Олон улсын сувилагчдын өдрийг манай улсад 22 дахь жилдээ тэмдэглэн өнгөрүүлэх арга хэмжээний хүрээнд Эрүүл мэндийн яам, УИХ-дахь эмэгтэйчүүдийн бүлэг, сувилахуйн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа төрийн бус байгууллагуудтайгаа хамтран өнөөдөр Төрийн ордонд “СУвилагчдаа сонсЪё” сэдэвт арга хэмжээг зохион байгууллаа. Арга хэмжээг нээж Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл хэлсэн үгэндээ Эрүүл мэндийн яамнаас 2018 оны Олон улсын сувилагчдын өдрийг “Сувилахуйн тусламж, үйлчилгээнд үйлчлүүлэгч, үйлчилгээ үзүүлэгчийн эрхийг хамгаалья” уриан дор тэмдэглэн өнгөрүүлэхээр шийдвэрлэсэн. Энэхүү ажлын зорилго нь үйлчлүүлэгчийн ая тухтай үйлчилгээ авах эрхийн асуудлыг үйлчилгээ үзүүлэгчийн эрхийг хамгаалах асуудалтай зэрэгцүүлэн авч үзэж, өөрсдийн нөөц бололцоо, зохион байгуулалтын асуудлыг судалж, шийдвэрлэхээр үйл ажиллагааг чиглүүлж ажиллаж байна. Сувилахуйн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг ТББ-уудаас санаачлан зохион байгуулж буй энэхүү арга хэмжээ нь яамны дээрхи зорилго, зорилттой уялдаж, тулгамдсан асуудлаа ярилцах сайхан боломжийг бидэнд олгож байна. Эрүүл мэндийн салбарт, тэр дундаа сувилахуйн тусламж, үйлчилгээнд бидний дотооддоо шийдвэрлэж чадах, бас улс орны нийгэм, эдийн засгийн байдалтай холбоотой шийдвэрлэхэд бэрхшээлтэй байгаа асуудлууд байгаа.Монгол улсын хэмжээнд 2017 оны байдлаар нийт 4005 эрүүл мэндийн байгууллагад 11939 сувилагч тусламж, үйлчилгээг үзүүлж байна гэлээ.
Нийт сувилагчийн 23.1 хувь нь анхдагч шатлалд, 24.0 хувь нь хоёрдогч шатлалд 22.3 хувь нь гуравдагч шатлалын эмнэлгүүдэд ажиллаж, 10000 хүн амд ногдох сувилагч өнгөрсөн онд 37.2 байсан бол энэ онд 38,5 болж 10000 хүн амд ногдох сувилагч 1,3-аар нэмэгдсэн байна. /Үүнийг цаашид сувилагчийн хомсдол үүсэх эрсдэлт байдал эхэлж байна гэж үзэж болох байна/.
Нэг сувилагчид ногдох хүний тоо 269 болж, өмнөх оныхоос 2 хүнээр нэмэгдсэн буюу нэг сувилагчид ногдох хүний тоо Улаанбаатар хотод 240, хангайн бүсийн аймгуудад хамгийн өндөр буюу 311 байна.
Сувилагчийг ажлын байршлаар нь авч үзвэл 10,000 хүн амд ногдох сувилагч хөдөө орон нутагт 33.4, Улаанбаатар хотод 41.6 байгаа нь хот суурин газар сувилагчийн нягтрал илүү байгааг харуулж байна.
Эмч, сувилагчийн харьцаа улсын түвшинд 1:1.2, Улаанбаатар хотод 1:1, аймгийн түвшинд 1:1.4 байгаа нь[1] олон улсын түвшинтэй харьцуулахад сувилагчийн тоо хэт цөөн үзүүлэлттэй байна.
Сувилагчийн хомсдол зөвхөн манай улсад тулгамдаж байгаа асуудал биш бөгөөд ДЭМБ-ын гаргасан судалгаа дараах байдалтай байна.
Үүнд:
Өнөөгийн байдлаар дэлхийд 43,5 сая эрүүл мэндийн ажилтан байгаагаас 20,7 сая нь сувилагч, эх баригчид байна. Сувилагч, эх баригчдын дутагдал 50% буюу 17,4 саяас 9 сая хүртэл дутагдалтай байгаа бөгөөд 2030 он гэхэд 7,6 сая сувилагч, эх баригч дутагдалтай болно.
Мөн 2050 он гэхэд дэлхийн хүн амын 60-аас дээш настай хүн амын тоо 12%-аас 2 дахин их буюу 22%-д хүрнэ гэсэн тооцоо байна.
Хэдийгээр эрүүл зан төлвийг дэмжих арга хэмжээг дэлхий нийтээр авч хэрэгжүүлж байгаа боловч насжилт нь өөрөө эрүүл мэндийн цогц шаардлага бүхий асуудлыг дагуулж эрүүл мэндийн салбарт хүний нөөцийн хэрэгцээг нэмэгдүүлж байна.
Эрүүл мэндийн салбарт “Сувилахуйн тусламж, үйлчилгээг 2012-2017 онд хөгжүүлэх стратеги”-ийг амжилттай хэрэгжүүлж ажилласан, Төрөөс эрүүл мэндийн талаар баримтлах бодлоготой уялдуулан “Сувилахуйн тусламж, үйлчилгээний чиглэлээр 2018-2021 онд хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө”-г энэ оны А/15 дугаар тушаалаар батлуулан ажиллаж байна.
Энэхүү стратеги төлөвлөгөөг хэрэгжүүлэх хүрээнд бид сувилахуйн тусламж үйлчилгээнд тулгамдсан асуудлуудаа шат дараатай шийдвэрлэхээр тусган ажиллаж байна.