Аялал жуулчлалын салбар нь бусад салбаруудтай нягт холбогддог онцлогтой бөгөөд эдгээр нь харилцан нэгнээ хөгжүүлэх үндэс суурь болдог. Тиймээс чөлөөт бүс болон Монгол улсын эдийн засгийн хөгжилд аялал жуулчлалын салбарын оролцоо, хувь нэмрийг тодорхойлж, хөгжлийг дэмжих зайлшгүй хэрэгцээ шаардлагын үндсэн дээр Байгаль орчин, аялал жуулчлалын яам “Аялал жуулчлал ба чөлөөт бүсийн хөгжил” сэдэвт зөвлөгөөн зохион байгууллаа. Уг зөвөлгөөнд Шадар сайдын ажлын алба, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн ажлын албаны төлөөлөл, Замын-Үүд чөлөөт бүсийн захирагчийн ажлын алба, Алтанбулаг чөлөөт бүсийн захирагчийн ажлын алба, Цагаан нуур чөлөөт бүсийн захирагчийн ажлын албаны төлөөлөгчид оролцсон юм.
Чөлөөт бүсүүдийн хөгжлийг хангахад тогтвортой ажлын байр бий болгох, орон нутгийн иргэдийн амьжиргааг дээшлүүлэхэд аялал жуулчлалын салбарын оруулах хувь нэмрийг тодорхойлоход холбогдох талуудын санал, бодлыг тусгах нь уг зөвлөгөөний зорилго юм. Нөгөөтэйгүүр, аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэх шинэ бодлогыг тодорхойлох арга хэрэгслийг бий болгох, нэвтрүүлэх замаар эдийн засгийн хөгжилд хувь нэмэр оруулахад холбогдох талуудын санал, бодлыг тусгах зайлшгүй шаардлага тулгараад байгааг зөвлөгөөнд оролцогчид хэлж байлаа.