Монгол хүүхдийн “Хүслийн сан” нээгдлээ

2018 оны 06-р сарын 05 өдөр, 17 цаг 23 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
husel

Их монгол хүүхдийн холбоо, Монголын залуучуудын холбоотой хамтран Эх үрсийн баярыг тохиолдуулан Эх дэлхийн хүслийг сонордохуй… уриатайгаар улс орон даяар хэрэгжих томоохон төслүүдийнхээ эхлэлийг тавьж Хүсэл өргөх Алтан санг нээж үйл ажиллагаагаа 2018.06.01-ны өдөр олон нийтэд танилцууллаа. Хүслийн Алтан Санд хүүхэд бүр хүслээ өргөх боломжтой бөгөөд зуны дунд сард Тэргэл Саранд Хүслээ Өргөх их ёслолыг Монголд анх удаа ёс төгөлдөр зохион байгуулахаар төлөвлөж байгаа бөгөөд хүүхэд бүрийн хүслийг байгаль дэлхийдээ таниулан дархалснаар тэдний ирээдүйг гэрэл гэгээтэй болгох суурийг нь тавьж байгаа хэмээн Их Монгол хүүхдийн холбооны Ерөнхийлөгч хатагтай Н.Солонгоцацралт хэллээ.

Хүүхдийн хүслийг сонордож, тэдний оролцоог хөгжлийн хөтөлбөртөө багтааснаар үйл ажиллагааны үр өгөөжийг хүүхэд бүр бодитойгоор мэдрэх боломж бүрдэхийг тэрээр тодотгосон юм. Их Монгол хүүхдийн холбоо нь үндэсний язгуур үнэт зүйл дээр тулгуурлан үйл ажиллагаа явуулдаг бөгөөд олон улсын хэмжээнд үнэлэгдэхүйц хүүхдийн байгууллага болохоор зорьж ажиллаж байгаа юм байна. Энэ удаагийн үйл ажиллагаа нь утга учиртай, ач холбогдол өндөр байсныг эцэг эхчүүд ба хүслээ өргөсөн багачууд баяртайгаар хэлж байлаа. Мөн сонирхуулахад тус өдөрлөгт ирсэн хүүхдүүдэд Их Монгол хүүхдийн холбооноос хүүхдүүдийг багаас нь эерэг хандлагатай болгож төлөвшүүлэхийн тулд материаллаг бэлэгнээс илүү оюунлаг бэлэгийг эрхэмлэж малын буян хишиг болсон шагайг гарын бэлэг болгон дурсгав. Учир нь Монголчууд бол нүүдэлчин ард түмэн, малын буян хишиг нь шагайндаа хурдаг. Тэр утгаараа буян хишиг үргэлж та бүхэнд хадгалагдаж,  дутах зүйлгүй сайн сайхан амьдраасай гэдэг утгыг бэлэгдсэн учраас энэхүү бэлгийг сонгосон хэмээв.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх