох асуудлыг журамлах зэрэг нэмэлт, өөрчлөлт оруулахаар тусгажээ.

    Улсын Их Хурлын гишүүний ёс зүй, хариуцлагыг нэмэгдүүлэх чиглэлээр хуралдааны дэг зөрчиж, үг хэлэх эрхээ хасуулсан гишүүн дэгийг дахин зөрчвөл хуралдаанд оролцсон гишүүдийн олонхийн саналаар хуралдааны танхимаас гаргахаар шийдвэрлэх, хэлэлцэж байгаа асуудалтай холбогдолгүй асуудлаар үг хэлж байгаа гишүүнийг сануулах, хэрэв сануулгыг зөрчвөл үг хэлэх хугацааг дуусгавар болгох, гишүүний хуралдаанд оролцсон ирцийг сар бүр олон нийтэд мэдээлж байх, хуралдаанд оролцоогүй цагийн хугацаанаас хамаарч гишүүний бүрэн эрхийн хугацааг дуусгавар болгож, эгүүлэн татах асуудлыг оруулах зэргээр гишүүний хариуцлагыг сайжруулахад чиглэсэн зохицуулалтыг тусгасан байна. Мөн хуралдааны ирцэд бүртгүүлэх, асуулт асуух, үг хэлэх, цахим тоолуураар санал тавихад биеийн давхцахгүй өгөгдөл (гарын хурууны хээ)-өөр идэвхждэг систем бүхий цахим тоолуурыг ашиглахаар тусгажээ.

    Түүнчлэн Улсын Их Хурлаар Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийг хэлэлцэх шаардлагатай болсон тохиолдолд Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулиар зохицуулагдаагүй зарим асуудлыг, тухайлбал Байнгын хороод Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийг нэг, гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгэх журам, Байнгын хороодын гишүүдийн ирц, санал хураалт явуулах босгыг тогтоох, нэмэлт, өөрчлөлтийн төслийг ард нийтийн санал асуулгаар хэлэлцэх дэгийг журмыг тодруулах зэрэг асуудлыг тусгасан гэдгийг төсөл санаачлагч гишүүн танилцуулгадаа дурдав.

    Хуулийн төсөл батлагдсанаар Улсын Их Хурлын хууль тогтоох үйл ажиллагаа илүү боловсронгуй болж, хууль тогтоомжийн төслийг хэлэлцүүлэхэд тулгарч байсан асуудлууд шийдвэрлэгдэж тодорхой үр дүн гарах, Улсын Их Хурлын гишүүний хариуцлага нэмэгдэх, олон нийт сонгосон гишүнийхээ чуулганд оролцсон байдал, ирцийн мэдээтэй танилцах, мэдээлэл авах боломж бүрдэнэ, улмаар хууль тогтоомжийн чанар сайжрах, тогтвортой байхад сайнаар нөлөөлнө гэж төсөл санаачлагчид үзэж байгааг онцолсон юм.

    Хуулийн төслийн үзэл баримтлалын талаарх төсөл санаачлагчийн итгэлтэй холбогдуулагн Улсын Их Хурлын гишүүн Д.Эрдэнэбат асуулт асууж тодруулан Улсын Их Хурлын гишүүн Ж.Батзандан төслийг дэмжиж буйгаа хэлж байр сууриа илэрхийлсэн юм. Ингээд Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн 85.7 хувь нь хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэхийг дэмжлээ.

Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсгийн  мэдээллийг сонслоо

    Дараа нь Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсгийн  мэдээллийг сонслоо. Байнгын хорооны дарга, Ажлын хэсгийн ахлагч Д.Лүндээжанцан энэ талаар мэдээлэл хийсэн юм.

    Улсын Их Хурлын даргын 2017 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 78 дугаар захирамжаар “Зөвлөлдөх зөвлөлийн зөвлөмжийг үндэслэн Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл боловсруулан Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх бэлтгэл хангах үүрэг бүхий” ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн Д.Лүндээжанцангаар ахлуулан 27 хүний бүрэлдэхүүнтэйгээр байгуулсан. Ажлын хэсэг өнгөрсөн хугацаанд дараахь ажлуудыг хийж гүйцэтгэжээ. Үүнд:

  1. Ажлын хэсгийн ахлагч, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Д.Лүндээжанцангийн шийдвэрээр төслийн сэдэв тус бүрт хамаарах төслийг боловсруулах үүрэг бүхий 5 ажлын дэд хэсэг байгуулж, дэд хэсгүүд Зөвлөлдөх санал асуулгын үр дүнд дүн шинжилгээ, дүгнэлт хийж, гадаад, дотоодын их сургууль, эрдэм шинжилгээний байгууллагуудтай хамтран ажиллаж, 5 бүлэг асуудлаар нийт 22 заалт бүхий Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн эхний хувилбарыг боловсруулж, 2017 оны 05 сарын 25-ны өдөр Улсын Их Хурлын даргад танилцуулжээ.
  2. Улсын Их Хурлын даргад танилцуулсан 22 заалт бүхий төслийг Монгол Улсын Их Хурлын 2017 оны 39 дүгээр тогтоолын дагуу олон нийтийн хэлэлцүүлэг зохион байгуулах бэлтгэл ажлыг хангасан. Тухайлбал, Улсын Их Хурлын Тамгын газрын Судалгаа, мэдээлэл, лавлагааны албанаас хийсэн 86 харьцуулсан судалгаанаас төслийн зүйл, заалт бүр холбогдох судалгааг түүвэрлэн эмхэтгэж, “Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн тайлбар”-ыг боловсруулан боть хэлбэрээр хэвлүүлсний зэрэгцээ холбогдох сургалт, хэлэлцүүлгийн материалыг боловсруулан сургагч багш нарыг бэлтгэжээ.
  1. 2017 оны 7-10 дугаар сарын хугацаанд 21 аймаг, нийслэлийн хэмжээнд нийт 68 удаагийн бүсчилсэн хэлэлцүүлэг зохион байгуулж, улсын хэмжээнд нийт 327,375 иргэнээс 5,584.832 саналыг хүлээн авсан байна.
  2. Иргэдээс ирүүлсэн саналд ангилал, дүн шинжилгээ хийж, хамгийн өндөр давтамжтай гарсан иргэдийн саналд үндэслэн төслийг дахин боловсруулжээ. Мөн төслийг Улсын Их Хурлаар хэлэлцүүлэх дэгийн асуудал, цагалбар, төлөвлөгөө, ажлын болон дэд хэсгийн ажил, үүргийн хуваарь, хэлэлцүүлгийн шалгах хуудсыг боловсруулж, хэлэлцүүлгийн бэлтгэлийг хангаж ажилласан байна. Түүнчлэн Хууль тогтоомжийн тухай хуульд заасны дагуу төслийн үр нөлөөний үнэлгээг төслийн зорилт тус бүрээр үнэлэн 100 хуудас тайлан боловсруулжээ.
  3. Ажлын хэсэг төслийг 2018 оны 01 дүгээр сарын 29-ны өдөр Улсын Их Хурал дахь МАН-ын бүлэгт танилцуулж, бүлгийн хурлаас гарсан санал, зөвлөмжүүдийг үндэслэн 7 чиглэл (зорилго)-ээр 28 заалт бүхий төслийг дахин боловсруулжээ. Ингэхдээ 28 заалтаас 11 заалтыг тус бүр гурван хувилбартайгаар боловсруулсан байна.
  4. Ажлын хэсэг төслийг 2017 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр МАН-ын бүлэгт дахин танилцуулж, эрдэмтэн, судлаачдаас бүрдсэн “Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөлд саналын хувилбар боловсруулах ажлын дэд хэсэг”-ийг байгуулсан бөгөөд 04 сарын 30-наас 5 дугаар сарын 10-ны өдрийн хооронд ажиллан 53 заалт бүхий төслийн хувилбарыг санал болгожээ. Үүний зэрэгцээ МАН-ын бүлгийн гишүүдээс бүрдсэн дэд хэсгүүд байгуулан  төслийн холбогдох зүйлүүд дээр ажиллан, саналаа нэгтгэж, Ардын Их Хурлын депутат, УБХ-ын гишүүд, УИХ-ын Тамгын газрын ажилтнуудаас бүрдсэн “Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн томьёоллыг бэлтгэх, үр нөлөөний үнэлгээ боловсруулах ажлын дэд хэсэг” байгуулж, төслийн томьёолол дээр ажилласан байна. Тус ажлын дэд хэсэг 18 удаагийн хуралдаанаар төслийн хувилбарууд дээр ажиллаж, 12 удаагийн засварласан хувилбар бэлтгэж гаргажээ.
  5. Ажлын хэсэг 2018 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн АН-ын бүлэгт 7 чиглэлээрх 40 заалт бүхий төслийг танилцуулж, АН-ын бүлгээс гарсан санал, зөвлөмжийг судлан ажиллаж 7 чиглэлээр 42 заалт бүхий төслийг боловсруулсан байна.

     Ийнхүү Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг олон нийт, улс төрийн намын бүлгүүд, эрдэмтэн, судлаачдад танилцуулан хэлэлцүүлж, тэдгээрээс гаргасан саналуудад дүн шинжилгээ, холбогдох судалгааг хийж, төсөлд оруулах шаардлагатай өөрчлөлтийг тухай бүрт нь тусгаж, олон нийтэд ойлгомжтой, энгийн хувилбараар болон хууль зүйн техникт оруулсан хувилбарыг тус тус боловсруулаад байгаа.

     Одоо Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуульд заасны дагуу холбогдох 7 байгууллагад төслийг хүргүүлж, саналыг нь авахаар ажиллаж байна.

    Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсэг хуульд заасны дагуу 7 байгууллагаас саналыг нь хүлээн авсны дараа “Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх үүрэг бүхий Үндсэн хуулийн комисс” байгуулах нь зүйтэй гэсэн саналтай байгааг Ажлын хэсгийн ахлагч мэдээлэлдээ дурдлаа.

      Мэдээлэлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Д.Эрдэнэбат, Ж.Батзандан нар Ажлын хэсгийн ахлагч болон хуралдаанд оролцсон ажлын дэд хэсгээс асуулт асууж тодруулан үг хэлж байр сууриа илэрхийллээ гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх