Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн (2018.05.02) хуралдаан 52.6 хувийн ирцтэйгээр эхэлж, гурван асуудал хэлэлцэн шийдвэрлэв. Хуралдааны эхэнд Улсын Их Хурлын гишүүн С.Эрдэнэ, Д.Эрдэнэбат нар хэлэлцэх асуудалтай холбогдуулан “УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаас Засгийн газар, Ерөнхийлөгчөөс өргөн барьсан хүүхдийн мөнгө олгох тогтоолын төслүүдийг нэгтгэх шаардлагатай гэж үзсэн тул Ажлын хэсэг байгуулах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх шаардлагатай. Дараа нь хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийх нь зүйтэй” гэсэн горимын санал гаргав. Уг горимын саналыг хуралдаанд оролцсон гишүүд 100 хувь дэмжсэн тул “Хүүхдийн мөнгөн тэтгэмжийн хамрах хүрээг нэмэгдүүлэх талаар авах арга хэмжээний тухай” болон “Монгол Улсын хүүхэд бүрт хүүхдийн мөнгөн тэтгэмж буюу Хүүхдийн мөнгө олгох тухай” Улсын Их Хурлын тогтоолын нэгтгэсэн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэж, батлуулах үүрэг бүхий Ажлын хэсгийг байгуулах асуудлыг хэлэлцлээ.
Ажлын хэсгийн ахлагчид нэр дэвшүүлэх асуудлаар Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэн, С.Эрдэнэ, Д.Эрдэнэбат, Ж.Эрдэнэбат, О.Баасанхүү, Ж.Батзандан нар санал хэлж, байр сууриа илэрхийлсэн. Гишүүдийн зүгээс Улсын Их Хурлын гишүүн Н.Амарзаяа, О.Баасанхүү, З.Нарантуяа, Б.Баттөмөр нарын нэрийг дэвшүүлсэн бөгөөд Ажлын хэсгийн ахлагчаар Улсын Их Хурлын гишүүн Н.Амарзаяаг ажиллуулахаар болсон.
Үргэлжлүүлэн Засгийн газраас 2018 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр өргөн мэдүүлсэн Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.
Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэн, Ж.Мөнхбат, Б.Баттөмөр нар үг хэлж, байр сууриа илэрхийлсний дараа гишүүдээс гаргасан зарчмын зөрүүтэй саналаар санал хураалаа. Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэн төслийн 3 дугаар зүйлийг “Энэ хуулийг 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө” гэж өөрчлөн найруулбал хуулийн хийдэл гарахгүй гэж саналаа тайлбарлав. Түүний саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи дэмжих нь зүйтэй гэж үзэв. Харин Улсын Их Хурлын гишүүн Ж.Мөнхбат “Модон эдлэлийн бизнес эрхлэгч аж ахуйн нэгжээ төрийн зүгээс бодлогоор дэмжих шаардлагатай. Иймд 2018 оны 01 дүгээр сарын 01-ээс 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл татвар төлсөн аж ахуйн нэгжүүдэд татварын буцаан олголтыг хийнэ” гэсэн зарчмын зөрүүтэй санал гаргасан боловч хуралдаад оролцсон гишүүдийн олонхи дэмжсэнгүй. Анхны хэлэлцүүлэг хийсэн талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар болов.
Хуралдааны төгсгөлд Засгийн газраас 2018 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр өргөн мэдүүлсэн Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан санал хэлэх гишүүн гараагүй тул гишүүдийн зүгээс гарсан зарчмын зөрүүтэй саналын томъёоллоор тус тус санал хураасан. Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэн төслийн 3 дугаар зүйлийг “Энэ хуулийг 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө” гэж өөрчлөн найруулах, Улсын Их Хурлын гишүүн Ж.Мөнхбат “Татвар төлсөн аж ахуйн нэгжүүд 2018 оны 01 дүгээр сарын 01-ээс 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл төлсөн татварын буцаан олголтыг хийнэ” гэсэн санал гаргасныг гишүүдийн олонх тус тус дэмжив. Анхны хэлэлцүүлэг хийсэн талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар болов гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.