Бидний нэрлэж заншсанаар “120”-ын автобусны буудал. Энэ буудлын архан талд Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо байрладаг юм байна. Энд манай сурвалжлах багийг өчигдөр 15 цагийн үед очиход тэргэнцэртэй иргэдийн төлөөлөл болон хараагүй иргэдийн төлөөлөл мөн Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газрын ажилчид угтан авав. Манай сурвалжлах багийг ирээд удаагүй зогсож байтал тэргэнцэртэй иргэд тусгай зориулалтын багаж гарган тухайн орчныхоо явганы хүний замыг хэмжиж эхлэв. Учрыг лавлан асуувал тэргэнцэртэй иргэд өөрсдийн оролцоотойгоор явган хүний зам талбайг стандартын дагуу байна уу гэдгийг шалган үнэлгээ тогтоож байгаа нь тэр аж. Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газар, “Тэргэнцэртэй Иргэдийн Үндэсний Холбоо” хамтран дүүргийн нутаг дэвсгэр дэх нийтийн эзэмшлийн гудамж, зам талбай хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хүртээмжтэй, аюулгүй байгаа эсэхэд үнэлгээ хийгдэж байгаа ажлын нэг хэсэг нь байв.
ХУД-ийн Засаг даргын Тамгын газраас тэргэнцэртэй иргэдтэй гэрээ байгуулж, хоёр сая төгрөгийн төсөв баталж үнэлгээг өөрсдийнх нь оролцоотойгоор хийлгэж байгаа нь үнэхээр сайшаалтай байлаа. Манай сурвалжлах баг тэргэнцэртэй иргэдтэй хамт 1 дүгээр хорооны байрнаас алхсаар “120”-ын автобусны буудал хүрэх хооронд 200 орчим метр газар тухайн иргэд хэмжилтээ хийж үнэлгээгээ тогтоосоор байв. Энэ хооронд хэдий явган хүний зам байгаа боловч яг стандарт шаардлагыг хангахгүй байгааг тэд онцолж байв. Зам дээгүүр тавьсан гүүрэн гарц нь дээр ирэхэд гүүрэн гарц руу орох хэсэгт налуу зам тавьсан боловч нь тэр нь элэгдсэн хагарсан муудсан тэргэнцэртэй иргэд явах боломжгүй болсон нь харагдав. Мөн хараагүй иргэдэд зориулсан товгор зам бүрэн тавигдаагүй энд тэнд тавьсан байдалтай байв.
Газар дээр нь үнэлгээ хийж ажиллаж буй Монголын тэргэнцэртэй иргэдийн холбооны ажилтан Б. Ганбаатараас бид бүхэн зарим зүйлийг тодрууллаа.
ХУД-ээс Засаг даргын Тамгын газар тэргэнцэртэй иргэдийн хамтран хийж байгаа энэхүү ажлынхаа талаар юуны өмнө мэдээлэл өгөөч?
Хан-Уул дүүрэг яг одоогийн байдлаар хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд өөрийнхөө хороо, өөрийнхөө дүүрэгт хүртээмжтэйгээр хүссэн газар луугаа чөлөөтэй явж чадаж байна уу гэдгийг судалж тогтоохоор бид нарт санал тавиад үнэлгээ хийлгэж байгаа. Өнгөрсөн жил бид нар бас ХУД-ийн Засаг даргатай хамтран дүүргийн үйлчилгээний 26 байгууллагад үнэлгээ хийсэн байгаа. Засаж сайжруулах тал дээр нь зөвлөгөө өгсөн. Энэ жил түрүү жилийнхээ ажлын үргэлжлэл болгоод нийслэлээс зарлагдсан аяны хүрээнд явж байна. Өчигдөр бид нар Биокампинат, Нисэх, Яармаг зэрэг газруудаар үнэлгээ хийсэн, ганц нэг дутагдалтай зүйл байсан. Урд урдын жилүүдийг бодвол явган хүний зам, гарцуудад сайжирсан зүйл их байсан.
Яг газар дээрх нөхцөл ямар байна? бид нар 1-р хорооноос 120-ын автобусны буудал орох 200 метр газар та хэдэд зориулсан зам талбай хэр байна?
Хорооноос наашаа явах хэсэгт явганы хүний зам нийлээн бага байна. Автобусныхаа буудал руу дөхөөд ирэхээр зам нь бол нийлээн сайжирч байна. Хэд хэдэн замууд гарч ирж байна. Нийтийн эзэмшлийн ногоон байгууламжтай замаар явах зам ч гарч ирж байна. Энийгээ үргэлжлүүлээд хороо, гэр лүүгээ явах замын илүү сайжруулах өгвөл болж байна.
Та хэдийг үнэлгээ хийх ажил хэр хугацаанд үргэлжлэх үү? Цаашид гарах үр дүн?
Энэ ажлын гол зорилго нь тухайн оршин суугч өөрийнхөө хороо гудамжийг үнэлж, засаж сайжруулах юм. Бид бол тулгуур эрхтний эрхшээлтэй иргэд зорчиход хэр байна тэрийг л тогтоож үнэлгээ хийж байна. Дээр нь харааны бэрхшээлтэй иргэд манай багт орж ажиллаж байна. Жишээ хараагүй иргэдэд зориулсан зам гарахад нь хэрэглэдэг дуут дохио ганцхан манай дүүрэгт байдаг. Энэ нь бас манай дүүрэг хөгжлийн бэрхшээлтэй иргэд рүүгээ хандаж сайн ажиллаж байна гэж ойлгодог.
Энэ хүрээд бидний ярилцлага өндөрлөж тэргэнцэртэй иргэд дараагийн хэмжилтээ хийхээр цааш хөдөлсөн юм. Манай сурвалжлах баг нэмэлт мэдээлэл авах үүднээс ХУД-ийн Засаг даргын Тамгын газрыг зорьсон юм. ХУД-т ирэхэд Засаг даргын Тамгын дарга Б. Энхболд биднийг өрөөндөө хүлээн авч, хөгжлийн бэрхшээлтэй иргэд талаар дүүргээс авч хэрэгжүүлж буй ажлуудын талаар мэдээлэл өгсөн юм.
Засаг даргын Тамгын газрын дарга Б. Энхболд:
Хан-Уул дүүрэг маань нийт 170,000 иргэдтэй, хөгжлийн бэрхшээлтэй 5300 иргэн оршин суудаг. Дээрх иргэдээс маань гудамж талбайн уулзвараар зорчих, байгууллага аж ахуйн нэгжүүдээр үйлчлүүлэхэд орц гарч стандарт бусаас болж хүндрэл бэршээл учирдаг талаар санал хүсэлт их гаргадаг. Тийм учраас хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн холбоотойгоо хамтраад ХУД-т байгаа 16 хорооний нийтийн эзэмшлийн зам талбайд өөрсдөө бодит байдал дээрх үнэлгээ хийгээд бидэнд өгөөч гэсэн хүсэлт тавьсан. Энэ хүсэлтийн дагуу хөгжлийн бэрхшээлтэй иргэд маань бидэнд бодиттой судалгаа үнэлгээ өгч байна. Үнэлгээгээ судалгаа бүрэн дуусахад бид бүхэн энэ судалгаанд үндэслээд стандартын дагуу зам талбайг янзалж засах юм. Манай дүүрэг хөгжлийн бэршээлтэй иргэдээ их анхаарч ажилдаг.
Жишээ нь дүүргийн байрны гадна зогсоолд хоёр автомашины зогсоолыг ногооноор будаж янзлаад зөвхөн хөгжлийн бэрхшээлтэй иргэд машинаа тавьдаг болгосон. Мөн нийтийн бие засах өрөө, нэг цэгийн үйлчилгээний төвөө хүртэл эдгээр иргэддээ зориулж засаж янзалсан байгаа. Нэгэнт баригдаад одоо ашиглаж байгаа ч стандартаар нь бариагүй зам талбайг үе шаттайгаар засаж янзлан гэж төлөвлөж байгаа. Энэ ажлын минь гол онцлог нь төрийн зарим чиг үүргийг төрийн бус байгууллагаар гүйцэтгүүлж болно гэсэн хуулийн заалтын хүрээнд энэхүү ажлаа хийж байна. Энэ ажил бүрэн хэрэгжсэнээр хөгжлийн бэрхшээлтэй иргэд Хан-Уул дүүрэгт аюулгүй тайван зорчих нөхцөл бүрдэнэ.
Мөн Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газраас хөгжлийн бэрхшээлтэй иргэддээ олон ажил хэрэгжүүлж байгаа, цаашдаа ч олон ажил хийхээр төлөвлөсөн байгааг Тамгын газрын дарга Б. Энхболд дарга онцлон хэллээ.
Эх сурвалж: Хан-Уул дүүрэг