АТГ-ын дарга, дэд даргад нэр дэвшүүлэн томилуулах асуудлаар иргэдээс санал авч байна

2018 оны 04-р сарын 25 өдөр, 10 цаг 11 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
527-1512711142ybq4ggwkq3

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга ард иргэдийнхээ санал, хүсэлт, шаардлагыг сонсон, анхаарч шийдвэрлэвэл зохих асуудлуудад төрийн бодлогыг хандуулах зорилгоор  нийслэлийн болон орон нутгийн иргэдтэй тухайлсан уулзалтууд хийж байна.

Уулзалтуудын үеэр иргэд хувийн амьдралын хүндрэл бэрхшээлээсээ илүүтэй нийгэмд шударга ёс алдагдаж, авлига, хүнд суртал гаарсныг хөндөн, энэ гажуудлыг таслан зогсоож тэмцэх үүрэгтэй төрийн байгууллага маш муу ажиллаж байгааг шүүмжилж, Авлигатай тэмцэх газрын удирдлагуудыг солин, үйл ажиллагааг нь эрчимжүүлж, үр дүнтэй ажиллуулахыг шаардаж байгаа юм.

Авлигатай тэмцэх газрын үйл ажиллагаанд өгч буй иргэдийн үнэлэлт, дүгнэлт авлигын нөхцөл байдлыг судлан мэдээлдэг олон улсын “Транспэрэнси интернэшнл” байгууллагын дүгнэлттэй бүрэн нийцэж байгааг бид анхаарах ёстой.

Олон Улсын “Транспэрэнси интернэшнл” байгууллагаас жил бүр дэлхийн улс орнуудын Авлигын төсөөллийн индексийн дүнг гаргаж танилцуулдаг бөгөөд тус байгууллагын дүгнэлтээр манай улс 2012 онд дэлхийн 176 улсаас 94 дүгээр байр, 2013 онд 177 улсаас 83 дугаар байр, 2014 онд 175 улсаас 80 дугаар байр, 2015 онд 168 улсаас 72 дугаар байр эзэлж байсан бол Авлигатай тэмцэх газрыг Х.Энхжаргал, Ц.Нямдорж нар удирдаж эхэлснээс хойш буюу 2016 онд 176 улсаас 87 дугаарт, 2017 онд 180 улсаас 103 дугаар байранд тус тус орсон. Үүнийг Авлигатай тэмцэх газрын удирдлагуудын ажлын үзүүлэлтэд өгсөн үнэлгээ гэж үзэж болно.

Авлигатай тэмцэх газрын дарга Х.Энхжаргал, дэд дарга Ц.Нямдорж нарыг 2015, 2016 онуудад Монгол Улсын Их Хурал тус тус нөхөн томилсон бөгөөд эдгээр албан тушаалтны ажиллах хугацаанд авлигатай тэмцэх үйл ажиллагаанд гарсан ахиц дэвшил, өмнө хүрсэн амжилт эрс буурч, жилээс жилд үйл ажиллагаа нь уруудан, энэ байгууллагад итгэх олон нийтийн итгэл үгүй болжээ.

Авлигын эсрэг хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсэгт “Авлигатай тэмцэх газрын дарга, дэд даргыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн санал болгосноор Улсын Их Хурал 6 жилийн хугацаагаар томилно”, 21 дүгээр зүйлийн 21.5 дахь хэсэгт “Авлигатай тэмцэх газрын дарга, дэд дарга нөхөн томилогдвол түүний бүрэн эрх нь томилогдсон өдрөөс эхлэн энэ хуулийн 21.1-д заасан бүрэн эрхийн хугацаа дуустал үргэлжилнэ” гэж тус тус заасан. Ерөнхийлөгч Х.Баттулга энэхүү хуульд заасан бүрэн эрхийнхээ дагуу АТГ-ын дарга болон дэд даргыг УИХ-д санал болгохдоо иргэдийн саналыг харгалзан үзэхээр болсон юм. Үүний тулд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газраас дараах санал асуулгыг явуулж байна.


Та санал асуулгад оролцох бол энд дарж оролцоно уу.

Мөн та санал өгөхдөө АТГ-ын дарга, дэд даргад тавигдах хуулийн шаардлагатай сайтар танилцаж, өөрийн мэдээллийг үнэн зөв бүртгүүлснээр санал өгөх эрхтэй болох юм.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх