Оюуны өмч-улсын бүртгэлийн ерөнхий газрын даргыг томилов

2018 оны 06-р сарын 13 өдөр, 13 цаг 10 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
zasagg

Засгийн газрын ээлжит хуралдаан боллоо.

  Аялал жуулчлалын гол чиглэл, хил орчмын болон хил дамнасан аялал жуулчлалын чиглэлийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн баталлаа.

Улсын хэмжээний аялал жуулчлалын чиглэлүүдийг бодлогын бусад баримт бичигт заасны дагуу “Аялал жуулчлалын гол чиглэл”, “Цайны зам”, “Торгоны зам”, “Их түмэн гол” болон бусад хил дамнасан аялал жуулчлал хөгжүүлэх чиглэлүүдийг “Хил орчмын болон хил дамнасан аялал жуулчлалын чиглэл”, орон нутгийн аялал жуулчлалын чиглэлүүдийг “Аймаг, нийслэлийн аялал жуулчлалын цэг” гэж томьёолсон байна.

  Гол чиглэлийн дагуу аялал жуулчлалын бүтээгдэхүүн, үйлчилгээний хөгжил, жуулчны аюулгүй байдлыг хангах төлөвлөгөө гаргаж, хэрэгжүүлэхээр боллоо. Шаардагдах хөрөнгийг жил бүрийн улсын төсөвт тусгаж, гадаадын зээл, тусламжид хамруулах, дэд бүтцийн хөрөнгө оруулалтыг Улсын хөрөнгө оруулалтын хөтөлбөрт тусгаж байхаар шийдвэрлэв.

  Засгийн газар 2020 он гэхэд жуулчны тоог нэг саяд хүргэж, энэ салбараас нэг тэрбум хүртэл ам.долларын орлого олох зорилт тавьсан. Үүний тулд гурван жилийн хугацаанд жуулчдын тоог тогтмол 30 хувиар өсгөх шаардлагатай юм.

Холбогдох яам, агентлаг, бусад газар гадагшаа чиглэсэн сурталчилгаа, маркетингийг эрчимтэй явуулах, нислэгийн чиглэл, давтамжийг нэмэгдүүлэх, хил орчмын аялал жуулчлалыг хөгжүүлэх, жуулчдын аюулгүй, ая тухтай байх нөхцөлийг бүрдүүлэх үүрэг хүлээж байна.

  Өнгөрсөн онд 470 гаруй мянган жуулчин хүлээн авсан нь 2016 онтой харьцуулахад 14 хувь, аялал жуулчлалаас 400 гаруй сая ам.доллар олсон нь 20 хувиар өсчээ.

Гэрээний төслийг талууд нарийвчлан хэлэлцэн тохиролцсон бөгөөд Мянганы сорилтын корпораци Конгресст мэдэгдсэнээр гарын үсэг зурахад бэлэн болох юм,

АНУ-ын буцалтгүй тусламжийг хотын усан хангамжийг нэмэгдүүлэхэд зарцуулна

  Монгол Улсын Засгийн газар, АНУ-ын Мянганы сорилтын корпораци хооронд байгуулах компанкт гэрээний төслийг дэмжиж, гарын үсэг зурах эрхийг Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатарт зөвшөөрлөө.

  Компакт гэрээний хүрээнд 350 сая хүртэл ам.долларын буцалтгүй тусламжийг хотын усан хангамжийг нэмэгдүүлэхэд зарцуулахаар төлөвлөөд байна. Тухайлбал газрын доорх усны доод эх үүсвэрийг шинээр байгуулах, хаягдал усыг дахин боловсруулж, үйлдвэрлэлийн зориулалтаар ашиглах, усны салбарын тогтвортой байдлыг хангах зэргийг гэрээнд тусгажээ.

Хатуу хог хаягдлыг дахин боловсруулахтай холбоотой Зээлийн хэлэлцээрийг дэмжив

  Монгол Улсын Засгийн газар, Европын сэргээн босголт, хөгжлийн банк хооронд байгуулах Зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэн дэмжиж, УИХ-д өргөн мэдүүлэхээр боллоо.

  “Улаанбаатар хотын хатуу хог хаягдлыг боловсруулах байгууламжийг шинэчлэх төсөл”-ийн хүрээнд Европын Холбооны стандарт шаардлага хангасан, хатуу хог хаягдлыг булшлах цэг болон дахин боловсруулах байгууламжийг Морингийн даваанд барихаар төлөвлөсөн байна. Мөн хатуу хог хаягдлын салбарт нэгдсэн тариф нэвтрүүлэх, барилга, барилга нураалтын хог хаягдлын менежментийн зохицуулалт бий болгох юм.

Төсөл хэрэгжсэнээр хог хаягдал цуглуулах, тээвэрлэх, дахин боловсруулах, устгах үйлчилгээ шинэчлэгдэж, хог хаяг цэгүүдийн хүчин чадал дөрвөн сая тонноор нэмэгдэнэ. Мөн хотод ялгарч байгаа хүлэмжийн хийн хэмжээ буурч, 100 мянган тонн гаруй барилгын хог хаягдлыг боловсруулж ашиглах боломж бүрдэнэ гэж тооцоолж байна.

Европын сэргээн босголт, хөгжлийн банк төслийг хэрэгжүүлэхэд 4.5 сая еврогийн буцалтгүй тусламж, 9.7 сая ам.долларын зээл, төсөл боловсруулах, хэрэгжүүлэхэд ойролцоогоор 1.5 сая еврогийн техник туслалцааны санхүүжилт олгохоор төлөвлөжээ.

9.7 сая ам.долларын зээл нь 15 жилийн хугацаатай, зээлийн үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх хугацаа гурван жил байх юм.

Оюуны өмч-улсын бүртгэлийн ерөнхий газрын даргыг томилов

  Барсүрэнгийн Баасандоржийг Оюуны өмч-улсын бүртгэлийн ерөнхий газрын даргаар томиллоо. Б.Баасандорж нь 1979 онд төрсөн. МУИС-ийн Хууль зүйн сургууль, АНУ-ын Калифорнийн олон улсын их сургууль төгссөн. Эрх зүйч мэргэжилтэй, бизнесийн удирдлагын магистр,

  2001 оноос УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн даргын туслах, Хуулийн хэлтсийн шинжээч, Хууль зүйн байнгын хороонд референт, зөвлөх, ахлах зөвлөх, Хууль зүйн яаманд газрын дарга, 2015 оноос УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны ахлах зөвлөхөөр ажиллаж байсан. Төрийн албанд 17 жил ажилласан байна гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх