ШУА-ийн эрдэмтэн, судлаачдын туурвисан номыг цахимаар худалдаж байна

2018 оны 04-р сарын 26 өдөр, 10 цаг 35 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
zassan1095-thumb-x750

ШУА-ийн харьяа хүрээлэнгүүдийн эрдэмтэн, судлаачдын онолын болон хэрэглээний судалгаа, эрдэм шинжилгээний ажлын үр дүн, шинэ технологи, инновацийн бүтээлүүдийг олон нийтийн хүртээл болгох www.bookstore.ac.mn цахим номын худалдааны сайтын нээлтийн ёслол ШУА-ийн байранд өнөөдөр боллоо.

Энэхүү цахим номын дэлгүүрт нийгмийн ухаан, байгалийн ухаан, анагаах ухаан, хөдөө аж ахуй, техник, технологи гээд бүхий л салбарын шинжлэх ухааны ном, туурвил, бүтээлүүдийг худалдаалж байна. Тухайлбал, Монгол аман зохиолын туурвил зүй, Монгол орны мезозойн хурдсын судалгаа, Монголын палеонтологи II, III, Ертөнцийн товч түүх, Физикийн үндсэн сурах бичиг зэрэг сонирхолтой, ховор 30 орчим номыг дээрх цахим хуудсаар борлуулж байна.

Нээлтийн ёслолд ШУА-ийн ерөнхийлөгч, академич Д.Рэгдэл, БСШУСЯ-ны Соёл, урлагийн бодлогын газрын дарга Б.Сэргэлэн, ОӨУБУГ-ын Аж үйлдвэрийн өмчийн газрын шинэ бүтээлийн шинжээч Б.Оргилмаа тэргүүтэй эрдэмтэн, судлаачдын төлөөлөл оролцлоо. ШУА-ийн ерөнхийлөгч Б.Рэгдэл “Өнөөдөр Дэлхийн оюуны өмчийн болон Дэлхийн номын өдөр тохиож байна. Энэ өдрүүдэд ШУА, БСШУСЯ-наас олон ажил зохион байгуулж байгаагийн нэг нь энэхүү арга хэмжээ юм. Ном хэмээх гайхамшигт бүтээлийн ач холбогдол хийгээд хүний нийгэмд гүйцэтгэсэн үүргийн талаар бид яриад битгий хэл бодоод баримгүй. Ном хэмээх бүтээл анх үйсэн дээр бичигдэж, чулуугаар дамжин хөгжсөөр өнөөдөр CD хэлбэрээр гарч, хувьсан өөрчлөгдөж байна. Хүн төрөлхтөн, ялангуяа хүүхэд багачуудын оюуны хөгжилд гүйцэтгэж буй үүрэг нь улам бүр нэмэгдсээр байгаа энэ үед манай академи мэдлэгийн үйлдвэрлэл явуулж, тэр мэдлэгээр ном бүтээж байгаа. Үүнийгээ хүргэхийн төлөө бид шинжлэх ухаан, технологийн дэвшлийг ашиглах, нөгөөтэйгүүр номыг хялбар аргаар уншигчдад хүргэхийн тулд цахим худалдааг нээлээ. Та бүхэн манай цахим номын дэлгүүрээр өргөнөөр үйлчлүүлээрэй” гэв.

ШУА нь дотоод мэдээллийн системийг шинэчлэх ажлын хүрээнд мэдээллийн технологийн орчин үеийн боломжийг бүрэн ашигласан нэгдсэн бодлоготой цахим системийг /www.ac.mn/-ийг шинээр хөгжүүлж, тус академийн бүх түвшинд нэвтрүүлэх ажлыг зохион байгууллаа. Улмаар нэгдсэн мэдээллийн “Дундын том сан” бий болж хэрэглэгчид болон байгууллага хоорондын харилцаа холбоо сайжирч, хамтын ажиллагааны үр шим нэмэгдэх чухал ач холбогдолтой. ШУА-ийн цахим номын худалдааны системийг хөгжүүлэх ажлыг “Гөү Смарт” ХХК гүйцэтгэжээ. Цахим номын дэлгүүрт тавигдсан номуудыг энэ өдрүүдэд хямдралтай үнээр худалдаалж байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх