Газрын зөрчил арилгах нэгдсэн арга хэмжээг зохион байгуулах тухай нийслэлийн Засаг Даргын 2018 оны А/168 дугаар захирамжаар байгуулагдсан “Ажлын хэсэг” Улаанбаатар хотын замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, авто замын хөдөлгөөний ачааллыг бууруулах, түгжрэл, саатлыг багасгахад дэмжлэг үзүүлэх зорилгоор орц, гарц болон явган хүний зам хаасан зөрчлүүдийг газар дээр нь шалгаж, зөрчлийг арилгуулах арга хэмжээ авч ажиллаж байна.
Зөрчил арилгах нэгдсэн арга хэмжээний хүрээнд нийслэлийн хэмжээнд зуслангийн ногоон бүсэд орц гарц гаргах, төвийн хэсэгт орц, гарц чөлөөлөх, илүү талбай татсан , 2 жилээс дээш газраа ашиглаагүй, мөн зөөврийн контейнер, ТҮЦ-ийг зөвшөөрөлгүй ачиж байршуулсан зөрчлүүдийг шалгаж арга хэмжээ авах юм байна.
Энэ ажлын хүрээнд өчигдрөөс эхлэн Нийслэлийн засаг даргын орлогч П.Баярхүүгээр ахлуулсан ажлын хэсэг Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт байрлах авто зам, нийтийн эзэмшил, бусдын орц, гарцыг хаасан газрын зөрчлийн судалгааны дагуу орц, гарц чөлөөлөх ажилтай газар дээр нь очиж танилцлаа.
Тус ажлын хэсэг НАЗХГ, НГА, НМХГ, НХТЕТГ болон Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтэс багтсан юм. Энэ үеэр НЗД-ын орлогч П.Баярхүү “ Нийслэлийн газрын алба, дүүргийн газрын албаныхантай хамтран гаргасан хуваарийн дагуу долоо хоногт хоёр удаа зуслангийн ногоон бүсэд орц, гарц гаргах шаардлагатай газруудыг шалгаж, танилцах хэрэгтэй байна. Ажлын хэсгийн судалгаанд хамрагдсан зөрчилгүй чөлөөт орц, гарц явган хүний зам хаагдсан байршлуудыг газар дээр танилцаж зохих арга хэмжээ авна. Нийслэлийн засаг даргын захирамжийн хугацаа дуустал зөрчилтэй газруудаар шалгалтаа долоо хоног бүр хийж , чөлөөлөгдсөн эсэхийг шалгаад хариу мэдэгдэж ажиллах хэрэгтэй.” гэв.
Чингэлтэй дүүргийн хоёрдугаар хорооны 24 дүгээр сургуулийн урд талбай, тус дүүргийн гуравдугаар хороонд байрлах Мандухай зочид буудлын урд талбай, Урт цагааны урд талд үйлчилгээний төв хашаагаа сунгасан, ард талд нь зөвшөөрөлгүй хашаа татсан, дүүргийн цагдаагийн хэлтсийн ард талд хашаа татсан гэх мэт зөрчлүүд байгаа аж. Үүнээс гадна Бөмбөгөр худалдааны төвийг тойрсон хэд хэдэн зөрчил илэрсэн бөгөөд тус зөрчлүүдийг арилгуулах чиглэлээр Аж ахуй нэгжүүдэд тодорхой хугацаатай шаардлага хүргүүлэхийг Нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүү холбогдох албаныханд үүрэг болголоо.
Иргэдийн зүгээс зам чөлөөлөх ажил дээр санал хүсэлтээ илэрхийлж, нийслэлээс зохион байгуулж буй энэхүү ажлыг дэмжин ажиллана гэдгээ илэрхийлсэн бөгөөд нийслэлд зам чөлөөлж буй байршил, ажлын явц болон бусад холбогдох мэдээллийг тухай бүрт нь Ажлын хэсэгт мэдээлж байхаа хэлэв.