Улаанбаатар хот “Эх оронч” худалдан авалтыг дэмжинэ

2018 оны 06-р сарын 04 өдөр, 17 цаг 41 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
9_20180604040517

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд өнөөдөр Үндэсний аж үйлдвэрийн зөвлөлийн гүйцэтгэх захирал Д.Жаргалсайхан, Хөнгөн үйлдвэрийн холбооны удирдах зөвлөлийн гишүүн А.Энхцэцэг тэргүүтэй үндэсний үйлдвэрлэгчидтэй уулзлаа.

ҮАҮЗ-ийн гүйцэтгэх захирал А.Жаргалсайхан “Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд цаг зав гарган, үйлдвэрлэгчидтэй уулзаж байгаад талархаж байна. Жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчид болон бизнесийнхний өмнө тулгамдаад байгаа асуудал бол “Эх оронч” худалдан авалт юм. Хот өөрөө хамгийн том худалдан авагч, зах зээл байдаг. Тиймээс хотын удирдлагын дэмжлэг бидэнд нэн чухал. Иймд хамтран ажиллах санамж бичиг байгуулах хүсэлтээ танд хүргүүлээд байгаа. Бидний гол зорилго бол Улаанбаатар хотоо хөгжүүлэхэд төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааны бодит үр дүнг харуулахыг зорьж байна. Ялангуяа нийтийн тээвэрт эко автобус нэвтрүүлэх, боловсролын салбарт чанар сайтай, эдэлгээ даадаг сурагчийн дүрэмт хувцас, сургуулийн хүүхдийн хичээлийн цүнх, бэлтгэлийн хувцас гээд үндэсний үйлдвэрлэгчдийн хийж бүтээж чаддаг бүтээгдхүүнээ нийлүүлэх, худалдан авалтыг хэвшүүлэхэд чиглэж байна” гээд “Улаанбаатар брэнд” гаргах Нийслэлийн Засаг даргын санал санаачлагыг дэмжиж, анхны бүтээгдхүүнээ үйлдвэрлэж эхэлсэнийг ч дуулгалаа.

“Батзүү” компанийн хамт олон монгол хэв маягийг загвартаа шингээсэн бэлтгэлийн хувцас үйлдвэрлэж, худалдаанд гаргаж эхэлсэн байна. Уулзалтын үеэр бүтээгдхүүнийхээ дээжийг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболдод бэлэглэлээ. Түүнчлэн “Монланс” компани 28 жилийн турш арьс, ширээр цүнх үйлдвэрлэж, дотооддоо борлуулж байгаа ч төрийн дэмжлэг байнга дутагдаж байдгийг онцолсон юм. Тус компанийн ямааны арьс, үхрийн ширээр хийсэн сурагчийн цүнхийг 65-75 мянган төгрөгөөр борлуулагддаг аж. Гэвч манай эцэг эхчүүд БНХАУ-ын сурагчийн цүнхийг хямд гээд 45 мянган орчим төгрөгөөр худалдан аваад, нэг жилийн эдэлгээ даахгүй урагдчихдаг. Харин үндэсний үйлдвэрийн цүнх өнөөдөр үнэтэй мэт ч 3 жилийн эдэлгээ даадаг төдийгүй чанарын хувьд бат бөх, хүүхдийн эрүүл мэндэд хоргүй байдгийг үйлдвэрлэгчид ярьж байлаа.

Хөнгөн үйлдвэрийн салбарынхан ч сурагчийн дүрэмт хувцасны загвар, дизайн болон материалыг чанаржуулж, эх орны үйлдвэрлэлээ дэмжихийг хүссэн юм. Наад зах нь цэцэрлэгийн насны хүүхдүүдийн гэрийн шаахай, биеийн тамирын хослол зэргийг 100 хувь хангах хүчин чадал үндэсний үйлдвэрүүдэд бий гэдгийг тэд хэлж байлаа. Хөрөнгө шаардахгүй энэ ажлыг хотын даргын санаачилга, дэмжлэгтэйгээр өрнүүлж, дүүрэг бүрт жишиг үйлдвэр ашиглалтад оруулж, ажлын байрыг нэмэгдүүлэн, дотоодын хэрэгцээгээ үндэсний үйлдвэрийн бүтээгдхүүнээр хангая гэдэг санал гаргаж буйгаа ч хэлсэн юм.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд “Өнөө өглөө Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимынхны урилгаар гишүүн байгууллагын бизнесийн төлөөлөлтэй уулзсан. Өдөр нь та бүхэнтэй хамтын ажиллагааны шинэ боломж, гарцын талаар санал солилцож байгаадаа сэтгэл хангалуун байна. Цаашид ч хамтран ажиллана. Үндэсний аж үйлдвэрийн зөвлөлтэй хамтран ажиллах санамж бичгийг удахгүй байгуулна. Дотооддоо үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнийг төрийн худалдан авалтад түлхүү ашиглаж, каластрыг хөгжүүлэх хэрэгтэй гэдгийг үйлдвэрлэгчид ярьж байна. Ингэхийн тулд хоёр тал хамтран ажлын хэсэг байгуулж ажиллахаар болсон. Дотоодын бараа бүтээгдэхүүн, үндэсний үйлдвэрлэл гэж алийг хэлэх вэ. Монголын нутаг дэвсгэрт үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүн хэдэн хувь нь байх вэ гэдгийг тодорхойлоод худалдан авалтад ямар давуу эрхтэй орох, хууль тогтоогчдод ямар санал хүргүүлж, хот дээр ямар шийдвэр гаргах вэ гэдгийг боловсруулаад хотын даргад танилцуулахаар тохирлоо. Мөн оёдлын үйлдвэрлэл эрхлэгчид тендерийн зарчмаар цөөн компанид сурагчийн дүрэмт хувцас оёх эрх олгодог биш, үйлдвэрлэгчдэд эрхийг нь олгох, цаашлаад үйлдвэрлэгчид хэрхэн нэгдэж кластраар бараа бүтээгдэхүүнээ үйлдвэрлэж, дотооддоо борлуулах вэ гэдэг чиглэлүүдээр ярилцаж санал солилцлоо. Хүүхэд залууст болон нийслэлчүүддээ үндэсний үйлдвэрлэлийн бүтэгдэхүүнээ худалдан авах, “Эх оронч” худалдаа хийхийг уриалах зэрэг олон ажлыг хамтран хэрэгжүүлнэ” хэмээн ярилаа гэж НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх