Малын өвчнөөс урьдчилан сэргийлэх төлөвлөгөөт ажил орон даяар явагдаж байна

2018 оны 05-р сарын 29 өдөр, 20 цаг 39 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
126

УИХ-аас баталсан “Малын генетик нөөцийн тухай”, “Мал, амьтны эрүүл мэндийн тухай” хуулийг хэрэгжүүлэх бэлтгэл ажлын хүрээнд ХХААХҮЯ, Мал эмнэлэг, үржлийн газраас санаачлан жил бүрийн 5 дугаар сарын 1-ний өдрөөс 10 дугаар сарын 20-ны өдөр хүртэлх хугацаанд улс орон даяар мал сүргийг өвчнөөс урьдчилан сэргийлэх болон малын үржүүлэг, селекцийн ажил, үйлчилгээг хэрэгжүүлэх бүх нийтийн ажил болгон аян хэлбэрээр зохион байгуулах Засгийн газрын шийдвэр гарсан.

 Энэ дагуу малын өвчнөөс урьдчилан сэргийлэх болон малын үүлдэр угсааг сайжруулах  технологийн ажил орон даяар үргэлжлэн явагдаж байна. Тухайлбал, Орхон аймагт мал сүргийг халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээг гүйцэтгүүлэхээр одоогоор найман мал эмнэлэгтэй гурвалсан гэрээ байгуулаад ажиллаж байна. Аймгийн хэмжээнд 2018 онд 9 төрлийн халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцинжуулалтад 55 мянган толгой мал хамруулахаар төлөвлөснөөс одоогийн байдлаар 11,7 мянган толгой бог малыг урьдчилан сэргийлэх вакцинжуулалтад хамруулжээ.

 ХХААХҮЯ-ны харьяа Мал эмнэлэг, үржлийн газраас ирсэн хуваариар Орхон аймгийн 715 өрхийн 30,7 мянган мал, амьтныг малын өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцинжуулалтад хамруулах ёстой. Одоо энэ ажил 50 хувьтай явагдаж байна. Мөн Орхон аймагт малын сэг зэм устгах, ариутгал халдваргүйжүүлэлтийн арга хэмжээг зохион байгуулсан байна. 4000 гаруй малын сэг зэмийг устгаж, нийт 137 мянган м2 талбайд ариутгал халдваргүйжүүлэлт хийсэн байна. Мөн мал сүргийг паразит өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээний хүрээнд 3,2 мянган малыг туулгалтад, боловсруулалтад 30,5 мянган мал хамруулжээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх