Говь-Алтай аймгийн дарга нар хотод ирээд нударга зөрүүлж нэгнийхээ гарыг хугалсан гэх мэдээ чих дэлсэв. Баттай эх сурвалжийн мэдээлснээр, тус аймгийн Засаг дарга С.Гансэлэм орлогч дарга В.Рэнцэндоржтойгоо нийслэлд ажлаар ирсэн байхдаа зодолджээ.
Зодоон юунаас болсон бэ гэвэл албан тушаал булаалдсанаас. Энэ сарын 9-ний орой Central Tower-ийн 17 давхарт байрлах өрөөнд Алтай нутгийн хоёр дарга муудалцаж, чи бидээ тулж, чих толгойгоо уралцаж байтал Гансэлэм дарга орлогчийнхоо гарыг хуга цохьжээ.
Тэр даруй буудлынхан түргэн тусламж дуудсанаар хохирогч В.Рэнцэндоржийг эмнэлэгт хүргүүлсэн байна. Уг хэргийг Сүхбаатар дүүргийн цагдаагийнхан шалгаж байгаа дуулдана. Албан тушаал,эрх мэдэл рүү дэндүү шунаж байгаа дарга нар аймгийн Засаг дарга болохын төлөө яахаас ч буцахгүй тэмцэлддэг болсныг цаст Алтайнхан шивэр авир гэлцсээр удаж буй. В.Рэнцэндорж нь аймгийн МАН-ын хороог даргалдаг. 2016 оны орон нутгийн сонгуульд намаа ялуулсан гавьяатай нэгэн аж. Тиймээс өөрийгөө Засаг дарга болох ёстой гэдэг бодолтой.
Гэтэл тухайн үеийн Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбат түүнийг биш С.Гансэлэмийг Засаг даргаар батламжилсан нь эв эвдрэх шалтгаан болжээ. Уг нь В.Рэнцэндорж бөглөрч яваа гомдлоо С.Гансэлэмд биш өнөөгийн Ерөнхий сайдад дуулгасан бол яах байсан юм бол. Дарга нар яс булаалдсан ховдог ноход шиг авирлаж байгаа нь муухай харагдах юмаа.
Н.Манлай