Ахмад гэрэл зурагчин Л.Санжмятав “Хот,хотынхон” сэдэвт үзэсгэлэн нээгдэнэ

2018 оны 04-р сарын 19 өдөр, 10 цаг 25 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
30714895_1745077548863866_4282709644020809728_n

Ахмад гэрэл зурагчин Л.Санжмятав “Хот хотынхон” гэрэл зургийн үзэсгэлэнгийн нээлтээ  энэ сарын 20-нд Монголын Театрын музейд хийнэ.
Тэрбээр 1958 оноос “Найрамдлын зам” сонинд гэрэл зургийн сурвалжлагчаар ажиллаад МУИС-ийн сэтгүүлчийн ангид суралцаж дүүргэсэн.1966 оноос МРТУХ-ны МОНЦАМЭ агентлагийн гэрэл зургийн ерөнхий редакцид гэрэл зурагчнаар 1982 оныг хүртэл, 1982 оноос УСУХ-ны чанарын удирдлагын төвд, 1986 оноос Монголын Урлагийн Ажилтны Холбоо, 1991 оноос Монголын Урчуудын Эвлэлийн хороонд гэрэл зурагчнаар ажиллаж байсан. Эдүгээ гэрэл зурагчнаар тасралтгүй 60 жил ажиллаж буй тэрбээр энэ удаагийн үзэсгэлэнгээ өөрийн 80 насны ойдоо зориулан гаргаж буйгаараа онцлогтой. Өмнө нь тэрбээр 2014 онд “Хотын хүний зураг” хэмээх үзэсгэлэнгээ гаргаж байв. Энэ удаагийн үзэсгэлэнд түүний гэрэл зургийн хальснаа буулгасан хотын тухай 80 гаруй зураг дэлгэгдэх юм.

Тэрбээр хэлэхдээ, “Анх 1958 онд гэрэл зураг авч “Найрамдлын зам” сониноос зарласан уран бүтээлийн уралдаанд “Сүхийн талбай-Энхийн талбай” зургаараа шагналт байр эзэлж, сэтгэл их өндөр байлаа. Тэр цагаас хойш Улаанбаатар хот, төмөр замын зургийг авч эхэлсэн. Мөн МОНЦАМЭ агентлагт сурвалжлагчаар ажиллаж байхдаа улс төрийн үйл явдал, биеийн тамир, спорт, урлагийн сэдвээр түүхийн агшныг гэрэл зургийн хальснаа буулгаж явлаа. Өнгөрсөн 60 жилийн хугацаанд Улаанбаатар хот маань үнэхээр сайхан хөгжжээ. 1960-аад онд зураг авч байсан гэрэл зурагчид өнөөдөр тэр газраа эрээд олохгүй байна. Зарим газар өндөр барилгын ард ороод, зарим нь олдохоо больжээ. Энэ үзэсгэлэндээ 1960-аад онд авч байсан гэрэл зургаа өнөөдрийн зурагтай харьцуулан харуулах болно” гэв.

Тус үзэсгэлэн энэ сарын 24-ныг дуустал үзэгчдийн хүртээл болно.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх