Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэргэдэх “Иргэний танхим”-д өнөөдөр “Боловсролын чанар” хэлэлцүүлэг боллоо. Хэлэлцүүлэгт, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Багшийн хөгжлийн асуудал хариуцсан орон тооны бус зөвлөх Ч.Чулуунцэцэг болон УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга Б.Баатарбилэг нар оролцов. Мөн Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны удирдлагууд, Боловсролын хүрээлэн, багш бэлтгэдэг төрийн ба төрийн бус их дээд сургууль, боловсролын чиглэлээр ажилладаг төрийн болон хувийн хэвшлийн байгууллагуудын болон иргэдийн төлөөлөл оролцлоо.
Хэлэлцүүлгийг нээж Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд:
“Та бүхний энэ өдрийг амрыг айлтгаж, хэлэлцүүлэгт оролцохоор ирсэнд талархаж байгаагаа илэрхийлье.
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга 2017 оны арванхоёрдугаар сард 26-р захирамж гаргаж Монгол Улсын болон бусад орнуудын боловсролын гүн ухаан, үзэл баримтлалыг харьцуулан судлаад, төрөөс хэрэгжүүлбэл зохих бодлого боловсруулж танилцуулах үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулсан байдаг. Энэ ажлын хэсэг цуврал уулзалт, хэлэлцүүлгийг зохион байгуулж байгаагийн эхнийх нь “Боловсрол ба хүмүүжил” сэдвээр болж дүгнэлтээ гаргасан. Харин өнөөдөр “Боловсролын чанар” сэдвээр хэлэлцүүлэг өрнүүлэхээр та бүхнийг урьж ирүүлсэн юм.
Улс орны ирээдүй болсон хүүхэд залуусыг бэлтгэж байгаа боловсролын чанарын асуудал олон жил улиг болтол яригдсан ч шийдлээ олохгүй байгаа нь аюулгүй байдлын хэмжээнд хүрсэн учраас Монгол Улсын Ерөнхийлөгч анхаарал хандуулж Засгийн газар, Боловсролын яамтай хамтарч энэ асуудлыг цаг алдалгүй шийдвэрлэх шаардлагатай гэж үзэж байгаа. Боловсролыг зөвхөн Засгийн газар, УИХ, яамны хүрээнд биш олон нийтийн оролцоотойгоор хэлэлцэх нь чухал юм. Иймд өнөөдрийн хэлэлцүүлгийн хүрээнд олон нийтийн ярьж байгаа асуудлуудын шийдлийг олох тал дээр хамтран хэлэлцэж тодорхой үр дүнд хүрнэ гэдэгт итгэж байна.
Та бүхний хурлын ажилд амжилт хүсье” гэлээ.
Хэлэлцүүлгийн талаар:
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга 2017 оны арванхоёрдугаар сарын 6-ны өдөр 26 тоот захирамж гаргаж, “Монголын язгуур суртахуун, уламжлалт соёл, бусад орнуудын боловсролын гүн ухаан, үзэл баримтлалыг харьцуулан судлах, Монгол Улсын боловсролын гүн ухаан, үзэл баримтлалыг тодруулан оновчлох, асуудлын хүрээнд хэлэлцүүлэг, судалгааны ажлыг зохион байгуулан гүйцэтгэж, төрөөс хэрэгжүүлбэл зохих бодлогыг боловсруулан танилцуулах” үүрэг бүхий ажлын хэсэг байгуулсан юм.
Энэ ажлын хэсэг нь боловсролын бодлогын хөгжил, хэрэгжилт, тулгамдсан асуудлыг шинжлэх ухааны аргазүйн дагуу ард иргэдийн оролцоотойгоор судалж байгаа юм байна. Тухайлбал, өнгөрсөн хугацаанд боловсролын бодлогын хувьсгал хөгжил, хэрэгжилт, тулгамдсан асуудлуудыг бусад орныхтой харьцуулан үзжээ.
Өнөөдрийн байдлаар Монголын боловсрол цаашид тогтвортой хөгжихүйн үндсийг тодруулан тодорхойлох ажлыг судалж байна. Энэ асуудлыг цаашид гүнзгийрүүлэн судалж, олон нийтийн санаа бодлыг тусгах шаардлагатай тул сонирхлын бүлгүүдийн оролцоог хангасан уулзалт, ярилцлага зохион байгуулж байгаа юм.