Усны бодлогыг засаглалын төвшинд авч үзэхийг хатаж ширгэсэн гол,ус сануулж байна

2018 оны 04-р сарын 20 өдөр, 17 цаг 24 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
uss

Монгол орны усны нийт нөөцийн хэмжээ 608,000 сая шоо метр жил бөгөөд үүний 90 хувийг гадаргуугийн ус, үлдсэнийг бага хэмжээтэйг газрын гүний ус эзэлдэг. Гол, мөрний усны нөөцийн 70 гаруй хувь нь Алтай, Хангай, Хэнтий нуруу, Хөвсгөлийн уулсын өндөрлөг хэсэг буюу нутаг дэвсгэрийн 30 гаруй хувьд бүрэлддэг гэж судалгаанд дурджээ. Ер нь манай орны гол, мөрний урсацын ихэнх хэсэг нь гадагшаа урсдаг болохоор монголчууд “эх оронч бус голууд” гэж гоморхон ярих нь бий. Урсгал гол мөрний буюу гадаргын уснаас илүүтэй говь нутгийн хөрсөн дор байх гүний ус нөхөн сэлбэгдэх чадвар муутай. Тиймээс аль болох гадаргын усаа ашиглах, гүний усаа хайрлах ёстой гэж мэргэжилтнүүд байнга сануулдаг. Гэтэл Өмнийн говь дахь уул уурхайн хоёр том бүтээн байгуулалт “Оюутолгой”, “Тавантолгой” гэхэд л гүний усыг хэдэн жил хайр найргүй ашиглаж байгаа нь Монгол орны газрын гүний ус хомсдох эрсдэлийг дагуулж буй. Газар доорх цэнгэг ус бол стратегийн эрдэс баялаг билээ. Түүнийг дээдлэн хайрлах ёстой. Харин бид хайрлаж чадаж байгаа бил үү. Монголчууд усыг чандмань эрдэнэ.амьдралын эх булаг хэмээн эртнээс биширч ирсэн ард түмэн. Ус руу бохир зүйл оруулахыг цээрлэж,сүү ч дусаадаггүй,гол мөрөн, булаг шандны эх дээрх мод бургасыг огтолдоггүй сайхан уламжлал бий. Ой мод бол амьдралын эх булаг болсон усыг цуглуулж, жигд барьж хуваарилах, цаашлаад тунадасны хэмжээг нэмэх,хөрсийг тогтоон барих зэрэг үнэлж баршгүй их үүрэг гүйцэтгэж байдаг байгаль дээрх усны горимыг зохицуулдаг шидтэн юм. Гэтэл бид баяжина,хөгжинө,дэвжинэ гээд л байшин бариад, мөнгө цуглуулаад байхаас биш байгаль эх,мод усыг хайрлахаа мартжээ.

 Усыг хайрлахгүй бол нэг л мэдэхэд нөөц нь шавхагдана

Өнгөрсөн сарын эхээр усны мэргэжилтнүүд өнөө цагийн ус ашиглалтын талаар ярилцахдаа, манай орны нийт ус ашиглалт, хэрэглээ жилдээ 500 сая шоо метр орчим байгаа ба хүн амын өсөлт, нийгэм, эдийн засгийн хөгжилтэй уялдан жилээс жилд нэмэгдэж байна гэж онцолсон. Ус ашиглалт хэрэглээний ихэнх хувийг газрын доорх усаар хангаж байгаа. Нийслэлийн хэмжээнд гэхэд усан хангамжийн эх үүсвэр бүрэлдэж байгаа нийт 10 мянга гаруй нэгж талбайд газар олгосон байна. Энэ олгосон талбай дахь усан хангамжийн эх үүсвэрийг бохирдуулах эрсдэлтэй үйл ажиллагаа явуулж байж болзошгүй айл өрх, албан байгууллагыг БХБЯ, БОАЖЯ-наас хамтарсан тушаалаар үйл ажиллагаанд нь хяналт тавихаар ярилцсан. Үүний дагуу хийгдэж буй ажлууд үр дүнгээ өгөөсэй гэж найдаж байна.

Дэлхий дээрх их устай улс орныг бодвол,манай орны усны нөөц харьцангуй бага гэдэгт хамаардаг аж. Учир нь Монгол орны хэмжээнд газрын доорх усны нөөцийн тархалт жигд бус бөгөөд усны чанар, найрлага нь байгалийн бүс, бүслүүр, ус агуулах чулуулгийн тогтоц, найрлагаас хамаарч өөр өөр байдаг байна. Судалгаанаас харахад, уур амьсгалын өөрчлөлт, бэлчээрийн зохисгүй ашиглалт, уул уурхайн үйл ажиллагаа зэргээс шалтгаалан газрын доройтол, цөлжилт эрчимтэй явагдаж байгаа нь ажиглагдана. Монгол орны нийт нутаг дэвсгэрийн 76.8 хувь нь цөлжилтөд өртсөнийг мэргэжлийн хүмүүс тогтоожээ. 2016 оны гадаргын усны нэгдсэн тооллогын дүнгээр 774 булаг, шанд, 263 гол горхи, 346 нуур хатаж ширгэсэн дүн гарсан байна. Монгол орны гол мөрний усны нөөц, урсацын 70 хувь нь Алтай, Хангай, Хэнтийн нуруу, Хөвсгөлийн уулс, Их Хянганы нуруу зэрэг уул нуруудын өндөрлөг хэсэг буюу Монгол орны нутаг дэвсгэрийн 30 хувьд бүрддэг гэсэн судалгаа байна. Саяхан БОАЖЯ, “Байгаль орчин,эрүүл мэнд” ТББ-аас хамтран “Усны засаглал” сэдэвт хэлэлцүүлгийг зохион байгуулсан. Уг хэлэлцүүлэгт Монгол Улсын усны бодлого зохицуулалтын асуудлыг хариуцсан төрийн төв байгууллага, их дээд сургууль, төрийн бус байгууллагуудын холбогдох албан тушаалтан, эрдэмтэн, судлаачид,сэтгүүлчид оролцож,устай холбоотой төрийн бодлого,тулгамдаж буй асуудлыг нухацтай ярилцав. Ус бол байгалийн стратегийн үнэт баялаг. Усны салбарын төрийн байгууллагуудын чиг үүрэг, хамтын ажиллагаа, уялдаа холбоог боловсронгуй болгох мөн усны зохисгүй хэрэглээ сүүлийн жилүүдэд эрчимтэйгээр нэмэгдэж байгааг таслан зогсоохын тулд усны бодлогыг засаглалын түвшинд авч үзэх, засаглалын чадавхийг хөгжүүлэх орчин үеийн мэдээллийн технологийн эринд нийцсэн, үр ашигтай тогтолцоог дэмжих ёстой гэдэг дээр оролцогчид санал нэгдсэн. Өнөөдөр дэлхий нийтээрээ усны бохирдол,хомсдлын асуудалд сэтгэл түгшиж байна. Энэтхэг,Пакистан зэрэг олон улсад гол руугаа хог хаягдлаа хаясаар байгаад эцэстээ ус биш хог ууж байгааг Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас байнга анхааруулж байна. Тийм аюул манай улсад тэр тусмаа нийслэл хотод нүүрлэж байгааг нуух хэрэггүй. Олон улсын хэмжээнд баримталж байгаа усны засаглалын зарчмуудыг манай улс нэн даруй хэрэгжүүлэх шаардлагатай болжээ. Усны зохицуулалтын эрх зүйг өнөөгийн шаардлагатай уялдуулан шинэчилж боловсронгуй болгох, хэрэгжүүлэх механизмыг тодорхой болгох, үүнтэй уялдуулан хяналтын системийг сайжруулах, мэдээллийн системийг жигд хүртээмжтэй хангах, ил тод, нээлттэй байх, оролцогч талуудын оролцоог нэмэгдүүлэн гүйцэтгэлийн чадавхийг хөгжүүлэх, зөрчлийг илрүүлэх, шийдвэрлэх системийг боловсронгуй болгохыг төр засаг эрхбиш анхаарах цаг болжээ. Манай улстөрчид,бизнесменүүд, ихэс дээдсийн хүрээнийхэн Улаанбаатар хотдоо чихцэлдэн амьдарч,ард түмэнтэйгээ нэг л агаараар амьсгалж, хатан Туулаасаа ундаалж байгаа. Тэгсэн атлаа Туул голын гольдрол,цэвэр усны шугам дээр  орон сууцны хороолол сүндэрлүүлж,бургас модыг хядаж байшин бариад ер нь юу хүссэнээ хийж байна. Нэг л мэдэхэд Туул гол ижий амьсгал хураавал тэд ус биш шороо уух юм болов уу. Эсвэл Америкаас усаа зөөх юм уу. Зөвхөн Туул ч биш Монгол орны хаана ч гол мөрний эрэгт ундааы сав,архины шил, гялгар уут гэх мэтчилэн элдэв хог эрээлжлэн хөглөрнө. Салхитай өдөр гол руугаа хийсч ороод загас мэт хөвөөд алсрах юм. Бид яагаад хогоо хаяад явдаг юм бэ. Урин дулаан цагт Хэрлэн мөрний хөвөөнд саатаад зүүн тийш явж байгаа хүмүүс Хэрлэнгийн гүүрний баруун зүүн талд тухлах нь цөөнгүй. Голын эрэг дээр хүмүүсийн идэж уусны үлдэгдэл уул овоо мэт. Бас л ус руу хийсч ороод хөвж одно. Багануур дүүрэг болон Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын Засаг даргын Тамгын газрынхан үүнийг үл тоох юм билээ. Өнгөрсөн намар явж байхдаа эрхэм дарга нарт дуулгасан боловч эргээд ирэхэд яг л хэвээрээ байх жишээтэй. Хогоо цэвэрлэж,усаа хайрлаж баймаар байна.

Туул гол руу улайран довтолж байгааг харахад элэг эмтэрнэ

Өнгөрсөн амралтын өдөр Туул гол дээр салхилах санаатай нэлээд явлаа. Үнэнийг хэлэхэд,эрэг дагуу зугаацах байтугай гишгэх ч эрх олдсонгүй. Бидний адил жаахан суучих санаатай сул газар хайсан хүмүүс цөөнгүй байв. Эрэг дагуу хашаа барьж,орон сууц бололтой байшин олноор барьжээ. Дутуу барьсан байшингуудын хашаа болгон харуул хамгаалалттай болохоор тийшээ орохыг хориглох аж. Голын эргээр дүүрэн барилгын хог новш,гялгар уут,сав  хөглөрч харагдана. Мөнгөтэй хүмүүс мөд хатан Туул голыг минь хатааж,хуурай сайр хайрга болгохвий хэмээн гунигтайхан буцав.  Сүүлийн хэдэн жилд Зайсан толгой, Яармаг,Туул гол руу арай дэндүү довтолж байгааг бүгд мэднэ. Туулын бургасыг хядаж,барилга барьсан хүмүүст хэн зөвшөөрөл олгов. Одоогийн байдлаар 240 орчим барилга баригдаж байгааг телевизээр гаргасан,УИХ дээр эрхэм гишүүд Туулыг эзэгнэгчдэд нэлээд хатуухан анхааруулж ярьсан. Гэвч хэнтэй ямар хариуцлага тооцож байгаа талаар одоохондоо мэдэгдсэн юм алга. Улаанбаатарынхны ундны ус Туул гол маань Монгол Улсад ширгэх магадлалтай гурван голын нэг нь болжээ. Тэр байтугай дэлхийн хамгийн их бохирдолттой таван голын нэгээр “тодорсон” гэх харамсалтай мэдээ ч сонсдоно.

Уг нь 717 км үргэлжлэх Туул гол зөвхөн Улаанбаатар төдийгүй Төв,Булган, Өвөрхангай,Архангай,Сэлэнгэ аймгийн 37 сумын хүн,малыг ундаалан,газар тариаланг услан буяны дээдийг түгээн урсдаг.

Туул голын хувь заяаны талаар “одоо болноо” гэтэл ярьдаг ч гарт баригдаж, нүдэнд үзэгдэх бодитой ажил байхгүй байна гэх шүүмжлэл ч байнга дуулдах болсон. Хатан Туу¬лыг бохирдлоос хэрхэн бүрмөсөн ангижруулах, ядаж л хатаж ширгэхгүй байлгах,урсацыг нэмэгдүүлэх,хэн дуртай нь байшин барьдаггүй,хашаа босгодоггүй болгох асуудлыг хэрхэн шийдэх вэ. Хавар болохоор голын ус хөрс рүүгээ шургаж,загас олноор үхэж, Туул гол энд тэнд тасарч өчнөөн юм болдог. Энэ жилийн хувьд юу сонсдохыг мэргэжлийн байгууллагынхан одоохондоо хэлж мэдэхгүй байна.

Туул голын эхнээс мод бэлтгэж,сал болгон хөвүүлээд Налайхын нүүрсний уурхайн бэхэлгээг хийсэн. 1960-аад оны үед Туул,Сэлбэ гол үерлэж Улаанбаатар хотыг усанд автуулж байсан гэх домог мэт яриаг бодохоор Туул гол маань мөн ч их устай байсныг бахадмаар. Тэр их ус ширгэж,зарим газраа хуурай сайр болсон нь дэлхийн дулаарал,хуурайшилттай холбоотой. Гэхдээ хүний байгальтай зүй бус харьцсанаас арай дэндүү хохироож байгааг харсаар суух эрх хэнд ч байхгүй. Наад зах нь бохирдуулахаа болъё,бохирдуулагчидтай тэмцэе. Хүн бүр Туулын усаар амьдарч байгаагаа бодоод эрэг газар нь очвол ундааны сав,архины шил гэх мэт байгальд шингэдэггүй хогоо буцаагаад аваад явдаг болцгооё.

Туул голын бохирдлыг бууруулна гээд сайн санаат хүмүүс хавар намрын цагт хүрз шуудай бариад баахан цэвэрлэгээ хийдэг. Хэдийгээр сайхан цэмбийлгэдэг боловч дахиад л хогийн цэг болгочихно. Туул голыг экологийн доройтолд оруулж байгаагаа хог таригчид үл тооно. Санаагаар болдог бол тэнд хогийн сав байрлуулмаар,эко харуул ажиллуулмаар санагддаг. Уг нь Туул голын сав газрын захиргаанаас эрэг дагуу хогийн цэг байгуулсан боловч хогны машин ирэхээс урьтаад хогийн нохой, хог түүгчид савтай хогийг асгаж байгаад “самраад” хаячихдаг гэнэ. Голын эргээр нэг хог тарж,салхитай өдөр хийссэн хог гол руу орж голыг улам ихээр бохирдуулж,цэвэрлэгээ хийгчдийн ажил хүндэрч байсан тул уг ажлыг зогсоожээ. Тэгээд одоо өөр арга бодъё. Урин дулааны улиралд эрэг дагуу цэвэрлэгээний компани эсвэл гэрээт ажилтнууд ажиллуулдаг болбол буянтай ажил тэр болно. Хот тохижилтын компаниуд гэрээгээр зохион байгуулалттай ажил үрэг гүйцэтгэж,эко харуул ажиллуулсан ч болмоор.  Туул голд заналхийлж байгаа бас нэг аюул бол арьс ширний үйлдвэрүүдийн хаягдал. Нийслэлийн төв цэвэрлэх байгууламж хагас зуун жилийн настай. Өвгөрсөн байгууламж бохироо цэвэрлэж дийлэхгүй боллоо, техник тоног төхөөрөмж нь ч хуучирч муудаж үеэ элээсэн. Бүх үйлдвэрлэл үйлчилгээ, үйлдвэрүүд нийслэлд төвлөрсөн, өдөр тутам нэмэгдэж байгаа үйлдвэрлэл, үйлчилгээнээс гарч байгаа бохир усны ачааллыг цэвэрлэж дийлэхгүй байна. Нийслэлийнхэн хоногт 170-190 мян.метр куб бохир ус гаргадаг, энэ бол Туул голыг шууд л бохирын суваг болгочихдог их хэмжээний бохир усыг хагас дутуу цэвэрлээд Туул руугаа юүлнэ. У.Хүрэлсүхийн Засгийн газрын  үед цэвэрлэх байгууламжийн асуудлыг одоо л нэг шинэчлэх цаг ирж байгаад талархая.  Их хот бохиртоо живж болзошгүй экологийн гамшгийг холдуулж буй төрийн бодлогыг дэмжицгээе. Дээгүүрээ хуваагаад “идчихгүй байгаасай” гэж бас залбиръя.

Байшин барихын оронд усан сан байгуулах зүрх,зориг байна уу

Туул голын усны нөөцийг хамгаалах ялангуяа хаврын хуурайшилт ихтэй үед тасрахгүйгээр, хуурай сайр болгохгүйгээр урсаад өнгөрөх хэмжээнд болгох вэ гэдэг асуудал толгой өвтгөнө. Усны салбарын эрдэмтэн судлаачдын ярьж буйгаар, зуны үер, хур борооны үед маш их ус зүгээр л урсаад өнгөрчихдөг. Их ус явсаар Орхонд цутгаад, цаашаа Сэлэнгэтэй нийлээд хил даваад одно. Тэгэхээр нутаг дэвсгэр дээрээ орж байгаа хур тунадасыг ухаалгаар хуримтлуулж аваад ган ганчиг, хуурайшилттай үед ашигладаг болмоор байна. Жил бүрийн хавар Туул гол тасарлаа,загас жараахай олноороо хатаж үхлээ гэсэн гомдмоор мэдээ олныг цочирдуулдаг. Амьдрах орчин нь доройтоод амьд байхын аргагүй болохоор үхэхгүй гээд яалтай. Туул голын усыг нэмэгдүүлэх гэж хэдэн жилийн өмнө минж нутагшуулсан. Бас эх дээр нь мод тарьж эхэлсэн. Энэ мэт эх оронч санаачилга гарч байгаа нь сайн хэрэг. Гэтэл Яармагт бараг Туул голын гольдролд том хороолол бослоо. Вива сити, Буянт-Ухаа 1, 2 баригдлаа. Тэдгээр орон сууцанд усны асар их хэрэглээ бий болж байна. Тэр их усыг хаанаас авах вэ гэхээр Туул голын дагуу дахиад л баахан худаг гаргаж, газрын доорх усыг соруулж хэрэглэхээр төлөвлөж байгаа дуулдана. Мэргэжлийн хүмүүсийн ярьж буйгаар, ус хүрэлцэх хэмжээнээс хэтрээд зарим худаг нь ус биш хий сорж байна. Өөрөөр хэлбэл, бид газрын доорх усаа ховх сорж хэрэглээд байгаа нь энэ. Үүнээс гарах зөв гарц, шийдэл байгааг бас тэд санал болгож байна. Тэдний үгийг анхааралтай сонсвол, Туул гол дээрээ үерийн ус хуримтлуулах хиймэл нуур, усан сан байгуулъя гэж байна. Аливаа бүтээн босголтод мөнгө хэрэгтэй, тэр мэдээж. Тэгвэл төр засаг дэмжээд энэ ажлыг бариад авбал түүхэнд тэмдэглүүштэй үйл явдал болно доо. Голын эрэг дагуу газар олгодог, барилга байшин барьж байгаа мөнгөтэй хүмүүс ийм төсөлд хөрөнгө оруулж, аялал жуулчлал хөгжүүлбэл ирээдүйтэй сайхан бизнес болно,мөнгө ч олно, Туулыг ч аварна. Үеийн үед дурсагдах гайхамшигтай ажил тэр болно.

Ундныхаа усны шугам дээр хороолол сүндэрлүүлдэг тэрбумтнууд

Нийслэлийн ундны усны хамгаалалтын газар дээр хороолол сүндэрлүүлсэн тухай хүмүүс ярьсаар л байна. Чухам хэнтэй хариуцлага тооцох вэ. Нэг л өдөр нийслэлийн сая гаруй хүн уух усгүй болбол яах вэ. Цэвэр усны шугам дээр баригдсан барилгуудыг нураах уу гэсэн маш ноцтой олон асуулт хариу нэхэж байна. Гэвч үе үеийн хотын дарга нар чимээгүйхэн асуудлаас бултсаар буй.

Нийслэл хотын цэвэр усны эх үүсвэрийг Туул голын сав газраас хангадаг. Үүнийг бүгд мэднэ. Гүний цэнгэг усны худаг байрладаг ундны усны хамгаалалтын бүсэд барилга сүндэрлүүлсэн компаниудад зөвшөөрөл олгосныг юу гэж ойлгох вэ.

“Дүнжингарав”, “Баянмонгол”, “Кристал таун”, “Сүмбэр орд”, “Их Монгол”, “Олимп” гээд олон хороолол ундны усны хамгаалалтын газарт сүндэрлэж байна. Учир нь УИХ-ын гишүүн Б.Наранхүү Туул голын ундны усны хамгаалалтын бүсэд 30 га газар хууль зөрчин эзэмшсэн байдаг. Эдгээр барилгуудын дор наад зах нь 11 гүний худаг орсон гэж “Монголын байгаль орчны төлөөх хуульчдын холбоо”-ныхон олон нийтэд дэлгэж байсан. УИХ-ын гишүүн Д.Чойжилсүрэнгээр овоглодог “Хурд” компанийн барьсан “Рапид” хороолол бас л цэвэр усны судал дээр байдгаас шинээр баригдсан орон сууцных нь зоорийн давхарт ус дүүрч, ашиглалтад оруулах боломжгүй болсон тухай шуугиж байсан. Энэ мэт эрх мэдэлтэй хүмүүсийн дураар авирлаж байгааг зогсоох хүч Монголд байхгүй бололтой.

Монгол орны 200 гаруй гол мөрөн ширгэсэн. Дархадын сав газрын гол нуурууд хүртэл ширгэж цөлжилт үүсч байна. Үүнийг хэлэхийн учир нь, хатан Туул гол минь тийм тавиланг бүү дайраасай гэснийх. Өнөөдөр Туул голын сав дагуу хайрга олборлодог аж ахуйн нэгжүүдийг жил бүр л хууль зөрчлөө,үйл ажилллагааг нь зогсоолоо гэдэг. Үнэндээ хаалга үүдээ барих нь байтугай зунжингаа улаан шороо татуулаад л ажилладаг. Тэдгээр аж ахуйнуудад зөвшөөрөл олгодог албан тушаалтнууд, хайрганы карьерийн эзэд хэн нь ч усны сав газрын ойр орчимд олборлолт явуулж болохгүй гэсэн хууль дүрмээ мэддэггүй юм уу, мэдсэн ч мөнгө цагаан, нүд улаан гээд дайраад байдаг юм уу, хэн мэдлээ. Бид үр хойч үедээ Туулын усыг үлдээх үүрэгтэй юм шүү,эрхмүүд ээ.
                                   Сэлбийг өгсвөл сэрүүхэн гэх үлгэр жаргавай

Нэгэн цагт саваа халин үерлэж Улаанбаатарыг сандаргаж байсан Сэлбэ гол одоо арай л хатсан сайр болчихсонгүй. Хог новшин дундуур угаадас шиг бохироор гунигтайхан урсана. Сэлбийг өгсвөл сэрүүхэн дээ гэж дуулдагсан. Одоо тэгвэл мөнхөрсөн Сэлбэ голын дагуу алхвал нүд эрээлжлүүлсэн хог новш харах болов. “Сэлбэ голын урсацыг сайжруулж, орчныг тохижуулна” гэсэн хайр хүрмээр төслийг 2011 онд Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Сүхбаатар дүүрэгтэй хамтран хэрэгжүүлсэн. Тухайн үед нийт 1.7 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй тендерт “Нобру” гэдэг компани ялалт байгуулж, хоёр жил засаж тохижуулсан. Хүний гар хүрсэн гэсэндээ овоо өнгө зүс засаадахлаа гэж хотынхон багагүй баярлаж байсан нь дурсамж болон үлджээ. Гүүрэн дээрээс нь сэрүү татуулсан усан хөшиг”унаж” гайхамшиг болгоно гээд байсан чинь хэдэн өдөр дусагнаад чимээгүй болсон. 1.3 тэрбум төгрөгөөр хотын дундуур урсаж байгаа Сэлбэ голынхоо урсацыг сайжруулсан бол юутай сайн. 11 дүгээр хорооллын зүүн талын бяцхан тохижилт нүд баясгана уу гэхээс тэр хэвийн хог новш сэтгэл гундаана. Манайхан нэг юм хийчихээд түүнийхээ хувь заяаг үл тоодог зантай. Уг нь урсгал нь татраад амь тавих гэж байсныг нь сэргээж чадсан гэж сэтгэл дүүрэн байгаа бол “Нобру” компанийнхан хот,дүүргийн дарга нарт хандаад хог новшоо цэвэрлэ гэж шаардаж яагаад болохгүй гэж. Тухайн үед олон жилийн хур хогондоо дарагдчихсан, хөрсний болоод агаарын бохирдол нь дээд цэгтээ тулж, шороо тоос бужигнасан газар болсныг . нийслэлийн болон Сүхбаатар дүүргийн удирдлагууд “соргог” ухаанаар анзаарч, сэтгэлээ сэмрүүлэн байж өөд нь татахыг бодсон нь сайшаалтай. Тэгвэл тэр их хөрөнгө мөнгө зарсан ажил одоо “будаа” болжээ. Бас дахиад л хогийн цэг,бохирын суваг болсон Сэлбэ гол дээрээ очоод нэг хар даа,эрхэм дарга нар аа. Гадаадад байнга явж байдаг дарга нар аль ч улсын нийслэл,том хотуудын дундуур урсаж байгаа голуудыг анзаардаг биз. Арай манайх шиг ийм байдаггүйг мэдэх байх. Тэгвэл яг одооноос Сэлбэ голоо өөриймсөн хайрлаач. Дэлийн эрүүл мэндийн байгууллагаас гаргасан судалгаагаар хамгийн их бохирдсон голуудын жагсаалтын эхний тавд Туул гол орж байсан. Тэгвэл Сэлбэ гол түүний өмнө орж таарна. Дулаан цагт эрэг дээр нь зугаалах байтугай дэргэдүүр нь өнгөрөхөд өмхий ханхалж юун яасан агаар салхи вэ. Их хотыг чимэн урсдаг байсан Сэлбэ гол үхэх мөхөхийн даваан дээр байна. Газрын зурагт тэмдэглэснээр 35 гаруй км үргэлжилдэг юм гэсэн,одоо хэд болсон юм бол. Байгал эхийг хамгаалдаг төрийн ба төрийн бус байгууллагуудыг Сэлбийн хогийг цэвэрлэх ажилд нэгдэхийг уриалж байна. Цэмбийтэл цэвэрлээд үзье л дээ,сайн санаат хүмүүс ээ. Өөрсдийн болон үр хүүхдийнхээ эрүүл цэвэр орчинд амьдрах боломжийг бүрдүүлье. Ус амь, ус чэндмань эрдэнэ билээ.

30180208_1350968505034644_1430158879_n

Н.Наранбилэг

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх