Эрхтэн шилжүүлэн суулгуулагсдын Монголын холбооны гүйцэтгэх захирал М.Батболдтой хийсэн ярилцлагыг хүргэж байна.
-Эрхтэн шилжүүлэн суулгуулсан хүн Монголд хэр олон байдаг вэ?
-Одоогоор эрхтэн шилжүүлэн суулгуулсан 400 орчим хүн байгаа. Энэ хүмүүсийн хувьд гадаадын орнууд болон Монголдоо эрхтэн шилжүүлэн суулгуулах мэс ажилбарыг хийлгэсэн байдаг. Хаана хийлгэснээсээ үл хамааран энэ тал дээрээ бүгд л адилхан жаргал зовлонтой хүмүүс.
– Эрхтэн шилжүүлэн суулгуулагсдын Монголын холбооны зорилго, үйл ажиллагааны талаар товч мэдэлэл өгөхгүй юу?
-Эрхтэн шилжүүлэн суулгуулсан хүмүүс сайн дураараа эвлэлдэн нэгдэж энэ холбоог байгуулсан. Манай холбоо байгуулагдаад 13 жилийн нүүрийг үзэж байна.
Хамгийн гол нь эрүүл мэндийн хувьд ижил асуудалтай хүмүүс ингэж эвлэлдэн нэгдэх нь өөрсдийн эрх ашгаа хамгаалах, тулгамдаж буй асуудлаа хамтран шийдвэрлэх, төр засагтаа хүргэх, түүнчлэн жаргал зовлонгоо хуваалцах боломж бий болдог. Мөн ард иргэдэд өвчнөөс урьдчилан сэргийлэх талаар эрүүл мэндийн зөвлөгөө өгч соён гэгээрүүлэх ажилд үйл ажиллагаагаа хандуулдаг
Нөгөө талаасаа Эрхэн шилжүүлэн суулгалтын Монголын холбоо гээд мэргэжлийн холбооныхоо эмч мэргэжилтэн нартай хамтран ажиллаж бие биедээ дэм түшиг болж явах нь манай холбооны бас нэг зорилго юм.
-Эрхтэн шилжүүлэн суулгуулсан хүмүүсийн хувьд тулгамдаж буй ямар асуудал байдаг вэ?
-Хамгийн түрүүнд яригддаг асуудал бол санхүүгийн боломж чадал, өөрөөр хэлбэл ийм хүмүүсийн худалдан авах чадварын тухай юм. Эрхтэн шилжүүлэн суулгуулснаар бүх асуудал шийдэгдчихэж байгаа юм биш. Тухайн хүн гам дэглэмээ маш сайн сахихаас гадна үргэлжлүүлээд хэд хэдэн төрлийн дархлаа дарангуйлах эмийг насан туршдаа тасралтгүй ууж байх ёстой. Ингэж дархлаа дарангуйлах эм хэрэглэж байж солиулсан эрхтнээ өөриймшүүлж явдаг. Эдгээр эмийг бүгдийг гаднаас импортолдог болохоор үнэ өртгийн хувьд харьцангуй өндөр байдаг. Дээрээс нь валютын ханш, бусад хүчин зүйлийн улмаас үнэ нь нэмэгддэг. Импортлогч компаниуд үнээ гэнэт нэмдэг гэхчлэн асуудал бий. .
Тухайлбал, Myrept гэдэг дархлаа дарангуйлах эмний нэг хайрцагыг 162500 төгрөгөөр авдаг байсан. Гэтэл нэг өглөө босоход л энэ эм нь 245 0000 болж нэмэгдсэн тохиолдол гарсан. Ингэхээр эрхтэн солиулсан хүмүүсийн хувьд санхүүгийн маш хүнд цохилт болж байна гэсэн үг. 82500 төгрөг нэмэгдлээ гэсэн үг. Манай ТББ энэ талаар импортолдог байгууллагатай харилцан ярилцаж энэ эмийг 185500 төгрөгөөр борлуулдаг болголоо. Хэдийгээр хуучин үнийн хэмжээнд хүрээгүй ч гэсэн дархлаа дарангуйлдаг эм хэрэглэдэг 400-аад хүнд учраад байсан санхүүгийн дарамтыг бага ч гэсэн хөнгөлж өгсөнд талархаж байгаа.
-Эдгээр эмийг улсаас үнэ төлбөргүй эсвэл хөнгөлттэй үнээр олгох боломж байхгүй юу. Энэ талаар асуудал тавьж байв уу?
-Төр засгаас анхаарахгүй биш анхаарч байгаа. Эрхтэн шилжүүлэн суулгуулсан хүмүүсийн байнга ууж хэрэглэх ёстой програф, циклоспорин гээд эм бий. Эдгээр нь хамгийн өндөр үнэтэй нь. Энэ эмийн үнийг төрөөс дааж байгаа. Гэхдээ үүнээс гадна цаана нь бас Mycophenolate mofetil гэдэг дархлаа дарангуйлах болон бусад шаардлагатай эмийг өөрсдөө авч уудаг. Үүнд багадаа сар бүр 300 000 төгрөг зарцуулах болдог. Үүн дээр сардаа заавал өгөх ёстой шинжилгээ, хийлгэх ёстой эмчилгээ гээд зардлууд нэмэгдэнэ. Манай гишүүдийн нэлээд хэсэг нь хөдөө орон нутагт амьдардаг. Эдгээр хүмүүст Улаанбаатарт ирж хяналтын үзлэгтээ орох, эмээ авахад унааны зардлаас эхлээд олон зардал гарна.
Эрхтэн шилжүүлэн суулгуулсан хүн дархлаа дарангуйлах эм байнга ууж байгаа болохоор ханиуд томуу бусад өвчинд амархан нэрвэгдэх, эмийн гаж нөлөөнөөс болж чихрийн шижинтэй болох зэрэг сөрөг зүйл олон байдаг. Түүнчлэн олон төрлийн эмийг удаан хугацаагаар байнга хэрэглээд ирэхээр ходоод элэг зэрэг эрхтэнд таагүй нөлөөлдөг. Тиймээс эдгээр эрхтнээ хамгаалах эмийг давхар хэрэглэх болдог. Зарим нэг хүн бол эмийг атга атгаар л ууна шүү дээ. Энэ эм, эмчилгээндээ сардаа сая төгрөг зарцуулах үе ч гарна.
-Төрөөс дааж байгаа эмээс бусад эмийнх нь үнийг хөнгөлүүлэх, даатгалд хамруулах боломж байж болох уу?
-Энэ асуудлаар манай холбоо асуудал тавьж хөөцөлдөж байна. Бид саналаа ЭМЯ болон бусад холбогдох газарт хүргүүлсэн. Удахгүй шийдэж өгөх байх гэж найдаж байна. Эмийн үнийг ядахад 50 хувь хөнгөлөөд өгөхөд л эрхтэн шилжүүлэн суулгуулсан хүмүүсийн хувьд маш том дэмжлэг болно.
-Та бүхний байнга ууж хэрэглэж байгаа эдгээр эмийн хүрэлцээ олдоц хэр байдаг вэ?
-Дээхнэ үед эрхтэн шилжүүлж суулгасан эмнэлгүүдээсээ авдаг байлаа. Ямар улсад хийлгэсэн тэр улсынхаа эмнэлэгт хяналтанд байж мөн тэр эмнэлгээсээ эмээ авдаг байлаа. Тэр үед олдоц муу, баталгаатай эсэх нь тодорхойгүй, хувь хүмүүсээр дамжуулан гадаадаас голдуу авдаг байлаа.
Харин одоо өөр болсон. Эм импортлогч үндэсний компаниудаараа дамжуулж авдаг болсон. Тийм учраас баталгаа чанар байдлын хувьд эргэлзэх зүйлгүй болсон нь сайшаалтай. Асуудал ганцхан хэрэглэгч хүмүүсийн санхүүгийн боломж, үнэ өртөг тал дээр л байгаа юм.
– Эрхтэн шилжүүлэн суулгуулсан хүмүүс эрүүл мэндийн талаасаа хөдөлмөр эрхлэх боломжтой юу?
-Биеийн хүчний бус хөнгөн ажил хийх, машин жолоодох зэрэгт ямар ч асуудалгүй. Гагцхүү тухайн хүн гам дэглэмээ сайн сахьж, эмч нарынхаа зөвлөгөөг хэрэгжүүлж эмээ тогтмол хэрэглэж байхад хэд ч насалж урт удаан амьдрах боломжтой. Гэхдээ эрхтэн шилжүүлэн суулгуулсан хүмүүсийн хувьд тэр бүр ажил төрөл эрхлээд байгаа нь цөөхөн байна.
-Яагаад?
-Таарч тохирох ажил олддоггүй байх. Нөгөөтэйгүүр эрхтэн шилжүүлэн суулгуулсан хүмүүс эхний хэдэн жилдээ гамаа маш сайн сахьж бие эрхтнээ тэнхрүүлэх шаардлагатай байдаг болохоор тэр бүр ажил хөдөлмөр эрхлэх боломжгүй. Эрхтэн шилжүүлэн суулгахаас өмнө өвчтөнийг группэд оруулдаг. Гэхдээ эрхтнээ солиулангуут шууд группээс нь гаргачихдаг. Энэ буруу. Зүй нь тэр хүнийг эрүүл мэндийн хувьд хөдөлмөр эрхлэх боломжтой болтол байлгах хэрэгтэй байгаа юм. Үгүй ядахнаа эрхтэн шилжүүлэн суулгуулснаас хойш төдөн жил группыг нь сунгаж байвал их хэрэгтэй байгаа юм л даа.
-Холбооны гишүүдэд өөр ямар тулгамдсан асуудал байна вэ?
-Үндсэндээ дээр хэлсэн санхүүгийн бэрхшээл, эмийн үнэ, группыг сунгах асуудал л байгаа юм. Зарим нэг нь амь насаа аврахын тулд хурааж хумьсан хэдийгээ барчихсан, одоо бол үр хүүхэд, ах дүү хамаатныхаа гарыг харсан хүмүүс байгаа шүү дээ. Харин элэг бөөр мэт эрхтнийг эх орондоо шилжүүлэн суулгуулдаг болсон нь эмчлүүлэх шаардлагатай хүмүүсийн санхүүгийн бэрхшээлийг ихэд хөнгөвчилж, өртөг зардлын дийлэнхи хэсгийг эрүүл мэндийн даатгалаас гаргадаг болсон нь үнэхээр том дэмжлэг болсон.
Өвчин гэдэг хэлж ирдэггүй хэнд ч тохиолдож болох эрсдэл. Тиймээс төр засаг эрхтэн шилжүүлэн суулгуулсан хүмүүсийн энэ хоёр асуудал дээр л анхаарч дэмжээсэй гэж хүсэж байна.
-Ярилцсанд баярлалаа