Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийг боловсронгуй болгох талаар хэлэлцэв

2018 оны 05-р сарын 17 өдөр, 15 цаг 44 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
DSC_0078-Large-890x495@2x

“Гадаадын иргэний эрх зүйн байдал, үнэлэлт дүгнэлт, цаашдын чиг хандлага” сэдэвт эрдэм шинжилгээний хурал өнөөдөр Гадаадын иргэн, харьяатын газарт боллоо.  Тодруулбал, Гадаадын иргэн, харьяатын газраас байгууллагын албан хаагчдын бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх, онол-практикийн мэдлэгийг гүнзгийрүүлэх, мөн одоо мөрдөгдөж буй Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах асуудлыг ул суурьтай авч үзэж, судалгаанд тулгуурласан, шинжлэх ухааны үндэслэлтэй саналуудыг нэгтгэх зорилгоор нийт албан хаагчдын дунд уг эрдэм шинжилгээний хурлыг зохион байгуулж байна.

Эрдэм шинжилгээний бага хуралд Гадаадын иргэн, харьяатын газрын удирдлага болон нийт албан хаагчид оролцлоо. Гадаадын иргэн, харьяатын газрын дарга Д. Мөрөн уг эрдэм шинжилгээний хурлыг нээж хэлсэн үгэндээ “ Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 он хүртэлх үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт манай байгууллагатай холбоотой 6 заалт орсон. Үүний нэг  нь  Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай юм. Өөрөөр хэлбэл манай байгууллагын ажиллах эрх зүйн орчныг боловсронгуй болгох заалт орсон гэсэн үг. Мөн Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулиас гадна манай байгууллагын өдөр тутмын үйл ажиллагаандаа мөрдлөг болгож ажилладаг гурван журам бий. Эдгээр хууль болон журмууд нь 2010 онд батлагдаж байсан. Үүнээс хойш багагүй хугацаа өнгөрлөө. Энэ хугацаанд өөрчлөлт оруулах шаардлагатай, засаж залруулах олон асуудал гарч ирж байна. 2010 онд  батлагдсан хууль бол муу хууль биш. Гэхдээ нийгэм хөгжиж, гадаадын иргэний эрх зүйн байдлын хэм хэмжээ өөрчлөгдөж буйтай холбоотойгоор хуулиар зохицуулсан зарим асуудлуудад нэмэлт өөрчлөлт оруулах зайлшгүй гарч байна.

 Энэ хүрээнд Гадаадын иргэн, харьяатын газрын нийт албан хаагчдын дунд энэхүү эрдэм шинжилгээний бага хурал, хэлэлцүүлгийг зохион байгуулж байна. Өнөөдрийн эрдэм шинжилгээний хурлын илтгэлүүдээс Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуульд оруулах саналуудыг нэгтгэнэ. Та бүхэн бол уг хуулийн хэрэгжилтийг хангаж, үйл ажиллагааг нь гардан явуулж буй учраас хуульд зайлшгүй оруулах шаардлагатай саналуудаа өгөх хэрэгтэй. Тэр дундаа манай албан хаагчдын ажил үүргээ гүйцэтгэх, нийгмийн баталгааг хангах чиглэлд анхаарах ёстой. Мөн хүний эрхийг хангах, гадаадын иргэдэд холбогдолтой зохицуулалтыг олон улсын жишигт нийцүүлэх чиглэлээр та бүхний санал чухал” хэмээн тодотгов.

Тус хурлаар албан хаагчдаас ирүүлсэн 7 илтгэлийг танилцуулж, үндсэн үйл ажиллагааны чиглэлээрх асуудлаа ярилцаж, нээлттэй хэлэлцүүлэг өрнүүлсэн юм.  Тухайлбал, Эрх зүй, гадаад харилцааны хэлтсийн хуулийн мэргэжилтэн М. Золзаяа  “Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хууль тогтоомж, чиг үүргийг хэрэгжүүлэгч байгууллагын онцлог, улс орнуудын чиг хандлага”  сэдвээр илтгэж тавьж, ижил чиг үүрэг бүхий байгууллагуудын хөгжлийн чиг хандлага, эрх зүйн зохицуулалт болон олон улсын Иммигрейшний байгууллагуудын тогтолцоо хэрхэн явагддаг тухай онцлов. Мөн Тамгын газрын хүний нөөцийн ахлах мэргэжилтэн Д. Шинэбаяр “Гадаадын иргэний асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага, ажилтны эрх зүйн байдал, нийгмийн баталгаа” сэдвээр, Виз зөвшөөрлийн газрын мэргэжилтэн Т. Мягмардорж “Виз, оршин суух зөвшөөрлийн тухай ойлголт, чиг хандлага”,  Хяналт, шалгалтын газрын хяналтын улсын байцаагч Ч. Өсөхбаяр “Гадаадын иргэдэд тавих хяналт, цаашдын чиг хандлага”, Харьяатын газрын мэргэжилтэн Б. Төрболд “Гадаадын иргэний эрх, үүрэг, онцлог, чиг хандлага”, Мэдээллийн технологийн хэлтсийн ерөнхий инженер Ш. Алтантулга “Гадаадын иргэдэд үзүүлэх үйлчилгээнд мэдээллийн технологийг ашиглах хэрэгцээ шаардлага”, Боомт орон нутгийн хэлтсийн мэргэжилтэн Мөнхтулга “Хилийн боомт дахь үйл ажиллагаа бусад орны туршлага” зэрэг сэдвийг хөндөж, судалгаа шинжилгээ хийсэн байна.

Илтгэл бүр бодит байдалд хэрэгжиж болохуйц шинэлэг санаа, баримтаар баталгаажсан үнэлэлт дүгнэлттэй, тулгамдаж буй асуудлын гарцыг эрэлхийлж, шинэлэг санааг тусгасан байснаас гадна бусад ижил  чиг үүрэг бүхий улс орнуудын туршлагыг судалж, харьцуулан дүгнэлт хийсэн нь онцлог байлаа.

Ийнхүү одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж буй Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах, цаашдын хөгжлийн чиг хандлагыг тодорхойлоход Гадаадын иргэн, харьяатын  газрын албан хаагчид өөр өөрсдийн саналыг тусгасан, эрдэм шинжилгээ, судалгаа, аргазүйн хувьд өндөр үр дүнтэй хурал болж өндөрлөлөө.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх