Улсын Их Хурлын Тамгын газар хуулиар хүлээсэн үүргээ хангалттай хэрэгжүүлж байна гэж Байнгын хороо дүгнэлээ

2018 оны 05-р сарын 09 өдөр, 14 цаг 37 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
0edbf456-167f-4b4f-b43b-491a998e4fe2

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн (2018.05.09) хуралдаанаар гурван асуудал хэлэлцэж шийдвэрлэлээ. Байнгын хорооны хуралдаан 9 цаг 27  минутад 52.6 хувийн ирцтэй эхэлсэн юм.

Ёс зүйн дэд хорооны даргаар С.Бямбацогтыг сонголоо

   Байнгын хорооны хуралдаанаар эхлээд УИХ-ын Ёс зүйн дэд хорооны даргыг сонгох тухай асуудал хэлэлцлээ. Тус дэд хорооны дарга байсан УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан Төрийн байгуулалтын байнгын хорооны даргаар сонгогдон ажиллаж байгаа. Тиймээс дэд хорооны даргыг шинээр сонгох шаардлагатай болсон байна.

    Байнгын хорооны дарга Д.Дүндээжанцан тус дэд хорооны даргад УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэнг нэр дэвшүүлсэн бол УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа тус дэд хороог парламентад удаа дараа сонгогдож ажилласан гишүүн ахлах нь зохистой юм гээд УИХ-ын гишүүн С.Бямбацогтыг нэр дэвшүүлэв.

    Дэд хорооны даргыг сонгох асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ, М.Энхболд, Н.Энхболд, Ж.Эрдэнэбат нар үг хэлж байр сууриа илэрхийлсэн юм. Нэр дэвшигч УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн хэлэлцүүлгийн явцад нэрээ татсан тул УИХ-ын гишүүн С.Бямбацогтыг Ёс зүйн дэд хорооны даргаар сонгох санал хураалгахад Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн 80 хувь нь дэмжлээ.   

УИХ-ын Тамгын газрын 2017 оны үйл ажиллагааны тайланг сонсов

    Байнгын хорооны хуралдаанаар УИХ-ын Тамгын газрын 2017 оны үйл ажиллагааны тайланг сонсов. Хуралдаанд УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга болон нарийн бичгийн дарга, хэлтэс, нэгжийн дарга нар, холбогдох бусад албан тушаалтнууд оролцлоо.

    УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Цолмон Тамгын газрын 2017 оны үйл ажиллагааны тайланг танилцуулав.

   УИХ-ын Тамгын газар 2017 онд Монгол Улсын Их Хурлын тухай хууль, Тамгын газрын дүрэм болон холбогдох бусад хууль тогтоомжийн хүрээнд үйл ажиллагаагаа эрхлэн явуулж, УИХ-ын үйл ажиллагаанд мэргэжил, арга зүй, техник, зохион байгуулалтын туслалцаа үзүүлэх үүргээ бүрэн биелүүлж ажилласныг Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга тайлангийн эхэнд онцлоод УИХ-ын хууль тогтоох, хянан шалгах болон бусад үйл ажиллагаанд Тамгын газраас үзүүлсэн мэргэжил, арга зүйн зөвлөгөө, авч хэрэгжүүлсэн удирдлага, зохион байгуулалтын арга хэмжээг чиглэл тус бүрээр нь товч танилцуулсан юм. 

     Улсын Их Хурлын хууль тогтоох үйл ажиллагааны хүрээнд:

    УИХ-аас 2017 онд нийт 459 хууль, УИХ-ын бусад шийдвэрийн төсөл баталсан бөгөөд тэдгээрийг хэлэлцэн батлах бэлтгэл ажил, нэгдсэн чуулган болон Байнгын, дэд хорооны хуралдааны хэвийн үйл ажиллагааг хангахад УИХ-ын Тамгын газар нь мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгөх хуулиар хүлээсэн чиг үүргээ амжилттай хэрэгжүүлж ажиллажээ. Тухайлбал, хууль тогтоомжийн төслийг хэлэлцэх эсэх асуудлаар 137, анхны хэлэлцүүлэг хийсэн талаарх 144 санал, дүгнэлт боловсруулж, 2319 зарчмын зөрүүтэй саналын томьёоллыг бэлтгэжээ. Мөн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн 54 танилцуулга, 218 зарчмын зөрүүтэй саналын томьёоллыг бэлтгэж, 372 хууль, 87 тогтоолын эцсийн найруулгыг хийж, чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулж, ёсчлуулсан байна.

    Тайлант хугацаанд УИХ-ын 63 удаагийн нэгдсэн хуралдаан, Байнгын хороодын 221, дэд хороодын 10 удаагийн хуралдааныг хэвийн явуулах бэлтгэлийг хангаж хуралдуулжээ. Энэ хугацаанд зөвхөн чуулганы нэгдсэн хуралдааны явцын талаар 1082 хуудас гар тэмдэглэл хөтөлж, дууны бичлэгээс 5463 хуудас дэлгэрэнгүй тэмдэглэлийг буулган хянан нийлж, 5970 хуудас тэмдэглэл, хавсралт 6545 баримт бичиг бүхий 12515 хуудас архивын баримт бүрдүүлсэн байна.

    Мөн хууль, УИХ-ын бусад шийдвэрийг Байнгын хороо болон нэгдсэн хуралдааны хэлэлцүүлэгт бэлтгэх, хэрэгжилтийг хянан шалгах, үнэлэлт, дүгнэлт гаргах чиглэлээр Байнгын хорооны тогтоол болон УИХ-ын даргын захирамжаар байгуулагдсан нийт 64 ажлын хэсгийн хуралдааныг 360 удаа зохион байгуулж, 53 ажлын хэсгийн танилцуулгыг бэлтгэж, Байнгын хороодын хуралдаанд танилцуулж шийдвэрлүүлжээ.

    2017 онд УИХ-д нийт 18849 иргэнээс 22007 хуудас бүхий 3263 өргөдөл /нийслэлийн иргэдээс 2089 буюу 63.8 хувь, хөдөө орон нутгийн иргэдээс 1174 буюу 36.2 хувь/ ирүүлснээс 155 буюу 4.7 хувь нь нийтийн эрх ашгийг төлөөлсөн, 2643 буюу 80,9 хувь нь хувийн асуудлаар, харин 465 өргөдлийг УИХ-ын гишүүний гарт нь гэж хаяглаэ ирүүлсэн байна. Энэ хугацаанд УИХ-ын гишүүд болон Байнгын хороодод иргэд, байгууллагаас 2042 албан бичиг, өргөдөл, гомдол, хүсэлт, материал ирснээс 1677-д нь хуульд заасан журмын дагуу хариу өгч шийдвэрлэжээ.

    Тайлант хугацаанд УИХ-ын Тамгын газраас зохион байгуулсан нэг томоохон ажил нь Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаар анхдугаар зөвлөлдөх санал асуулга явуулах болон ард түмний бүрэн эрхт байдал, оролцоог хангах чиглэлээр авч хэрэгжүүлсэн арга хэмжээ юм. УИХ-ын Тамгын газар нь Төрийн байгуулалтын байнгын хорооны ажлын хэсэг, Улсын Их Хурлын гишүүд, Зөвлөлдөх зөвлөл, Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Үндэсний статистикийн хороо, нийслэл, орон нутгийн удирдлага, бусад холбогдох албан тушаалтантай хамтран Монгол Улсын нийт хүн амыг төлөөлөх боломжтой иргэдээс судалгаа авах, тэднийг Улаанбаатар хотод ирүүлэх, байрлуулах, зөвлөлдөх санал асуулга хийх, судалгаа, санал асуулгын дүнг нэгтгэх ажлыг зохион байгуулсан. Энэ ажлын хүрээнд Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн даргын 298 дугаар захирамжаар Зөвлөлдөх зөвлөлийн ажлын албыг байгуулж, уг ажилд Тамгын газрын бүх ажилтныг татан оролцуулсан.

    Зөвлөлдөх санал асуулгын нэгдүгээр шатны санал асуулгад Монгол Улсын нийт хүн амаас санамсаргүй түүврийн аргаар сонгогдсон 1570 иргэнийг хамруулж, хоёр дахь шатны санал асуулгад нэгдүгээр шатны санал асуулгад оролцсон иргэдээс санамсаргүй түүврийн аргаар 785 иргэнийг сонгон авч Улаанбаатар хотод урьж ирүүлэн Төрийн ордонд хоёр өдрийн турш зөвлөлдсөн.

    Анхдугаар зөвлөлдөх санал асуулгаар УИХ-аас баталсан үндсэн 6 сэдвийн хүрээнд 13 асуудлаар эерэг, сөрөг мэдээллийг өгч, хэлэлцүүлгийн дараа санал асуулгад оролцогчдоос дахин санал авсан бөгөөд санал асуулгын дүнг 2017 оны 05 дугаар сарын 01-ний өдөр нэгтгэн Зөвлөлдөх зөвлөлд гардуулан өгсөн. Зөвлөлдөх зөвлөл санал асуулгын дүнг хэлэлцээд зөвлөмж гаргаж ажлын хэсэг болон УИХ-ын даргад хүргүүлсэн бөгөөд уг зөвлөмжийн хүрээнд Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн эхний хувилбар бэлэн болсон. Улмаар дээрх төслийг УИХ-ын 2017 оны 39 дүгээр тогтоолоор улс, орон нутгийн хэмжээнд хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн юм.

    Энэ ажлын хүрээнд УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн даргын 491 дүгээр захирамжаар дэд ажлын хэсэг байгуулж, Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг олон нийтээр хэлэлцүүлэх, иргэдээс ирүүлсэн саналыг нэгтгэх, дүнг гаргах ажлыг амжилттай зохион байгуулав. Хэлэлцүүлэг зохион байгуулах ажлын хүрээнд “Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн тайлбар болон судалгаа, мэдээлэл, лавлагаа” номыг 27.000 ширхэг хэвлүүлэн 21 аймаг, 9 дүүрэг, төрийн болон төрийн бус байгууллага, номын сан, эрдэм шинжилгээний байгууллагууд, судлаачдад тараажээ. Мөн forum.parliament.mn цахим хуудас, хэлэлцүүлэгт зориулан “Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт” фэйсбүүк пэйж шинээр нээж, ухаалаг гар утасны “Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт” аппликэйшнээр төслийг сурталчилж, иргэдийн саналыг авсан.

    Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг олон нийтээр хэлэлцүүлэх ажлыг сурталчлах, мэдээ мэдээллийг бэлтгэх үүрэг бүхий 14 хүний бүрэлдэхүүнтэй 7 баг 21 аймаг, 53 сум, нийслэлийн 9 дүүрэгт ажиллуулсан.

  Хэлэлцүүлгийн талаарх 263 мэдээг телевиз, сонин сайт, радио, нийгмийн сүлжээгээр олон нийтэд хүргэсэн. Энэ үеэр 750 цаг буюу 45.000 гаруй минутын дүрс бичлэг, 1100 нэгж гэрэл зураг авч, архивын нэгж үүсгэж хадгалсан байна.

   Мөн 21 аймаг, 9 дүүргийн хэмжээнд 68 бүсчилсэн сургалт, хэлэлцүүлэг зохион байгуулж, сургалтад 4705 төрийн албан хаагч хамрагдаж, иргэд, олон нийтээс нийт 327.375 саналын хуудсаар санал авсан бөгөөд аймгуудаас 143.894, нийслэлээс 116.527, “Монголшуудан” ХХК-аас 63.638, хөдөлгөөнт төхөөрөмжид суурилсан программ хангамжаар 3191, цахим хуудсаар 125 саналын хуудас хүлээн авчээ. Хүлээн авсан бүх саналыг нэгтгэх ажил 6 сарын турш хийгдэхээр байсныг 60 хоногт багтаах зорилгоор саналыг цахим мэдээллийн санд оруулах, бүртгэх, тайлан гаргах программ хангамжийг боловсруулж ашигласнаар иргэдээс ирүүлсэн бүх саналыг цахим санд оруулжээ. Мөн иргэдээс ирүүлсэн саналын хуудсыг эмхлэн цэгцэлж 869 хайрцаг буюу 2607 хадгаламжийн цаасан нэгж бүрдүүлж хадгалаад байгаа аж.

    Одоо Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаар улс орон даяар явуулсан анхдугаар зөвлөлдөх санал асуулга болон хэлэлцүүлгийн үр дүнд үндэслэн төслийг эцэслэн боловсруулахаар УИХ-ын ажлын хэсэг ажиллаж байгаа юм.

     УИХ-ын хянан шалгах бүрэн эрхээ хэрэгжүүлэх үйл ажиллагааны хүрээнд:

    УИХ-ын даргын захирамж болон Байнгын хороодын тогтоолоор байгуулагдсан хууль тогтоомжийн хэрэгжилттэй танилцах, хянан шалгах үүрэг бүхий 13  ажлын хэсгийн бүрэлдэхүүнд давхардсан тоогоор УИХ-ын 83 гишүүн  оролцож, Тамгын газрын ажилтнууд УИХ-ын гишүүдэд мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгч ажиллажээ. Тайлант хугацаанд 2016 онд байгуулагдсан 9 ажлын хэсэг үргэжлүүлэн ажиллаж, Байнгын хорооны хяналт шалгалтын хуваарийн дагуу 1, УИХ-ын даргын захирамжаар 1, хуулийн хэрэгжилттэй танилцах, хянан шалгах үүрэг бүхий 2, нийт 4 ажлын хэсэг шинээр байгуулагдаж ажилласан байна. Эдгээрээс хууль тогтоомжийн хэрэгжилттэй танилцах, хэрэгжилтийг хянан шалгах үүрэг бүхий 10 ажлын хэсэг санал, дүгнэлт,  шийдвэрийн төсөл боловсруулан УИХ-ын болон холбогдох Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцүүлж, УИХ-ын 2, Байнгын хорооны 6 тогтоол, Байнгын хорооны хуралдааны тэмдэглэлээр Засгийн газар болон холбогдох байгууллагуудад хугацаатай үүрэг, чиглэл өгч, мэдээлэл сонсохоор шийдвэрлэжээ.

    Тайлант хугацаанд УИХ-ын 21 гишүүн Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүд болон УИХ-д ажлаа шууд хариуцан тайлагнадаг байгууллагуудын даргад хандан 19 асуулгыг 65 асуудлаар тавихад мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгч, асуулгын хариуг хуульд заасан хугацаанд ирүүлэхэд хяналт тавин, асуулга болон асуулгын хариуг цахим хуудсанд байршуулан мэдээллээр хангаж ажиллажээ. Давхардсан тоогоор УИХ-ын 13 гишүүний 11 асуулгын хариуг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд сонсох ажлыг зохион байгуулжээ. Энэ үеэр давхардсан тоогоор 131 гишүүн 344 асуулт асууж, хариулт авч, асуулга тавьсан гишүүд санал бодлоо илэрхийлсэн байна.

    Монгол Улсын Ерөнхий сайд 8 сэдвээр чуулганы нэгдсэн хуралдаанд мэдээлэл хийсэн бөгөөд мэдээлэлтэй холбогдуулан цөөнхийн бүлгийн давхардсан тоогоор 31 гишүүн 80 асуулт асууж, хариулт авчээ. Мөн Байнгын хороодын эрхлэх асуудлын хүрээнд хамаарах яам, агентлаг, газруудын үйл ажиллагаа, хууль тогтоомжийн хэрэгжилтийн талаар 26 удаа мэдээлэл сонсож, мэдээлэлтэй холбогдуулан давхардсан тоогоор УИХ-ын 133 гишүүн 502 асуулт тавьж, хариулт авсан байна.

    УИХ-ын Тамгын газраас хуулийн хэрэгжилтэд хяналт шинжилгээ, үнэлгээ хийх ажлыг тайлант хугацаанд анх удаа эхлүүлсний зэрэгцээ Төсвийн тухай хуулийн хэрэгжилт, нэгдсэн төсвийн гүйцэтгэл, төсвийн төсөлд хийх хяналт, шинжилгээний чиглэлээр онцгойлон анхаарч ажиллажээ. Мөн Байнгын хороод, УИХ-ын гишүүдэд төсвийн талаар тогтмол мэдээлэл өгч иржээ.

    УИХ-ын чуулганаар хэлэлцэх болон гишүүдийн санаачлан боловсруулсан хуулийн төсөлтэй холбогдох судалгаа, мэдээллээр хангах ажлыг шуурхай зохион байгуулж, нийт 39 судалгааны ажил гүйцэтгэхээр төлөвлөснөөс 36 ажил гүйцэтгэжээ.

    Мөн УИХ-ын Номын сангийн фондыг баяжуулах, үйлчилгээг сайжруулах ажлын хүрээнд хууль, эрх зүй, эдийн засаг, төсөв, менежмент,  улс төр, нийгмийн шинжлэх ухааны чиглэлийн 5,9 сая төгрөгийн үнэ бүхий 200 орчим ном худалдан авсан бол “ЮНЕСКО”-ийн Монголын үндэсний комисс, Монголын үндэсний номын сан, Хууль зүйн үндэсний хүрээлэн, Шүүхийн ерөнхий зөвлөлийн судалгааны алба зэрэг байгууллага, хувь хүнээс хандиваар 255 ном авч бүртгэн фондыг баяжуулжээ. Энэ хугацаанд УИХ-ын Архивыг 3271 хадгаламжийн нэгжээр баяжуулсан байна.

    УИХ-ын үйл ажиллагааг сурталчлах, олон нийттэй харилцах ажиллагааны хүрээнд: 

    Тамгын газар нь УИХ-ын үйл ажиллагааг хэвлэл мэдээллийн хэрэгслээр олон нийтэд шуурхай, үнэн бодитой, хүртээмжтэй байдлаар хүргэхэд анхаарч ажилласан бөгөөд тайлант хугацаанд УИХ, түүний Тамгын газрын үйл ажиллагааны талаар нийт 1434 текст мэдээг 1520 ширхэг гэрэл зургийн хамт бэлтгэн www.parliament.mn цахим хуудаст байршуулжээ.

   Мөн 428 видео мэдээ, тус бүр нь 28 минутын багтаамжтай 66 нэвтрүүлэг бэлтгэж, www.parliament.mn цахим хуудас, youtube.com, facebook.com гэх зэрэг нийгмийн сүлжээнд байршуулж, телевизүүдээр дамжуулан олон нийтэд түгээжээ.

    Түүнчлэн УИХ-ын баталсан хууль тогтоомж, УИХ-ын ээлжит болон ээлжит бус чуулганы үйл ажиллагааны үр дүн, УИХ-ын удирдлагын үйл ажиллагаа, цаг үеийн бусад асуудлаар Байнгын хороод, УИХ-ын гишүүд, Тамгын газраас зарласан 54 удаагийн хэвлэлийн бага хурал зохион байгуулсан бол “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 48 дугаар, тусгай 1 дугаарыг хэвлүүлж төрийн болон орон нутгийн байгууллагууд, захиалагчдад хүргэжээ.

    УИХ-ын үйл ажиллагаа, чуулганы нэгдсэн хуралдааныг МҮОНТ-ийн 2-р суваг, “ТМ”, “Парламентын суваг” телевиз, “Юнивишн”, “Скаймедиа” болон parliament.mn цахим хуудсаар орон даяар шууд дамжуулж, олон нийтэд шуурхай хүргэж байна.

   Олон нийтийн сүлжээ /Facebook, Twitter/ ашиглан мэдээлэл түгээх ажлын хүрээ өргөжиж, хэрэглэгчдийн тоо өсчээ. УИХ-ын гишүүд, төрийн болон төрийн бус байгууллагаас ирүүлсэн хүсэлтийн дагуу 862 удаагийн аяллаар 31.632 зочид, иргэд, сонгогчдыг Төрийн ордон, УИХ-ын үйл ажиллагаатай танилцуулжээ.

   Иргэдийг хүлээн авах байраар 1271 иргэн ирж үйлчлүүлсэн бөгөөд тэдгээрийн 730 нь УИХ-ын гишүүдэд, 290 нь Тамгын газрын ажилтан, албан хаагчдад хандаж, 251 иргэн бусад асуудлаар санал, хүсэлт гаргасныг хүлээн авч, зөвлөгөө өгч, холбогдох албан тушаалтнуудад танилцуулж ажилласан байна.

     УИХ-ын гадаад харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх хүрээнд:

    УИХ-ын болон Монголын парламентын Бүлгэм, УИХ-ын Тамгын газрын гадаад харилцааг өргөжүүлэн хөгжүүлэх, гадаад хамтын ажиллагааг бэхжүүлэхэд анхаарч, энэ ажлын хүрээнд нийт 34 айлчлал, арга хэмжээ төлөвлөснөөс 18, төлөвлөгөөнөөс гадуур 7 буюу нийт 25 арга хэмжээг хэрэгжүүлжээ. Мөн олон улсын болон бүс нутгийн парламентын байгууллагын үйл ажиллагаанд оролцох, хамтын ажиллагааг хөгжүүлэх чиглэлээр нийт 11 айлчлал, арга хэмжээг хэрэгжүүлсэн байна. Эдгээр айлчлал, арга хэмжээнд давхардсан тоогоор Улсын Их Хурлын нийт 93 гишүүн оролцжээ.

       Санхүүгийн үйлчилгээ үзүүлэх ажлын хүрээнд:

    УИХ-ын хэвийн үйл ажиллагааг хангах, УИХ-ын гишүүдийн бүрэн эрхийг хэрэгжүүлэхэд  чиглэгдсэн төсөв, санхүү, аж ахуй, техник хэрэгсэл, материал хангамжийн үйлчилгээг цаг тухайд нь тасралтгүй шуурхай үзүүлж, батлагдсан төсвийг зориулалтын дагуу зарцуулж, 2017 онд урсгал төсөвт 1.997,0 сая төгрөгийн,  хөрөнгө оруулалтын төсөвт 26,1 сая төгрөгийн хэмнэлттэй ажиллажээ. Тайлант хугацаанд УИХ-ын Тамгын газраас УИХ-ын гишүүд, Байнгын хороо, УИХ дахь намын бүлгүүдэд нийт 8894 удаа  санхүү, аж ахуйн үйлчилгээ, мэргэжил, арга зүйн  туслалцаа үзүүлжээ.

    УИХ-ын төсвийн гүйцэтгэлийн мэдээг сар бүр, жилийн санхүүгийн нэгдсэн тайланг хуулийн хугацаанд гаргаж, Үндэсний аудитын газар болон Сангийн яаманд тухай бүр хүргүүлж ажилласан байна.

    УИХ-ын Тамгын газрын үйл ажиллагаанд дотоод аудитын хяналтыг хэрэгжүүлж ажиллажээ. Дотоод аудитын албанаас 24 сэдвийн хүрээнд аудитын ажил гүйцэтгэснээс 17 нь гүйцэтгэлийн аудит, 5 нь санхүүгийн аудит, 2 нь нийцлийн аудит юм. Тамгын газрын дотоод нэгжүүдийн үйл ажиллагаанд сөрөг нөлөө үзүүлж болзошгүй эрсдэлтэй хүчин зүйлийг илрүүлэн тогтоож, эрсдэлийг бууруулах, эрсдэлийн эсрэг арга хэмжээ авах талаар зөвлөмж өгч ажиллажээ. Мөн Шилэн дансны тухай хууль, журмын хэрэгжилтийг хангуулах чиглэлээр тодорхой арга хэмжээ авч ажиллажээ.

    Техник технологийн үйлчилгээ үзүүлэх ажлын хүрээнд: хуралдааны программ хангамжийн операторын үйлчилгээг нийт 290 орчим удаа үзүүлсэн бөгөөд цахим системд бүртгэгдсэнээр 64 удаагийн 346.2 цагийн нэгдсэн хуралдаанд 1086 удаа микрофон нээж, 2775 удаа санал хураалт явуулж, Байнгын болон түр, дэд хороодын 239 удаагийн 328.5 цагийн хуралдаанд 2511 удаа микрофон нээж, 3387 удаа санал хураалт явуулсан байна. Мөн 807 удаагийн хуралдаан, сургалт, семинар, хэлэлцүүлгийн техникийн бэлтгэл, хэвийн ажиллагааг хангаж, программ хангамжийн засвар үйлчилгээг 1236 удаа, техник хангамжийн засвар үйлчилгээг 1786 удаа, сүлжээний засвар үйлчилгээг 193 удаа, цахим хуудасны мэдээний шинэчлэлтийг 5193 удаа хийж гүйцэтгэн УИХ, түүний Тамгын газрын үйл ажиллагааг хэвийн явуулах нөхцөлийг бүрдүүлж мэдээллийн технологид суурилсан бүх төрлийн үйлчилгээг шуурхай үзүүлэх, программ, техник хангамжийн найдвартай ажиллагаа, аюулгүй байдлыг хангах, шинэ дэвшилтэт технологи нэвтрүүлэх үндсэн чиг үүргээ хэрэгжүүлж ажиллажээ.

    Тамгын газрын чадавхи, хүний эөөцийн хүрээнд: УИХ-ын Тамгын газар нь 2017 онд 178 нэгж орон тоотой үйл ажиллагаагаа явуулахаас 173 албан хаагчтай үр дүнгийн гэрээ болон хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж иржээ. Хүний нөөцийн хувьд нийт ажилтны 52 хувь нь эмэгтэй, 48 хувь нь эрэгтэй,  144 буюу 83 хувь нь төрийн захиргааны албан тушаалтан, 17 хувь буюу 29 нь төрийн үйлчилгээний албан тушаалтан байгаа бөгөөд эрх зүйч 72, эдийн засагч 28, бусад мэргэжлийн 73 албан хаагч байна. Насны байдлаар нь авч үзвэл, 35 хүртэлх насны албан хаагч 55  буюу 31 хувь нь, 36-45-насных 73 буюу 42  хувь нь,  46-55 насных 29 буюу 16 хувь нь, улсад ажилласан жилийг нь авч үзвэл  74 буюу 42 хувь нь 6-15 жил, 54 буюу 31 хувь нь 16-25 жил, 34 буюу 19 хувь нь 26-аас дээш жил ажиллаж  байгаа аж.

    УИХ-ын Тамгын газрын 2016 оны үйл ажиллагааны тайланг Төрийн байгуулалтын байнгын хорооны 2017 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн хуралдаанаар хэлэлцэж, Байнгын хорооны 04 дүгээр тогтоолоор 7 чиглэлээр үүрэг өгсний дагуу Ерөнхий нарийн бичгийн даргын 2017 оны 414 дүгээр захирамжаар төлөвлөгөө батлан, 17 ажил төлөвлөж ажилласнаас 13 ажлыг нь бүрэн хэрэгжүүлсэн, 4 ажлыг судлан шийдвэрлүүлэхээр ажиллаж байгааг Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга тайландаа дурдлаа.

     УИХ-ын Тамгын газар нь 2018 онд:

    –УИХ, Байнгын хороо, ажлын хэсэг, УИХ-ын гишүүдэд мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгөх, зохион байгуулалтын туслалцаа үзүүлэх, өргөн мэдүүлэх хууль, УИХ-ын бусад шийдвэрийн төслийн бүрдлийг хянах, төслийг хэлэлцэн батлах үйл ажиллагааны бэлтгэл хангах, хэлэлцүүлэх, батлагдсан хууль, тогтоолын эцсийн найруулгыг бэлтгэх зэрэг ажлыг хууль тогтоомжийн хүрээнд хэрэгжүүлэх; 

    -УИХ-ын стратеги төлөвлөгөөг хэрэгжүүлэн ажиллаж, УИХ-ын хянан шалгах бүрэн эрхээ хэрэгжүүлэх үйл ажиллагаанд  мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгч, техник зохион байгуулалтын туслалцааг шуурхай  үзүүлэх;  

    -УИХ-ын чуулганы хуралдааны бэлтгэл, зохион байгуулалтын ажлыг хариуцлагажуулах зэрэг тодорхой зорилтуудыг хэрэгжүүлэхээр төлөвлөж байгааг Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Цолмон тайландаа онцлов.

    УИХ-ын Тамгын газрын 2017 оны үйл ажиллагааны тайлантай холбогдуулан УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан Тамгын газрын 2016 оны үйл ажиллагааны тайланг хэлэлцээд Төрийн байгуулалтын байнгын хорооноос гаргасан тогтоолд Тамгын газрын ажилтнуудын нийгмийн баталгааг хангах, цалин урамшууллын системийг шинэчлэхээр заасныг хэрхэн хэрэгжүүлсэн талаар асуулт асууж тодруулсан юм.

    Гишүүний асуултад Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Цолмон өгсөн хариултдаа, ажилтнуудын ажиллах нөхцөл, нийгмийн баталгааг хангах хөтөлбөр баталж хэрэгжүүлсэн. Гол нь орон сууцны дэмжлэг хүссэн хүсэлт ажилтнуудаас их ирдэг, өнгөрсөн онд гэхэд Тамгын газрын 12, намын бүлгийн 8 ажилтанд орон сууцны дэмжлэг үзүүлэхэд 550 сая төгрөг олгосон. Нийгмийн баталгааны хувьд төрийн албан хаагчдад олгодог ажилласан жил, ур чадвар, зэрэг дэвийн нэмэгдэл, цалингийн шатлал зэргийг хууль, журмын дагуу хэрэгжүүлж байгаа. Тамгын газрын ажилтнуудын цалинг Засгийн газраас тогтоодог шатлалын ангиллаас гаргаж тусад нь зохицуулах асуудал урьд нь ч яригдаж ирсэн байдаг. Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгын хэлэлцүүлгийн хүрээнд энэ чиглэлээр зарчмын зөрүүтэй саналын томъёолол болгож оруулсан ч дэмжигдээгүй. Энэ асуудал хуульд өөрчлөлт оруулах замаар шийдэгдэх учраас цаашид нарийвчлан судална гэлээ.

    Тайлантай холбогдуулан үг хэлсэн УИХ-ын гишүүн Н.Энхболд:Тамгын газар нь ажлаа хуулийн хүрээнд сайн гүйцэтгэж байгаа гэж үзэж байгаа. Байнгын хорооны даргаар ажиллаж байсны хувьд үүнийг хэлж байгаа юм. Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн талаарх анхдугаар зөвлөлдөх санал асуулга зохион байгуулах, дараа нь төслийн хэлэлцүүлгийг орон даяар өрнүүлэх, хэлэлцүүлэгт оролцогчдоос ирүүлсэн санал, гарсан мэдээлэл, түүний үр дүнг нэгтгэх зэрэг ихээхэн цаг хугацаа, хүн хүч шаардсан ажлыг Тамгын газар маш сайн зохион байгуулсан. Энэ бол Тамгын газрын өнгөрсөн жилийн үйл ажиллагааны үр дүнгийн маш том үзүүлэлт гэж байна гэлээ.

    Байнгын хорооны дарга Д.Лүндээжанцан: Тамгын газрын ажил хууль дүрмийн дагуу хэвийн явж байгаа. Тиймээс гишүүдээс асуулт, санал шүүмжлэл бараг гарсангүй. Тамгын газрын 2017 оны үйл ажиллагаанд хийсэн системчилсэн үнэлгээгээр ч хуулийн дагуу сайн ажиллаж байгаа гэсэн үнэлэлт өгсөн байна.

    Тамгын газрын чадавхи зохих хэмжээнд байна гэж үзэж байна. Учир нь өнгөрсөн онд зохион байгуулагдсан анхдугаар зөвлөлдөх санал асуулга, Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн хэлэлцүүлгийг орон даяар зохион байгуулсан ажлын үр дүн харууллаа. Цаашдаа ажилтнуудын ур чадварыг дээшлүүлэх, хүний нөөцийг бэхжүүлэхэд шинжлэх ухаанчаар хандах, мөн ажилтнуудын нийгмийн баталгааг шийдэх чиглэлээр оновчтой бодлого, төлөвлөгөө гаргаж хэрэгжүүлэхэд анхаарах нь зүйтэй. Мөн Байнгын хорооноос өнгөрсөн онд гаргасан тогтоолын хэрэгжилт 70 гаруй хувьтай байгаа тул цаашид бүрэн хэрэгжүүлэхэд анхаарч ажиллах хэрэгтэй. Тайланг хэлэлцсэн талаарх Байнгын хорооны хуралдааны тэмдэглэлийг хүргүүлнэ гэдгээ хэллээ.               

Тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг дэмжив

    Дараа нь “Тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын нэгтгэсэн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ.

   Засгийн газраас өргөн мэдүүлсэн “Төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвчийг шинэчлэн батлах тухай” УИХ-ын 2017 оны 12 дугаар тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай тогтоолын төсөл, мөн УИХ-ын гишүүн Н.Учрал нарын нэр бүхий 10 гишүүнээс өргөн мэдүүлсэн Засгийн газрын тухай хуулльд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон “Тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг нэгтгэж хэлэлцэхээр УИХ-аас шийдвэрлэсэн. Энэ үндсэн дээр Байнгын хорооны хуралдаанаар уг хууль, тогтоолын нэгтгэсэн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийх явцад УИХ-ын гишүүн С.Бямбацогтын гаргасан Засгийн газраас өргөн мэдүүлсэн “Тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг суурь болгож хэлэлцэх зарчмын зөрүүтэй санал дэмжигдэж, санал санаачлагч гишүүн Н.Учрал Засгийн газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслөө татаж авсан юм.

    Иймээс “Тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр тус Байнгын хороонд шилжүүлсэн. Байнгын хорооны хуралдаанаар тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийх явцад гишүүдээс асуулт, санал гараагүй бөгөөд төслийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлж батлуулахыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи нь дэмжлээ гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх