С.Бямбацогт: “78 Eрөнхий сайд”-тай болчихсон гажуудлыг засах ёстой

2018 оны 04-р сарын 20 өдөр, 11 цаг 33 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
5540ed28cfb7b8be91205e6289728d2f

“Улс төрийн санхүүжилт ба өндөр түвшний авлигаас сэргийлэх нь” сэдэвт хэлэлцүүлэгт УИХ-ын гишүүн, Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл боловсруулах Ажлын хэсгийн ахлагч С.Бямбацогт оролцож үг хэлсэн юм. Тэрээр энэ үеэр Монгол Улс 78 Ерөнхий сайдтай болчихсон юм шиг улс төрийн тогтолцооны гажуудлыг Үндсэн хуулийг өөрчлөх замаар л засна гэдгийг тодотгосон юм. Түүнтэй хийсэн ярилцлагыг хүргэж байна.

-Улс төрийн намуудад итгэх олон түмний итгэл илт суларч байна. Та Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл боловсруулах Ажлын хэсгийн гишүүний хувьд энэ бүхнийг чухам яаж  засч залруулах ёстой гэж үзэж байна вэ?  

-Өнөөдөр улс төрийн нам тойрсон олон ээдрээтэй асуудал байна. Намуудад байгаа энэ асуудал эргээд зөвхөн намд төдийгүй төрд итгэх олон түмний итгэлийг сулруулж байна. Ийм байхад улс төрчид гар хумхин сууж таарахгүй. “Тос дотроосоо өтдөг” гэдэг шиг энэ хэвээр явсаар байвал намууд дотроосоо ялзраад дуусна. Зүгээр хоосон шүүмжилж дэмий яриад яваад байх биш аль болох гарц шийдэл олж л асуудлыг шийдэх ёстой. Яах аргагүй таны хэлдэг шиг өнөөдөр улс төрийн намууд бүр болохоо больчихсон байна. Улс төрийн намыг ард иргэд юу гэж харж байна вэ гэхээр эрх мэдэл, мөнгө, албан тушаалын төлөөх хэсэг хүмүүсийн бөөгнөрөл, бүлэглэл гэж л харж байна. Ийм бөөгнөрөлд итгэх хэрэг байна уу?, ингэж бөөгнөрсөн улсуудыг дэмжих хэрэг байна уу?, ийм зорилготой намууд байх шаардлага бий юу? гэдэг асуудал олон нийтийн дунд хүчтэй яригдах болсон. Зөвхөн өнөөдөр ч яригдаж байгаа юм биш. Үндсэндээ 2010 оноос хойш яригдаж байна. Үе үеийн судалгаагаар улс төрийн намд итгэх ард иргэдийн итгэл байнга буурч байгаа. Тийм болохоор улс төрийн намууд ямар байх, үзэл баримтлал, бодлого, үйл ажиллагаагаа юунд чиглүүлэх ёстой вэ гэдгийг тал талаасаа ярьж шийдэх цаг нь нэгэнт болсон. Нам гишүүд дэмжигчидтэйгээ яаж харилцах ёстой, санхүүжилтийг нь хэрхэн ил тод, хариуцлагатай болгох вэ гээд асуудлыг цогцоор нь, том зургаар нь харах учиртай. Чухам энэ л үүднээс Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулж байна.

-Улс төрийн намд авлига хамгийн их байна гэх асуудал хүчтэй яригдах болсон. Үүнийг тэгээд засах боломж байгаа гэж үү?

 -Хэн нэг мөнгөтэй хүн намд хандив нэрийдлээр их хэмжээний мөнгө өгөөд хойморт нь гараад суучихдаг асуудал үнэндээ хавтгайрсан. Насаараа тухайн намд зүтгэсэн, итгэл үнэмшилээ өгсөн, амьдралаа зориулсан хүмүүс, мэдлэг боловсролтой, улс орноо гэсэн чин сэтгэлтэй залууст намд орох, дэвших боломж энэ хэрээр хаагдсан. Өнөөдөр хэн намд орж байна вэ гэхээр ерөөсөө л эрх мэдэлд хүрэх гэсэн, албан тушаалд очих гэсэн адын шуналтан, эсвэл намаар дамжиж албан тушаалтай болж аваад авлига авах гэсэн овжин этгээдүүд л намд шургалдаг, намын далбаан дор төр лүү зүтгэдэг, зүүгддэг болчихлоо. Энэ гаж буруу хандлагыг яаж засах залруулах вэ гэдэг хамгийн чухал. Нам өөрийн үзэл баримтлалтай, үнэт зүйлтэй, тэрхүү үзэл баримтлал, үнэт зүйлийнхээ төлөө үйл ажиллагаа явуулдаг, гишүүд нь тэрнийг нь дэмждэг, тойрон хүрээлж чаддаг, намынхаа  төлөө гишүүд нь зүтгэдэг, гишүүний татвараа өгч чаддаг тийм л эрүүл тогтолцоог бүрдүүлэх хэрэгтэй. Тэгэхгүй бол ялсан мандсан үед нь явуулын хоноц ирж найрлаж байгаад явчихдаг, ялагдсан ядарсан үед нь хар буурин дээр нь хаяад зугтаагаад явчихдаг хуншгүй байдал ердийн үзэгдэл болсон. Үүнээс чинь болж намын нэр хүнд шалдаа хүртэл унаж, намд итгэсэн түмний итгэл талаар болж байгааг одоо л засахгүй бол оройтох гээд байна. Энэ тал дээр зайлшгүй өөрчлөлт хийх цаг нь болсон. Улс төрийн намуудын гол зорилго нь сонгуульд оролцож төрийн эрх барих явдал. Гэтэл энэ зорилгодоо яаж хүрч байна гэхээр ерөөсөө л сонгогчдыг худалдаж авдаг, сонгогчдод мөнгө өгдөг, тараадаг, амладаг тийм байдлаар л хүрдэг болсон. Сүүлдээ одоо бүр улс төрийн нам дотроо эрх мэдэлд хүрэхийн тулд, намын дарга болохын тулд, намын сонгуульт албан тушаалд хүрэхийн тулд намынхаа гишүүдийг худалдаж авдаг зохисгүй байдал газар авлаа. Ийм байдлаар цаашдаа явж хэрхэвч болохгүй. Тийм болохоор Улс төрийн намын тухай хуулийг өөрчлөх зайлшгүй шаардлага байна гэж хэлээд байгаа нь энэ юм.

-Энэ хаврын чуулганаар Үндсэн хууль, Сонгуулийн хууль, Улс төрийн намын тухай гээд олон хуулийн төсөл хэлэлцэх асуултын жагсаалтад орсон. Тэгвэл улс төрийн тогтолцооны энэ гажуудлыг өөрчлөх асуудал чухам хаанаас эхлэх ёстой вэ?

-Яг зөв. Юун түрүүнд эхлээд бид Үндсэн хуульд  өөрчлөлт оруулах нь зайлшгүй болсон. Үндсэн хуулийг өөрчлөх ёстой гэдэг асуудал бүр 2008 оноос хойш 10 жил яригдаж байгаа. Үндсэн хуулийг өөрчлөхгүйгээр урагшаа гишгэхэд бэрх болчихлоо. Засаглалын эрх мэдлийн хувьд УИХ, Ерөнхийлөгч, ЗГ, тэр байтугай шүүх бие биесээ хааш нь ч хөдөлгөхгүй баглаж, багалзуурдчихаад байна. Хууль тогтоох байгууллага нь гүйцэтгэх засаглалдаа, хууль хэрэгжүүлэх ажилд нь хяналт тавихын оронд өдөр тутмын үйл ажиллагаанд нь шууд хутгалдан ордог болчихлоо. Ерөнхийлөгч нь ч бас Ерөнхий сайд шиг, Их Хурлын 76 гишүүн нь ч бүгдээрээ Ерөнхий сайд шиг эрх мэдэл эдлэх гэж дур зоргоороо загнаж байна. Өнөөдөр Монгол Улс 78 Eрөнхий сайдтай болчихсон энэ гажуудлыг даруй засах ёстой. УИХ-ын гишүүдийн хэтийдсэн эрх мэдлийг хумих ёстой. Хүчтэй Ерөнхий сайд, хөгжлийн бэрхшээлгүй Засгийн газартай болохын тулд Үндсэн хуулиа өөрчлөхөөс өөр арга алга. Гишүүд энд Засгийн газрын ажлыг зааж зурдаг, тэнд сум багийн ажилтай зууралддаг есөн шид нь бүрдсэн алмай хуумгай байдлаас болж хөгжлийн бодлогод байнга тээг садаа учирч байна Хууль тогтоогч нь хуулиа баталдаг, бас хуулийн хэрэгжилтэд хяналт тавидаг байхад л гүйцээ. Түүнээс биш Засгийн газраа шантаажилдаг, амин хувийн ашиг сонирхлын үүднээс асуудалд хандаж барьцаалдаг байж хэрхэвч таарахгүй.

-УИХ-ын гишүүдийн ирц, ёс зүйтэй холбоотой асуудлыг иргэд маш их шүүмжилж байна. Их хурлын гишүүнийг эргүүлэн татах, хариуцлагыг гишүүд өөрсдөөсөө эхлүүлэх асуудал зайлшгүй байх ёстой гэсэн хандлага давамгайлах боллоо.

-Гишүүдийн эрх нь ихдэж, үүрэг нь хөнгөдөөд ирэхээр ийм юм болоод байна. Ард түмний элч нь байна гэж сонгогдчихоод чуулган, байнгын хорооны хуралдаандаа суухгүй алга болчихдог, үүрэг хариуцлагаа хаяж гээчихсэн нөхдүүд цөөнгүй боллоо. Үүнээс үүдээд эзгүй гишүүдийн өмнөөс кноп дарж, сэтгүүлчдийн шоглон хэлдгээр “төгөлдөр хуурддаг” байдал гаарч байна. Энэ чинь наанадаж нэг гишүүн нөгөө гишүүнийхээ халдашгүй эрхэнд халдаж байгаа, цаанадаж хууль зөрчиж байгаа, төрийн бодлого шийдвэрт хууль бусаар нөлөөлж байгаа асуудал шүү дээ. Гишүүд өөрсдөө ёс зүйтэй хариуцлагатай байж дараа нь бусдаас, төрөөс, төрийн бусад албан хаагчдаас хариуцлага нэхэх ёс суртахууны эрх нь үүснэ гэж би боддог. Тиймээс хуралдаа ирдэггүй, ирц нь хүрдэггүй, иргэд сонгогчдынхоо итгэлийг уландаа гишгэсэн гишүүнийг эргүүлэн татах, хариуцлага тооцох зохицуулалтыг эцэг хуулиндаа оруулж байж эмхэнд нь оруулна гэж боддог. Дахиад хэлэхэд засаглалын зааг ялгааг илүү нарийвчилж, тогтолцооны эмгэгийг эмчлэхийн тулд Үндсэн хуулийн өөрчлөлтийг бид яриад байгаа юм. Үндсэн хуулиа өөрчилж байж сум хорооны Засаг даргыг намаас биш иргэдээс нэр дэвшүүлж, иргэд өөрсдөө сонгодог болох боломж бүрдэнэ. 21 аймгийн төв жинхэнэ утгаараа хот болон хөгжих үндэс суурийг тавьж чадна. Төсвийн зардлыг УИХ дээр гишүүд дураараа нэмэгдүүлдэг, үүнээс болж улс оронд хэмжээ хязгааргүй өр нэмдэг байдлыг эцэс болгоно. Гүйцэтгэх засаглал нь гүйцэд эрхтэй болж, Ерөнхий сайдаас бусад нь “давхар дээл”-гүй байх эрх зүйн эрүүл орчныг сая бүрдүүлж чадна. Ерөнхий сайд нь танхимынхаа гишүүдийг өөрөө сонгодог, томилдог, чөлөөлдөг, огцруулдаг эрхтэй байж гэмээнэ өнөөдүүлдээ үг хэлдэг, хатуухан шаардлага тавьдаг, ажил хийлгэдэг, болохгүй бол сольдог болно шүү дээ. Ингэж чадахгүй байгаагаас болж, Засгийн газар нь УИХ-ын, гишүүдийн барьцаанд орж, үүнээс болоод сүүлийн 28 жилд бид хөгжлийн том асуудлуудаа ерөөсөө шийдэж чадсангүй.  Барианаас зэрэг гарсан бусад улс орнуудыг хар. Тэд харагдах бараагүй болтлоо биднийг гүйцчихээд байгаад дүгнэлт хийх ёстой.

-Үндсэн хуулийн өөрчлөлтөөс үүдээд Улс төрийн намын тухай хуулийн төслийн үзэл баримтлалд өөрчлөлт орох уу?

-Мэдээж орж таарна. Өнөөдөр Улс төрийн намыг хэрэвзээ машинтай зүйрлэвэл эвдэрхий сарампай, өнгө нь гундсан гандсан, дугуй нь хагарсан, тийм л хэмхэрхий машин шиг болчихоод байна. Тэгэхээр үүнийг засах арга нь яах аргагүй Үндсэн хуулийн өөрчлөлт. Үүнтэй уялдаж Улс төрийн намын тухай хуулийн шинэчлэл зөв хийгдэх ёстой. Намууд зөв болж байж төр зөв болно. Намууд улс төрийн авлигаас ангид байвал төрд авлигал үгүй болно. Иргэд олон нийт ч эргээд намуудад, бас төрдөө итгэх итгэл нь сэргэнэ. Эцсийн эцэст энэ бүхнийг хийж чадвал хэн нэгэн биш, хэсэг бүлэг биш бид бүгдээрээ, улсаараа хожно. Одоо яриад, шүүмжлээд халаглаад суух биш зөв замд нь оруулахын тулд ханцуй шамлан орох, хамтаараа хэлэлцэж зөв шийдэл олох, бодитой ажил хийх цаг нь ирчихээд байна. Алгуурлаж алхайж суух хугацаа одоо байхгүй.

-Илэн далангүй ярилцсанд баярлалаа.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх