Д.Цогтбаатар сайд БНСУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайдыг хүлээн авч уулзав

2018 оны 06-р сарын 07 өдөр, 13 цаг 18 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
mfa73626-1024x683

Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар 2018 оны 6 дугаар сарын 6-ны өдөр БНСУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Жон Жэ Нам-ыг үүрэгт ажилдаа орсонтой нь холбогдуулан хүлээн авч уулзав.

Сайд Д.Цогтбаатар Монгол Улс, БНСУ-ын “Иж бүрэн түншлэл”-ийн харилцаа бүх салбарыг хамран өргөжиж буйг тэмдэглээд цаашид хоёр талын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны цар хүрээг өргөжүүлэх, БНСУ-ын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, иргэдийн зорчих нөхцлийг хөнгөвчлөх чиглэлээр Элчин сайдтай нягт хамтран ажиллахаа илэрхийлэв. Мөн Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах төсөлд зориулан БНСУ-ын Засгийн газраас олгосон 500 сая ам.долларын зээлийг шуурхай хэрэгжүүлэхэд Элчин сайдын зүгээс дэмжиж ажиллахыг хүсэв. Сайд Д.Цогтбаатар сүүлийн үед Солонгосын хойгийн байдалд эерэг нааштай чиг хандлага гарч, холбогдох талуудын хооронд яриа хэлэлцээ идэвхжиж байгаа нь бүс нутгийн энх тайван, тогтвортой байдалд чухал ач холбогдолтой болохыг тэмдэглэв.

Элчин сайд Жон Жэ Нам найрсаг, дотно харилцаатай Монгол Улсад томилогдож ажиллах болсондоо баяртай байна гээд Монгол Улс, БНСУ-ын харилцааг шат ахиулан хөгжүүлэх, ялангуяа, зээл, тусламжийн төслүүдийг үр дүнтэй хэрэгжүүлэх, бие биеэ нөхсөн эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэх, мөн соёл, боловсролын салбарт хамтран ажиллах нөөц боломжийг эрэлхийлж ажиллахаа илэрхийлэв. Ялангуяа, монгол иргэд БНСУ-д зорчих визийн асуудлыг нэн тэргүүнд шийдвэрлэхээр судалж буйг дурдаад, цаашид энэ чиглэлээр ГХЯ-тай санал солилцож нягт хамтран ажиллана гэв. Монгол Улсын эдийн засаг сайжирч байгаатай холбоотойгоор Солонгосын бизнес эрхлэгчид Монголд хөрөнгө оруулах, хамтран ажиллах сонирхол нэмэгдэж буйг Элчин сайд онцлон тэмдэглэв. Мөн ЗХА-ийн бүс нутгийн тогтвортой байдлыг хангах чиглэлд Монгол Улсын зүгээс тавьж буй хүч чармайлтад талархаж байна гээд “Улаанбаатарын яриа хэлцээ” санаачилгыг дэмжиж, холбогдох арга хэмжээнд идэвхтэй оролцохоо илэрхийлэв.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх