ЭДИЙН ЗАСАГ

С.Даваасүрэн: Хийх нь хэлэхээс үргэлж хүчтэй байдаг гэж би итгэдэг

2018 оны 04-р сарын 16 өдөр, 09 цаг 46 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
97a0884b190c1b5egreat

ГАНЧИМЭГ

Энэ удаагийн миний зочин Санхүүгийн зохицуулах хорооны дарга, доктор С.Даваасүрэн. Түүний яриаг нухацтай тунгаан уншина гэдэгт итгэж байна.

16b3b6a9bf6a9f6b90c3193d411aaa73

-Юуны өмнө миний урилгыг хүлээж авсанд баярлалаа. Яриагаа шууд эхэлье. Дуу хураагуураа асаалаа шүү.

-Шууд ингээд эхэлчихэж байгаа юм уу. (инээв) Энэ жижиг аппарат гаднаас нь харахад энгийн зүйл мэт боловч нэг тийм субьектив байдлаар сэтгэл зүйд нөлөөлөөд байдаг юм аа.

-Тийм үү. Эфир биш болохоор зочдоо би харьцангуй тайван орчинд урьдаг гэж боддог. Тийм ч учраас тэд илүү дотроо уудалдаг гэж итгэдэг юм. Зүгээр ээ, та үүнийг мартчих.

-За, хичээе.

-СЗХ (Санхүүгийн зохицуулах хороо) мэдээж чухал байгууллага гэдэг нь ойлгомжтой. Сүүлийн үед бүр ч илүү анхаарлын төвд орж ирж байна. Гэхдээ үүнийг нэг талаас эмэгтэй даргатай болсонтой нь холбож харж байгаа хэсэг ч байх юм. Анхны дарга нь Д.Бадраа агсан байсан.Та гурав дахь дарга билүү?

-Дөрөв дэх нь. Миний өмнөх дарга бас эмэгтэй, тэр маань одоо УИХ-ын гишүүн З.Нарантуяа шүү дээ.

-Анх байгуулагдсан үед нь манай санхүүгийн орчинд олон үймээн, олон буруу зөрүү давалгаа үүсч байсан. Үүнтэй тэмцэж байгаад л Д.Бадраа агсан амиа алдсан харамсалтай түүх бий. Тэр үед АТГ-ын анхны дарга бас хачирхалтай байдлаар нас барсан. Ингээд бодохоор эмгэнэлтэй бодлууд орж ирдэг юм.

-Харамсалтай явдал л даа.

-Тэгээд дараа нь Д.Баярсайхан дарга ирсэн. Түүний ажилласан жилүүдийг ерөнхийдөө юу гэж хардаг вэ гэхээр байгууллага өөрөө орон зайд биеэ олж гальбиржихад тодорхой цаг хугацаа ордог. Тэр цаг хугацааг нь нэлээн сунгачихсан юм байна даа гэж боддог. Мэдээж одоо энэ болж байгаа процессуудыг хараад шүү дээ. Байгууллагын хөгжил яг ямар шатандаа явж байна, өнөөдөр дэлхийн бусад жишгүүдтэй харьцуулахад ямар төвшинд хүрчихээд байгаа юм. Эндээс хоёулаа яриагаа эхэлье.

-Байгууллага маань 12 жилийн л түүхтэй. Зах зээл дээр банкнаас бусад бүх санхүүгийн салбарууд тэр дундаа Банк бус санхүүгийн байгууллагууд (ББСБ), Хадгаламж зээлийн хоршоо (ХЗХ),хөрөнгийн зах зээл дээрх брокер дилерүүд, андеррайтер, хөрөнгө оруулалт менежментийн компаниуд, даатгалын салбарын даатгалын компаниуд, даатгалын зуучлагч, хохирол үнэлэгч гээд нийтдээ 2000 гаруйСЗХ-оос тусгай зөвшөөрөл авсан зохицуулалттай этгээдийн үйл ажиллагааг зохицуулдаг байгууллага юм. Мэдээж 12 жил зогсолтгүй ажилласан. Түүнийх нь үр дүн ч зохих төвшинд байгаа гэдгийг үгүйсгэж болохгүй л дээ.

-Танайхаар зохицуулагддаг тэр 2000 байгууллагын хэдэн хувь нь хувийн хэвшил вэ?

-Төрийн өмчийн өмчийн оролцоотой Монголын хөрөнгийн бирж зэрэг зарим нэг зохицуулалтын байгууллагыг эс тооцвол үлдсэн нь бүгд хувийн байгууллагууд.

-Ерөнхийдөө хувийн хэвшилтэй ажилладаг юм байна?

-Тусгай зөвшөөрөлтэй хувийн хэвшлүүдийг нэгтгэсэн, тэдний төлөө үйлчлэх төрийн бус байгууллагууд бий. Жишээ нь, даатгалын компаниудыг эгнээндээ нэгтгэсэн “Даатгалын холбоо”, ХЗХ-дыг эгнээндээ нэгтгэсэн “Хадгаламж зээлийн хоршоодын үндэсний холбоо”, ББСБ-ыг эгнээндээ нэгтгэсэн “Банк бус санхүүгийн байгууллагуудын холбоод”, хөрөнгийнзах зээл дээр брокер дилер, үнэт цаасны компаниудыг нэгтгэсэн “Үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбоод” гээд бүгд л орно. Тэгэхээр СЗХ-ны хувьд зохицуулалттай байгууллагуудынхаа үйл ажиллагааг зохицуулах, хяналт шалгалт хийх, эргээд санхүүгийн зах зээл дээрх тогтвортой байдлыг хангах, улмаар үйлчлүүлэгчдийнхээ эрх ашгийг хамгаалах, тэднийгээ бодлогоор дэмжих үйл ажиллагааг л явуулдаг. Өнөөдрийн байдлаар бол 20 гаруй хууль, 170 гаруй дүрэм журам, заавраар энэ зах зээлийг зохицуулж байна. Ер нь хөгжлийнхөө хаана нь явж байна вэ гэсэн таны асуултанд хариулъя. Өнгөрсөн хугацаанд СЗХ бол зохицуулалтын тал дээр илүү их анхаарсан юм байна аа. Өөрөөр хэлбэл хууль, эрх зүйн орчин, дүрэм журмаа боловсруулан мөрдүүлэх талын зохицуулалтад түлхүү анхааран ажиллажээ гэж харж байна. СЗХ-ны хувьд эрх зүйн зохицуулалтаас гадна санхүүгийн зах зээлийг эдийн засгийн хөшүүргээр, эдийн засгийн аргаар удирдах учиртай. Энэ хоёр зохицуулалт нийлж байж, санхүүгийн зах зээлийн хөгжил, тогтвортой байдал хангагдана. Хууль эрх зүйн орчны хувьд бол мэдээж өөрчлөлт оруулах, шинэчлэх шаардлагатай зүйл бий. Харин эдийн засгийн агуулгад ньэнэ цагт нэлээнанхаарах ёстой юм. Энэ ч утгаараа дэлхийн улс орнуудын санхүүгийн байгууллагатай харьцуулахад хөгжлийнх нь төвшин хаана нь байна, санхүүгийнхээ хүртээмжийг нэмэгдүүлэх, санхүүгийн үйлчилгээг ард иргэд, айл өрхөд өгч чадаж байна уу, өгөөж нь хэр байна гээд үзэх юм бол нэлээн их хийх зүйлүүд байна гэж харж байна. Санхүүгийн салбар нь банк, даатгал, үнэт цаасны зах зээл гэсэн гурван тулгууртай. Эдгээр тулгуурууд харилцан ойролцоо жин дарж байж даац сайтай болно.Монголын эдийн засаг уул уурхайн салбараас хамааралтай. Нэг тулгууртай гэсэн үг. Тэгээд уул уурхайн бүтээгдэхүүний үнэ өсөхөөр эдийн засаг маань өсдөг, буурахаар эдийн засаг агшдаг, мууддаг.

Тэгэхээр санхүүгийн салбар маань банк гэсэн нэг тулгууртай. Нөгөө хоёр тулгуур нь сайн хөгжөөгүй. Иймээс банкнаас бусад санхүүгийн салбарыг хөгжүүлэх, ойролцоо төвшинд хүргэх эдийн засгийн хөшүүрэг, үйл ажиллагаа маш чухал байна.

-Ер нь бол СЗХ-г байгуулахад өгөгдсөн анхны чиг үүргийн тодорхойлолтууд бий. Монгол улсынсанхүүгийн зах зээлийнтогтвортой байдлыг хангах, санхүүгийн үйлчилгээг зохицуулах, холбогдох хууль тогтоомжийн биелэлтэд хяналт тавих гэх мэт. За, тэгээд энэ дотор чинь хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах гэх чиг үүрэг ч бий байх аа?

-Байгаа.

-Тэгэхээр өнгөрсөн жилүүдэд хөрөнгө оруулагчдыг манай зах зээлээс ерөнхийдөө дайжсан гэж ажиглагчид үздэг. Энэ хууль тогтоомжийн биелэлтийг хянах, анхаарал тавих, хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах гэдэг ойлголт манайх шиг ийм хөгжиж буй оронд маш чухал зорилт. Гэтэл бодит байдал дээр өөр дүн гарсан. Ганц нэг хэрэгжиж эхлэсэн төслүүд нь дутуу хагас ойлголттой, олон нийт хийгээд улс төр оролцсон гацаатай. Мөн жаахан өндийх нь үү гэж байсан барилгын салбар хэцүү байдалд орчихсон. Хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах үүргээ та нар яаж хангаж ажилласан юм бэ?

-Би энд ирээд яг 20 сар ажиллаж байна. Ер нь санхүүгийн зах зээл дээрх тогтвортой байдлыг хангах, хөрөнгө оруулагч, үйлчлүүлэгчдийнхэээрх ашгийг хамгаалах гэдэг бол маш том зорилт. Санхүүгийн зах зээлийн тогтвортой байдлыг хангах нь өсөлт, хөгжлийг бий болгохтой салшгүй холбоотой. Огцом өсөөд буураад байдаг биш тогтвортой өсөлттэй байж хөгжинө. Тэгж байж ард олонд мэдрэгдэнэ.Тэгэхээр санхүүгийн зах зээлийн хувьд 2011 онд эдийн засаг 17.5 хувийн өсөлттэй байхад хөрөнгийн зах зээл дээр томоохон өсөлт бий болсон. Тэр үед ХЗЗ-ийн үнэлгээ нь 2.1 их наяд төгрөгт хүрсэн байдаг юм. Энэ ньбол гадаадын шууд хөрөнгө оруулалт өссөнтэй холбоотой. Үүний тодорхой хэсэг нь ХЗЗ рүү хийгдсэн. Үүнээс хойш таван жилийн туршид санхүүгийн зах зээл дээр байнга бууралт явагдсан. Тэгээд өнгөрсөн оноос тодорхой хэмжээний өсөлт ажиглагдаж байгаа бөгөөд энэ өсөлтийн хэмжээ сүүлийн 26 жилийн доторх хамгийн өндөр өсөлт болж байна л даа.

-Та тоон үзүүлэлтээр хэлэхгүй юу?

-Хөрөнгийн зах зээлийн үнэлгээ 2.4 их наяд төгрөгт хүрсэн. Зөвхөн ХЗЗ-ийн хувьд. Энэ өсөлт нь дотоод эх үүсвэрээр бий болсон онцлогтой бас макро эдийн засгийн нөхцөл харьцангуй сайжирсан нь нөлөөлсөн. Дотоод эх үүсвэрийн хувьд томоохон компаниудын нэгдэл байна. Дээр нь гаргасан IPO-нүүд өндөр амжилттай. Үндэсний томоохон компанийн бонд ч гэсэн амжилттай гарч байгаа.

-Аливаа зөвшөөрөл олгодог байгууллагууд хараа хяналтаар шахуулж, буруу зөрүү ойлголт, бас хардлагаар балбуулж байдаг нь бараг зүй тогтол. Тэгэхээр зөвшөөрөл олгодог явцаа жаахан тодруулж ярьж болох уу?

-Зөвшөөрлийг компаниудын бизнес төлөвлөгөөг нь нягтлах, дээр нь дундын зуучлал хийж эрсдлийг нь даадаг компаниудын үнэлгээ, тооцооллыг нягтлах, шалгах ажиллагаа явуулна. Олон нийтэд санал болгож буй хувьцааны хувь хэмжээ, IPOгаргаж байгаа талыг зөвхөн биш, бас хувьцааг худалдаж авч байгаа талын эрсдлийг бууруулах арга замыг хүртэл хардаг. Бүхэлдээ санхүүгийн зах зээлд гарч буй бүтээгдэхүүн, үйлчилгээ нь зах зээлийн сорилтыг даахуйц байх учиртай.

-“Сүү” ХК , “Ай түүлс”, “Анд Энерги”, “Лэнд.mn ББСБ” гээд бүгдээрээ л гайгүй байна уу. “Сүү” ХК-ийн бонд илүү амжилттай явж байна уу?

-Бүгдээрээ сайн. Тэгэхээр “Ай түүлс”-ийн хувьд бол захиалга нь 300 хувь давж биелсэн бол, “Лэнд.мн”-ийн хувьд 650 хувь давж биелсэн. Тэгэхээр зах зээл дээр тийм их хэмжээний хүлээлт байна аа л гэсэн үг. Дээр нь бид 2016 оны гуравдугаар улирлаас2017 оны хоёрдугаар улирлын хоорондын зах зээл дээрх судалгааг хийж үзэхэд иргэдийн СЗХ-г мэддэг гэсэн хувь хэмжээ хоёр дахин өссөн байгаа. СЗХ-г мэдэхгүй байна гэсэн нь 24 пунктээр буурсан. Тэгэхээр СЗХ түүний хэрэгжүүлж байгаа бодлого, үйл ажиллагаа ард иргэдэд танигдаж эхэлж байна гэж ойлгож болохоор байгаа юм. Банк бус санхүүгийн салбарт л гэхэд гаргасан нэг шийдэл бол ББСБ-уудын дүрмийн санг нэмэгдүүлсэн. Өнөөдөр ББСБ-уудын зах зээл дээрх нийт хөрөнгө нь 1 их наяд хүрээд байгаа.

-Энэ 1 их наядын ард байгаа хамгийн чухал ололт нь юу вэ. Мэдээж хөрсөн дээрх, иргэдэд шууд туссан ?

-Хамгийн чухал ололт нь зээлийн нийлүүлэлт нэмэгдээд, хүү нь буурсан. 2016 онтой харьцуулахад 2017 онд зээлийн хүү 0.6 хувиар буурсан. Жинлэгдсэн хувь нь. Даатгалын салбарын хувьд ч ялгаагүй, энэ салбарын нөөц сангийн хэмжээ нэмэгдсэн. Даатгалын салбарын нийт хөрөнгө 20 орчим хувиар нэмэгдсэн. Бүхэлдээ банкнаас бусад санхүүгийн салбар өнгөрсөн онд 25 хувиар өссөн.Амжилттай IPO, нээлттэй давхар бүртгэл, зээлийн хүүгийн бууралт зэрэг нь санхүүгийн зах зээлийг сонирхох ард иргэдийн сонирхол, итгэх итгэлийг сэргээж байгаа юм. Сайн сайхан болчихлоо гэхээсээ илүүгээр цаашид санхүүгийн зах зээлээ тогтвортой өсгөх, хөгжүүлэх тэр суурь тавигдаж байна гэдгийг хэлмээр байна. Өнгөрсөн 20 сарын хугацаанд СЗХ үндсэндээ гурван журам шинээр гаргаад хоёр журамд л нэмэлт өөрчлөлт хийсэн. Статистик хэлэхэд 2016 оны нэгдүгээр сараас долоодугаар сарын хооронд 119 журамд өөрчлөлт оруулсан ба шинээр гаргасан байдаг юм. Тэгэхээр дүрэм журмыг байнга өөрчлөөд байна гэдэг нь эргээд салбарын сахилга бат ямар болох уу, тэр дүрэм журмын хэрэгжилт яах билээ зэрэг олон асуултууд урган гарна. Аливаа гаргаж байгаа бодлого шийдвэрийг нэгд, маш сайн тооцож судалж байж гаргах хэрэгтэй. Нэгэнт гаргасан шийдвэрээ тууштай хэрэгжүүлж байж л түүнээс үр дүн гарна. Түүнээс биш дүрэм журмаа байнга өөрчилснөөрөө тэр зах зээл дээр сайн сайхан зүйл авчирдаггүй гэдэг нь өмнөх туршлагуудаас харагдаж байгаа юм. Мэдээжийн хэрэг дүрэм журам өөрчлөн сайжруулах, шинэчлэх зүйл байна. Эдийн засгийн хөшүүргээрээ энэ зах зээлийг хөгжүүлэх, тэр хөшүүргийг бий болгох, дэмжих, ингэж байж л бид ард иргэд, айл өрхийн итгэлийг авч чадна. Тэр итгэл дээр тулгуурлан энэ зах зээлийг удирдах, зохицуулах, цаашид хөгжүүлэх боломж илүү бий болно.

-Тэгэхээр банк бус санхүүгийн салбарыг танайд хариуцуулахаар хуульчилсан. Гэхдээ монголд болж буй үйл явдлыг унших тийм ч их ажиллагаа ордоггүй л дээ.СЗХ-той холбоотой шүүмжлэлүүд, энэ байгууллагын удирдлагатай холбоотой эсэргүүцэл өрнөх үед оролцдог оролцоог ажиглахад банкны фигурууд л ил далд нэлээд явж байгаа харагддаг юм. Гэтэл хуулиар бол банкнаас бусад санхүүгийн салбарыг зохицуулахаар үүрэгжүүлсэн байдаг. Энэ юутай, ямар эрх ашигтай холбоотой гэж та боддог вэ?

-Хэцүү асуулт байна. Жишээ нь, одоо өрнөж буй дайралтуудын хүрээнд энэ өнцгийг хэн ч хөндөхгүй явж байгааг та бас анзаарч л байгаа байх. СЗХ анх 2006 онд байгуулагдахад Монгол банкны хяналт шалгалтын газрын бичил санхүүгийн хэсэг энд ирсэн. Тэгэхээр зарим зүйлийн угшлыг эндээс харж болох л юм. Тодруулбал банк бус санхүүгийн салбар,бичил санхүүгийн салбар гээд өөрөөр хэлбэл банк бус санхүүгийн салбаруудад анх зөвшөөрлийг нь Монгол банк өгдөг байсан байхгүй юу. Тэгээд СЗХ дээр ирсэн.

-Би яг наадахыг чинь хараад байна л даа. Нэр нь жижиг боловчих ачаа үүрдэг, их ашиг олдог, банкнуудаас хөнгөн хөлтэй, үйлчилгээг түргэн шуурхай үзүүлж хүссэн зээлийг олгодог ийм газруудын эрх ашгийн тухай яриа шүү дээ. Тэгэхээр энэ зөвшөөрлийг олгодог эрхэн дээр чинь фокус тааруулж харж болох юм. Ерөнхийдөө сайн шалгавал бүгдээрээ далд нэг, нэг холбоотой, ББСБ-уудтай, ХЗХ-той. Тэгээд тэр бизнес дээр нь эрх ашиг нь хөндөгдөж байгаа учраас одоо хүчтэйхэн хөдөлж эхэлж байна гэж харж байна. Ер нь төрд өндөр алба хашиж байгаа, төрийн мэдлийн банкинд ажилладаг нөхдүүд хувьдаа ийм байгууллагатай эсэхийг зарлах бололцоо танайд байдаг уу, эсвэл танайд хамаагүй асуудал уу? Барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ үзүүлдэг улс орныг хэрсэн хувийн асар том сүлжээтэй, тэр нь банк шиг томорчихсон бизнестэй банкны захирал ч байж л байлаа.

-Таны асууж байгаа зүйлсийн талаар би өмнө нь сонсож байсан л даа. Сонсоогүй гэж худлаа хэлэхгүй. Гэхдээ шалгагдсан, нотлогдсон бус зүйлсийн талаарх бүх яриа хариуцлагагүй яриа хөөрөө байдаг. Тэгсэн гэнээ, тэгсэн л байх, тэр ерөөсөө муухай хүн, тэр л ингэсэн байх гэх мэт байдлаар ханддаг энэ хандлагад манай нийгмийн олон үнэт зүйлс гутаагдаж байна. Та өөрөө энэ талаар хүчтэй байр суурь баримталдаг хүн шиг санагддаг. Өнөөдрийн байдлаар нийт 533 ББСБ байгаа. Тэдний 400 гаруй нь Улаанбаатар хотод, үлдсэн хэсэг нь орон нутагт үйл ажиллагаагаа явуулж байгаа. Түрүүн хэлсэн нийт хөрөнгийн хэмжээ 1 их наяд төгрөг байгаа. Энэ бол албаны баримтууд. Мэдээж танд далд оршиж байж болзошгүй, бизнесээ хамгаалж элдэв бусармаг үйл ажиллагаа явуулдаг байх магадлалтай бүлэглэлүүдийн талаар хөндөх, хардах сонгодог эрх байгаа. Би таны энэ эрхийг бас хүндэтгэж байна.

-Тэр хадгаламж зээлийн хоршоодын дампуурлын үеийг хоёулаа саная л даа. Ардаа том уулгүй хоршоод л сөнөж дампуурсан шүү дээ. Хөдөө ч гэсэн овоо амжилттай ажиллаж байсан олон хоршоо, нөхөрлөл, хадгаламж зээлийн хоршоод дампуураад л унацгаасан. Миний энд хөндөөд байгаа зүйл бол маш далд байдаг, эзэн нь би байна гээд хэлэхгүй зүйл. Ийм эзэд одоо их хуралд сууж ч байж болох. “Миний нэг ББСБ бий шүү, манай ХЗХ байгаа аятайхан аваад явна шүү гэдэг ч юм уу” захиас танд ирж байсан уу? Ах дүү, амраг садан ч юм уу, найз нөхдөөрөө дамжуулаад бүлэглэлээр явж байгаа ийм ажиллагаа байна л гэж би хэлэх гээд байна.

-Банкнаас бусад санхүүгийн салбаруудын зохицуулалт, шийдвэрийг гаргахад амар биш. Маш олон зохицуулалттай этгээдүүд байдаг. Би түрүүн хэлсэн 2000 гаруй байгууллагын үйл ажиллагааг зах зээл дээр зохицуулдаг гэж. Зах зээлийн далайц, хувь хэмжээний хувьдбага ч, нөлөөлөл өндөртэй салбар гэдгийг би нуухгүй. 2016 онд ББСБ-ын дүрмийн санг 2.5 тэрбум төгрөг шинээр байгуулж байгаа газруудад,хөдөө орон нутагт 200 сая төгрөг, Дархан, Эрдэнэтэд 600 сая төгрөг байх шийдвэрийг гаргасан. Ажиллаж байгаа ББСБ-уудын хувьд бол дөрвөн жилийн хугацаанд үе шаттайгаар дүрмийн сангаа нэмэгдүүлэх гэсэн шийдвэрийг гаргасан. Энэ шийдвэрийг гаргахад үүсч байсан олон асуудлыг эргээд харахад олон ашиг сонирхол байгаа нь харагдаж байсан. Энэ шийдвэрийг тооцоотой судалгаатай, бусад улс орнуудын кейс судалгаа, харьцуулалт дээр үндэслээд гаргасан. Гэсэн хэдий ч багагүй эсэргүүцэлтэй тулгарсан. Хувь хүмүүс эрсдлээ даагаад ББСБ байгуулаад явахад Төр хориг саад тавиад, босго өндөрсгөх шаардлагагүй гэх мэт. Бас л том эсэргүүцэлтэй тулсан шүү. Тэгээд жил гаруйн хугацаа өнгөрөхөд банк бусууд 98, 99 хувьтайгаар дүрмийн сангаа нэмэгдүүлээд явчихаж байгаа юм. Тэгэхээр эргээд зүй тогтлыг харах юм бол бидний шийдвэр зах зээл дээр хэрэгжих боломжтой, хэрэгжиж байгаа нь харагдаж байна.

-Үгүйгэхгүй байна л даа, та. Миний харж байгааг?

-Үгүйсгэж чадахгүй юм байна. (Инээв) Тэгэхээр СЗХ-ны хийх ёстой ажил бол аливаа шийдвэрийг гаргахдаа маш үндэслэлтэй, судалгаатай, сайн тооцоотой байх. Эргээд шийдвэрээ зах зээлд тогтвортой хэрэгжүүлэх нь л маш чухал. Шийдвэртэй холбоотой өөр нэг жишээ хэлбэл, үнэт цаасны зах зээлд компаниудын дүрмийн санг өсгөх шийдвэрийг СЗХ 2013 онд гаргасан байдаг. Тус шийдвэрийн хэрэгжилт өнөө хүртэл хангалтгүй байна. Үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбоо өнгөрсөн хугацаанд энэ шийдвэрийг хэд хэдэн удаа хэрэгжих хугацааг нь хойшлуулах, сунгах албан бичгийг СЗХ-нд өгөөд тэр болгонд тэдний хүсэлтээр шийдвэрээ өөрчилсөн байдаг. Тэгээд л өнөөдөр брокер дилерийн компани харьцангуй чадвар султай, хэвээрээ үлдчихсэн. Тэгэхээр хэлэх гээд байгаа зүйл маань юу юм бэ гэхээр СЗХ-ны хувьд ч гэсэн нэгэнт шийдвэр гаргасан бол түүнийгээ тууштай хэрэгжүүлэхийн төлөө ажилладаг байх. Зохицуулалттай компаниуд ч гэсэн шийдвэрийг дагаж ажилладаг байх. Зохицуулагч болон зохицуулагддаг байгууллагад байдаг зөрчил бол нэг талаас зохицуулагч нь зохицуулалтаа хийх, нөгөө талаас зохицуулагддаг нь сул зохицуулагдахыг оролддог. Мэдээж хэрэг, асуудлыг шийдэхэд хамтран ажиллах ойлголцох нь чухал. Хувь хүнийхээ хувьд би багаар ажиллахын үнэ цэнийг өндрөөр үнэлдэг. Багаар ажиллах маш чухал. Харин хамтарч ажиллах, ойлголцоод явах гэдэг дээр заримд нь эргэлзээ төрдөг болоод байгаа. Юу гэхээр, аливаа асуудлыг шийдэхэд “зарчим” гэж нэг юм бий. Хэн нэгэн хэсэг бүлэгт үйлчлэхгүй, бусдад нь үйлчилдэг зарчим байж таарахгүй, ганц нэг ажлыг зарчмаа зөрчиж хийгээд, бусдад нь зарчмаа мөрдүүлдэг байж болохгүй. Тэгэхээр энэ зарчим гэдэг зүйл алдагдчихаар нөгөө “хамтран ажиллах” гэдэг нь “хамсан хуйвалдах”, харин “ойлголцож ажиллана” гэдэг нь “олны эрх ашгийг умартах” тийм юм руу орчих явдал байна. Хамтраад байна, байсан, ойлголцож ажиллаад байна. Тэндээс чухам ямар үр дүн, ямар нөлөө, ахиц дэвшил бий болсныг харж, тооцож баймаар шүү дээ. Урьд нь болоод л байсан, чи юу юм гэдэг дайралтыг би зарчим гэж харж чадахгүй. Энэ бол миний хувь хүний л байр суурь шүү. Эсрэгээр “хамтарч ажилладаггүй, ойлголцож ажилладаггүй” гэдэг нэр хаяг өгч байх шиг л байна. Хэрвээ зарчмаа нийтээрээ дагаж мөрдөхгүй л юм бол “халхавч” нэрийн дор нэг хэсгээсээ нөгөө рүүгээ хальчих магадлал хамгийн өндөр байна. “Хамтран ажиллах” гэдэг хавсан хуйвалдахын нэр ерөөсөө биш, “ойлголцож ажиллана” гэдэг нь олны эрх ашгийг умартахын нэр ерөөсөө биш юм. Харин төрийн байгууллага хэлснээ хийдэг байх нь олон нийтийн итгэлийг олох хамгийн чухал алхам юм. Энэ зах зээл дээр бага хэмжээний итгэл сэргэх хандлага байна. Тэр сэргэж буй итгэлийг даах ёстой, итгэлийг дааж ажиллах ёстой. Энэ бол минийхээр хамгийн чухал зүйл, учир нь олны итгэлгүйгээр, хүлээлтгүйгээр энэ зах зээлийг удирдах, залах ямар ч боломжгүй. Итгэлийг даахын тулд оролцож байгаа санхүүгийн байгууллага нь ч тэр, бодлогоор дэмжиж байгаа төрийн байгууллага нь ч тэр аль аль нь зарчмаа дагадаг байх ёстой. Ийм л асуудал. Хийх нь хэлэхээсээ үргэлж хүчтэй байдаг гэж би итгэдэг. Ер нь хийгээд гаргаад ирсэн үр дүн бол ямар ч байсан их хүчтэй.Өнөөдөр зарим нөхдийн шүүмжлэлд өртөөд байгаа маань, тийм юм хийсэн нь та нарын ч юм биш, эдийн засаг сайжраад таарсаных ч гэдэг юм уу, энэ бүгдээс ямар ч гэсэн зарим хүмүүст шүүмжлэгдэхээр нэг юм хийчихсэн юм байна гэж харж байна. Ямар ч байсан хэд хэдэн IPO амжилттай болсон байна. Зээлийн хүү тодорхой хэмжээгээр буурсан байна.

-Хөрөнгийн зах зээл дээрх өсөлт өмнөх оноос өсөлттэй яваа. Яг хэдэн хувийн өсөлт гарч байгаа вэ?

-Хөрөнгийн зах зээл дээр өмнөх оноос 70 орчим хувийн өсөлт бий болсон байна.

-Сайн мэдээ ч манай нийгэм иймэрхүү мэдээнд догдлохоо больсон. Өнөөдөр энэ салбарын олон мэргэжилтнүүд өөрсдөө ч шүүмжлэлээр л булаад байгаа?

-Ер нь асуудалд “бодлоготой, судалгаатай хандана” гэдэг нь сүүлийн үед нэг хэлц үг ч юм шиг, хэллэг яриа ч юм шиг хэрэглэгддэг болж. Угтааболвол энэ чинь хийх ёстой ажил юм шүү дээ. Судалгаа нь өөрийн гэсэн арга техниктэй, аргачлалаар хийгддэг, тэрнийг хүмүүс эзэмшиж байж хийдэг. Жишээ нь, хэн нэгэн зуслангийн байшингаа босгож болно, харин олон давхар орон сууцны барилга барихад мэргэжлийн баг, инженер хэрэгтэй. Үүнтэй адил нэг ч удаа судалгаа хийж үзээгүй нь албан бичиг дээрээс нь л илэрч байдаг, мэргэжлийн гэж өөрсдийгөө нэрлэсэн хүмүүсийг асуудлыг судалгаанд түшиглэж шийддэг гэхэд итгэх хэцүү. Тэгвэл бодлого гэдэг бол маш олон судалгааг харьцуулж, дүгнэж шинжилж байж гаргана. Тэгэхээр энэ бол ярьдаг яриа биш, “хийх ёстой” ажил юм.

-Санал нэг байна. Ер нь манай банкнаас бусад санхүүгийн салбарын өнөөгийн төвшин ямархуу байна гэж ерөнхийлөн асуувал та ямар дүгнэлт өгөх вэ?

-СЗХ-ны хувьд банкнаас бусад санхүүгийн салбарын хувьд өмнө байсан төвшнөөсөө дараагийн шат руу шилжих үйл явцад өөрөөр хэлбэл шилжилтийн үедээ байна гэж харж байна. Ийм шилжилтийг хийхэд бас амаргүй, хүлээн зөвшөөрөгдөхөд хэцүү, дээр нь цаг хугацааны хувьд тийм таатай биш үйл явцтай давхцаж байна уу гэж харж байна. Бидэнд байдаг нэг зүйл нь сэтгэж бодох, ярьж хэлэх, үйлдэж хийх гурав давхцдаггүй. Өөрөөр хэлбэл, сэтгэж бодсоноосоо өөр зүйл ярьж хэлдэг, ярьж хэлснээсээ өөрийг үйлдэж хийдэг. Тэгэхээр телевиз сонинд хүн ярилцлага өглөө гэхэд үзэж, уншиж байгаа нь энэ хүн бол телевиз, сонин дээр л ингэж ярьж байгаа юм, тэрнээс бодит амьдрал дээр өөр гэж хүлээж авдаг болсон юм шиг. Ийм нөхцөлд хэрхэн итгэл бий болгох вэ, ерөөсөө итгэл байхгүй байгаа биз?

-Үнэхээр тийм болчихжээ. Энэ худлаа тууж байгаа юм. Энэ цаанаа өөр л юм хийж, бодож байгаа гэж л хүлээж авдаг болсон шиг. Хардах, үгүйсгэх, гүтгэж гүжирдэхийн үерт монголчууд живж байна л даа.

-Тэгэхээр энэ итгэлийг олохын тулд яах ёстой, юу вэ гэхээр яг л хэлсэн, ярьснаа ажил хэрэг болгох, хийх. Тэгэхээр үнэн зүйл ярьж, тэр зүйлээ хийнэ гэсэн үг. Үүнд мэдээж цаг хугацаа хэрэгтэй.Итгэл сэргэх биш, алдрах нь их байгаагаас нийгмийн бухимдал их байх шиг. Олны итгэлийг сэргээхэд төрийн хүний үг хэл, үйлдэл маш чухал гэж боддог.Өнөөдөр чинь нөхцөл байдал ийм болчихсон шүү дээ. Би одоо энэ дээр яахав дээ, нийтээрээ ийм болчихсон учраас би яахав дээ гэх биш. Хэрвээ та бусдаас ялгаатай гэж бодож байгаа бол орон зай, цаг хугацаа, орчин, улс төрийн нөлөөлөлд биш “өөртөө багтааж ажилла” гэж. Энэ бол хувь хүнийхээ хувьд миний баримталдаг зарчим юм. Тэгэхээр мэдье гэвэл мэрийж ажилла, чадъя гэвэл чармайж ажилла.

-Өнөөдөр харж байхад их олон үйл явц өрнөж байна л даа. Оффшор л гэнэ, том том улстөрчдийн баривчилгаа, улс төрийнхний орооцолдсон цахилгаан товчны хэрэг, авилга хээл хахуулийн хэрэг, хүчирхийллийн хэрэг гээд. Энэ дунд эрчим алдахгүй нэг хүнийг онилж байгааг нь гайхах. Нэлээн олон сайтуудаар, хэвлэлүүдээр гарч байна. Энэ дундаас онцгойлж хүлээж авмаар яг ямар шүүмжлэл байна. Яагаад энэ даргыг буулгачихвал бүх юм зөв болно гээд улайраад байгаа юм бэ. Эндээс үнэхээр мэргэжлийн, энийг бол би сонсох ёстой гэсэн шүүмж юу байгаа юм?

-Харин яагаад тэгж онилж байгаа юм бол. Надад ч гэсэн таных шиг асуулт байгаа юм. Миний хийж байгаа ажил дотроосоо болон гаднаас хэсэг хүмүүст таалагдаагүй, магадгүй тэдний эрх ашигт нийцээгүй юм болов уу даа л гэж бодож байна. Гэхдээ, хэсэг бүлэг хүмүүст таалагдахын төлөө би энэ ажлыг хийгээгүй. Миний байр суурь бол энэ салбарыг хөгжүүлэх. Үр өгөөжийг хэсэг бүлэг хүмүүс биш нийт иргэд хүртэх ёстой. Хэрэглэгчийн итгэлийг үнэлдэг судалгаагаар санхүүгийн зах зээл дээр итгэл бий болж байна уу, хүмүүст үйл ажиллагаа нь танигдаж мэдэгдэж байна уу гэхэд “өсч байна, хүмүүст танигдаж мэдрэгдэж эхэлж байна” гэж гарсан байна лээ. Тэгэхээр энэ хийж байгаа алхмууд маань хориод жил үйл ажиллагаа явуулж байсан зарим нэг холбоо, тэр дундаа хөрөнгийн зах зээл дээр ажилладаг зарим хүмүүст таалагдаагүй юм болов уу гэж харж байна. Чухам яагаад намайг шүүмжлээд, худал мэдээлэл тараагаад, гүтгээд байгааг би одоо хүртэл сайн ойлгохгүй л явж байна. Гадаад дотоодод их олон удаа явсан л гэж байна.

-Би бас асууя гэж бодож байсан юм. Таныг 13 удаа гадаадад явсан гээд шүүмжилсэн байна. Нэг жилд юм уу?

-Төсвийн мөнгийг зүй бусаар зарцуулж гадаадад явсан гэж шүү. Тэгэхээр СЗХ-ны өөрийнх нь төсөв 2 тэрбум гаруй төгрөг байдаг. Энэ төсвийн 90 гаруй хувь нь зөвхөн цалингийнхаа зардалд зарцуулагддаг. Дээрх шүүмжилсэн тоо нь миний оролцож чадаагүй, сонгуульт ажилд томилогдсон хурлыг ч оруулсан байна лээ. Өнгөрсөн 20 сарын хугацаанд би СЗХ-ны гадаад хамтын ажиллагааг өргөжүүлж хөгжүүлэхийн тулд гадаадад томилолтоор ажилласан. Энэ үнэн. Гэхдээ хувь хүний өөрийн хүчин чармайлтаар санхүүжилтээ босгосон бөгөөд төсвийн мөнгийг үрэн таран хийсэн зүйл огт байхгүй. Эдгээр нь “study tour” (танилцах аялал) биш, илтгэл тавьж хэлэлцүүлэх, ажлын хэсгийн уулзалтад оролцох, гэрээ хэлцэл хийх, байгуулах, хамтын ажиллагааны ажлууд байсан. Үүний үр дүн ч гэсэн гарч эхэлж байгаа. Олон улсын санхүүгийн байгууллагуудын томоохон нийгэмлэг болох“Санхүүгийн хүртээмжийн нийгэмлэг”-ийн удирдах зөвлөлийн есөн захирлын нэгээр сонгогдсон байх жишээтэй. Энэ байгууллага дэлхийн 95 улс орны төв банк, санхүүгийн зохицуулалтын 114 байгууллагыг эгнээндээ нэгтгэдэг. Захирлуудын зөвлөлд нь ОХУ, Бразил, Египетийн төв банкны ерөнхийлөгч гээд дэлхийн санхүүгийнзах зээлд нэр нөлөөтэй хүмүүс бий. Дэлхийн хүн амын санхүүгийн хүртээмжийг яаж нэмэгдүүлэх, улмаар санхүүгийн системээр дамжуулан ядуурлыг хэрхэн бууруулах, гэтэлгэх арга зам, бодлогыг тодорхойлж ажилладаг. Тэгэхээр энд сонгогдож чадсан нь хувь хүнийхээ хувьд оролцоотой байж, асуудлыг тавьж, дээр нь Монгол улсынсанхүүгийн нөхцөл, асуудлыг ярьж хэлэлцэж ажилласны үр дүн юм. Өнгөрсөн хугацаанд давхардсан тоогоор СЗХ-ны 90 гаруй ажилтан албан хаагчид зохион байгуулагч талын зардлаар гадаадад сургалт семинар, ажлын хэсгийн уулзалтад оролцсон. Даатгалын хүртээмжийн олон улсын байгууллага байдаг, тэрний Азийн бүсийн 2018 оны даргаар бас миний бие сонгогдсон. Сонгууль нь Шри-Ланкад болж томилогдсон. Харамсалтай нь томилогдсон хуралдаа өөрөө оролцож чадаагүй. Гадагшаа явлаа гэхээр их өөрөөр ойлгоод байх шиг байна. Зугаалах ч юм уу, юу ч хийдэг юм нэг юм хийж байна аа ч гэдэг юм уу. Миний хувьд СЗХ-ны дарга болохоосоо ч өмнө гадны олон байгууллагуудтай холбоотой ажиллаж ирсэн.

-Гадагшаа явж үзэхийг хүсээд яваад байна гэж л бодоод байдаг бололтой.

-Юу ч гэмээр юм бэ дээ… Миний хувьд СЗХ-ны дарга болохоосоо өмнө гадаадад олон жилээр сурч, ажиллаж, амьдарч байсан.

-Та чинь Манчестрийн их сургууль, Нью Хэмпширийн их сургууль төгссөн байсан уу?

-Тийм ээ. Би МУИС-д суралцаж төгсөөд Англи, АНУ-д магистр, докторын зэргээ хамгаалсан. Санхүүгийн салбарын гадаад хамтын ажиллагааг хөгжүүлэхэд хувь хүнийхээ хүчин чармайлтыг гаргахыг л эрмэлзэж байгаа. Эхнээсээ тодорхой хэмжээний амжилтууд гарч эхэлж байгаа. Дахин нэг зүйлийг онцолж хэлэхэд өнгөрсөн онуудад төсөв маш хүндрэлтэй байсан. Гадаад томилолтын ганц ч зардлыг зөвшөөрөөгүй. Энэ хугацаанд гарч ирж байгаа зүйл бол зөвхөн хувь хүний хүчин чармайлт, эргээд гадна талд байдаг өмнө нь хамтран ажиллаж байсан олон улсын байгууллагуудтай тогтоосон ажил хэргийн яриа хэлцэл, хамгийн ажиллагааны үр дүн юм.

-Өөрийнхөө тогтоосон харилцаа холбоогоор дамжиж зардлаа босгож явсан байна. Улсын зардлаар гэж ташаарсандаа уучлал хүсэх байлгүй дээ?

-Тиймээ, би түрүүн хэлсэн аливаа ажлыг хийхдээ чармайж ажиллаж байсны үр дүн юм шүү гэдгийг энд хэлмээр байна.

-Яахав дээ, тийм имижтэй, гадагшаа явж үзэхийг хүсдэг дарга нар олон байгаа учраас тэдний нэг гэж хараад байж магадгүй юм л даа. Бас та өөрөө олон нийтийн индрээр гараад өөрийгөө таниулсан хүн биш байна л даа. Хувь хүнийхувьд чшаагиж шуугисан хүн биш байна. Би таны намтар түүхийг мэдээж ярилцах гэж байгаа юм чинь уншсан. Бидний бахархдаг олон эмэгтэйчүүдийн нэгэн адил өндөр хөгжилтэй орнуудад сурч боловсорсон, олон жил бас сурган хүмүүжүүлэх ажил хийсэн хүн юм. Өмнө нь ажиллаж байсан салбар маань илүү амар байж дээ гэж бодогдох юм уу? Эсвэл илүү хатуужиж, өөр хатуу зорилготой болж байна уу?

-Ер нь тэр нь амар байж, энэ нь амар байж гэдгээсээ илүү одоо хийж байгаа ажил маань ч, өмнө хийж байсан ажил маань ч миний хийх ёстой ажил л гэж боддог. Би ажлыг их бага, хүнд хэцүү, амар хялбар гэж ангилахыг хүсдэггүй. Ойр дотныхны маань хэлдэгээр ажлын хэнээтэй, барьж авсан ажлаа дуусгаж байж л санаа амардаг зантай хүн дээ. (инээв)

-Та УИХ-аас томилогдсон хүн. Томилогдсон хувь тань 89.9% байл уу? Их өндөр хувьтай томилогдлоо гэж харж байсан. Өнөөдөр таны томилсон байгууллагаасажлын хэсэг гараад таны ажлыг шалгаж байна. ТББ-уудын, бас сошиалын шахалтаар ч юм уу. Тэр шалгалтын явц ер нь ямар байна. Ингэж асууж буй нь манай улс төрчид өөрсдөө ямар нэг захиалга тээгээгүй, далд бүтцэд оролцоогүй нь их ховор байдаг. Улстөрчдийн захиалсан үйл ажиллагааны бай л болж дээ гэж харж байна. Явц нь ямархуу ёс зүйтэй явагдаж байх юм?

-УИХ-ын байгууллагыг түүнээс байгуулсан ажлын хэсэг шалгах явдалхэвийн л зүйл. Шалгалттай холбоотой ажлын хэсгийн удирдамжийн дагуу холбогдох тайлбар, баримт материалаа бүгдийг гаргаж өгсөн. СЗХ ч гэсэн өөрөө зохицуулалттай байгууллагууддааэрсдэлд суурилсан,зайны, эсвэл газар дээрх хяналт шалгалт тогтмол хийдэг. Ямарваагомдол санал, шүүмж байгаа бол тэрийг нь шалгаж, тогтоох нь зөв. Харин тэр өргөх бичиг дээр тавьсан асуудлууд нь ажил хэргийн биш баримт нотолгоогүй юм билээ. СЗХ-ны хувьд хууль, дүрэм журам зөрчсөн, санхүүгийн сахилга алдсан, ажил унагасан, зогсоосон зүйл байхгүй.

-Танайх аймгуудад нэгжтэй юу?

-Аймгуудад байхгүй.

-Хэдэн хүнтэй байгууллага юм бэ?

-СЗХ нь 140 гаруй ажилтан, албан хаагчтай. Бүтцийн хувьд гадаад харилцаа хамтын ажиллагааны газар, судалгаа эрсдлийн шинжилгээний хэлтсийг шинээр байгуулсан. Санхүүгийн зах зээл нь дэлхий нийтийн зах зээл. Дэлхий аль хэдийн хөгжлийн зүй тогтол, хандлага, тоглоомын дүрмийг нь тогтоочихсон. Тиймээс бид дэлхийн санхүүгийн зах зээлээс суралцах, зохистой төвшинд импортлох шаардлагатай. Одоо хар л даа, санхүүгийн салбарт финтек хүчтэй нэвтэрч байна. Энэ чинь хил хязгааргүй болж эхэлжбайна шүү дээ. Тэнд ойлголцож, түүнд нэгдэж ажиллах нь маш чухал. Үүнийхээ тулд тэнд юу болж байна вэ гэдгээ маш сайн, бас зөв ойлгох хэрэгтэй. Хууччуул ярьдаг даа, хагас дутуу мэдсэн зүйл бол их аюултай байдаг, дутуу мэдсэнээс мэдээгүй байсан нь дээр. Яагаад гэвэл дутуу мэдсэн зүйлийг дүүргэх юм нь муу санаа, хов жив байдаг гэж. Тэгэхээр аливаа нэг зүйлийг хийе гэвэл түүнийхээ учир шалтгаан, уялдаа холбоо, анх тэр гарч ирсэн сэдлээс нь эхлээд мэдэж, судлах хэрэгтэй. Иргэдийн маань одоо энэ зах зээл дээр ажиллаж байгаа мэргэжлийнхний зах зээл дээрх мэдлэг, ойлголтыг сайжруулах, гэгээрүүлэх явдал бас их чухал.

-Манай төр өөрөө зохицуулагч байгууллагуудаа сайн хэлбэржүүлж чаддаггүй шүү дээ. Өөрсдөө дээрээс нь лантуудаад нөгөөдүүлдээ бодлогыг нь хэрэгжүүлэх эрх чөлөө олгохгүй барьчихдаг. Өөрсдөө ийм дутуу тойрог дотроо хашдаг юм их шүү дээ?

-Дээр хэлсэн, аливаа зохицуулалтын байгууллага нь зохицуулахыг боддог. Зохицуулагддаг нь аль болох сул зохицуулалттай байхыг оролддог, хүсдэг. Эндээс үүсч байгаа л зөрчилдөөн гэж харж байгаа. Мэдээж аливаа зөрчил үүсээд, өрнөөд, шийдвэрлэгдэх явцад хөгжил явагддаг. Үүнийг харьцангуй эрүүл зүйл гэж боддог. Хэт хурцдаад цаашаа яваад өгвөл бас их хэцүү зүйл л дээ. Нөгөөтээгүүр зохицуулж байгаа болон зохицуулагдаж байгаа байгууллагын аль аль нь чадавхтай, аль болох асуудлыг харж байгаа, хандаж байгаа тэр өнцөг дээрээ мэргэжлийн, ажил хэрэгч байр сууринаас ажиллах учиртай. Төрийн байгууллагын чиг үүргийг төрийн бус байгууллагад шилжүүлэх гэдгээржишээ авья л даа. Төрийн бус байгууллагууд төрийн эрхийг хэрэгжүүлэхийн тулд хийх ажил, хүлээх хариуцлагаа бас ярьдаг баймаар. Төрийн бус байгууллагад төрийн чиг үүрэг, эрхийг шилжүүлэх тухай асуудал ярихдаа хариуцлагагүй, чанаргүй үйлчилгээнээс үүсэх хариуцлагыг хэн үүрэх, хүлээх тухай асуудлыг ярихгүй байна. Тэгэхээр төрийн бус байгууллагын хувьд төрийн чиг үүргийг хэрэгжүүлэх чадвар чадавхтай, дэд бүтэцтэй, хүний нөөцтэй баймаар байгаа юм. Хийж байгаа сургалт нь чанартай байна уу, төрөөр лоббидож гаргуулах гэж байгаа шийдвэр нь үндэслэлтэй байна уу үгүй юу, тэндээ хүч зарж ажилласан уу үгүй юу, судалгаа байна уу үгүй юу гэх мэт. Хэдэн хүн ярьж байгаад энэ бол аягүй чухал байна аа гээд гаргачихдаг байж таармааргүй байгаа юм. Төрийн ч бай, төрийн бус ч бай байгууллагын гаргаж тавьж буй санал санаачилга, ажил хэрэгхөгжлийг ухраасан биш, урагшаа ахиулсан үйл хэрэг байгаасай гэж л хүсдэг.

СЗХ-ны хувьд өнгөрсөн хугацаанд төрийн байгууллагууд, зохицуулалттай этгээдүүд болон санхүүгийн зах зээл дэх холбоодтойгоо зохих төвшинд сайн ажиллаж байгаа. Тухайлбал, Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөлд санхүүгийн салбарын бодлогоо хамтран боловсруулж, төлөвлөгөө гарган, санал санаачлагатай, оролцоотой, нягт ажиллаж байна.

-Жишээ нь, Монголбанк, Сангийн яамтайгаа хэр ойлголцож ажиллаж байна вэ?

-Монгол банк, Сангийн яамтай хамтран иргэдийн санхүүгийн боловсролыг дэмжих, мөнгө угаах терроризмыг санхүүжүүлэхийн эсрэг чиглэлийн үйл ажиллагаанд чухал ач холбогдол өгч ажиллаж байна. Зохицуулалттай байгууллагууд, холбоодын хувьд ч СЗХ-ны хэрэгжүүлж буй бодлого үйл ажиллагааг дэмжин ажилладагт талархдаг. Зах зээл дээр гарсан нааштай хандлага, эерэг өөрчлөлт нь бидний үйл ажиллагааг дэмжин оролцож байгаа талуудын хамтын ажиллагааны л үр дүн.

Санхүүгийн хүртээмжийг нэмэгдүүлэх нь бидний чухал зорилт. Хүртээмж гэдэг нь хүн хэрэгцээтэй шаардлагатай үедээ хамгийн хямд эх үүсвэрээр, түргэн шуурхай санхүүгийн үйлчилгээг хүртэх явдал юм. Банк, үнэт цаас, даатгалын зах зээлийн харилцан уялдаа, тэнцвэртэй хөгжил нь санхүүгийн хүртээмжид онцгой нөлөөтэй. Хэрвээ цалингийн орлогоос илүү орлого байгаа бол тэрийгээ банкинд хадгаламжинд хийж болно. Гэтэл сонирхол нь хөрөнгийн зах зээлээс хувьцаа худалдаж авах байвал түүнийгээ авч болно. Хувьцааны үнэ ханш нь хэлбэлзэлтэй байна гэвэл түүнийгээ бас даатгуулж болно. Хүмүүс хөрөнгөөсанхүүгийн олон эх үүсвэрт байршуулах боломж бий болж байгаа юм. Энэ нь цаанаа ямар зүй тогтлыг бий болгож байна гэхээр нөгөө бидний хүсэн тэмүүлээд байгаа дундаж давхаргыг бий болгох чухал хөшүүрэг болж байгаа юм. Дундаж давхаргынхны орлого нь байнгын, тогтвортой байдаг. Тэд нийгмийн бусад хэсэгт үлгэр дуурайл болохуйц, манлайлагчид нь байдаг. Бусдын нөлөөнд автдаггүй, бие даан шийдвэр гаргаж чаддаг, асуудлууд дундаас яагаад гэдэг асуултаа өөрсдөдөө тавиад шийдвэрлэж чаддаг тийм хүчирхэг давхарга юм.

-Улс төрийн намуудын сонгогчдоос санал авах зорилтоор дамжиж элдэв халамжийн бодлогууд их явагддаг. Энэ нь улс орныг сульдаадаг. Сая дахиад л хүүхдийн мөнгө хөтөлбөр явлаа. Том зургаараа бол бүгд л эсэргүүцдэг атлаа эрх барихаараа ийм бодлого шургуулдаг. Иймэрхүү асуудалд танай байгууллага ямар дуу хоолойтой оролцдог юм?

-Дээр хэлсэнчлэн санхүүгийн хүртээмжийг нэмэгдүүлснээр энэ асуудлыг шийдэх боломжтой. Ажил орлогогүй, ядуу иргэдийн тоо олон байхын хэрээр хийж буй ажил, хэрэгжүүлж буй бодлогын сонголт ядмаг, татаасын шинжтэй хөтөлбөрүүд олон болдог. Учир нь олонхид таалагдаж, дэмжлэг авахын тулд шүү дээ.Эсрэгээрээ дундаж давхарга өргөжихийн хэрээр популизмхийх, хоосон амлалтын орон зай улам бүр хумигддаг. Олон нийтийн санхүүгийн боловсрол, санхүүгийн хүртээмжийг нэмэгдүүлэх нь байнгын тогтвортой орлоготой дундаж давхаргыг томруулах чухал нөлөөтэй.

-Санхүүгийн мэдлэг мэдээлэл дутмагаасаа болоод иргэд янз бүрийн залилан, сүлжээний элдэв луйварт өртдөг. Ийм үзэгдлүүдийг танайх ямар байдлаар зохицуулах уу?

-СЗХ-ны хувьд хуулиар хүлээсэн үүрэг байхгүй. Гэхдээ санхүүгийн луйвар, залилангийн гэмт хэргийг таслан зогсооход төрийн бусад байгууллагатай хамтран ажилладаг. Тухайлбал “Жи тайм” сүлжээний бизнес үүний нэг жишээ.

-Тусгай үүргийн мэргэжлийн байгууллагуудаас, тухайлбал тагнуул цагдаатай хамтран ажилладаг биз дээ?

-Санхүүгийн зах зээл улам бүр интеграцчилагдаж байгаа энэ цаг үед бидний хамтын ажиллагаа их чухал. Өнгөрсөн жил болсон явдал дээр гэхэд газар дээр нь манай хянан шалгагч нар ажиллаж, мэдээллийг цуглуулсан. Анзаарч байхад эдийн засгийн нөхцөл байдал таагүй үед богино хугацаанд амархан мөнгө олох гэсэн тэр хүсэл дээр нь тулгуурлаад ийм сүлжээний бизнесүүд газар авах хандлагатай байгаа. Бид энэ сүлжээний бизнесийн хувьд зохицуулалтгүй. Гэтэл энэ нь олон шатлалт маркетинг пирамидын ийм зарчмаар явж байгаа ажиллагаа байдаг. Энэнээс сэргийлж сэрэмжтэй л байх хэрэгтэй.

-Төрийн зүгээс зохицуулалтын менежментээр дэмжих дэмжлэг л амин чухал. Өөрөөр аливаа зөв явж байгаа зүйлээс хол байх ёстой гэж хардаг болсон. Хийх ажил үнэхээр их байна даа.

-Үнэхээр тийм. Миний хувьд даргын ажлыг хариуцлага л гэж хардаг. Санхүүгийн зах зээлд жаахан ч гэсэн гэрэл гэгээ гаргах юмсан гэсэн зорилготой ажиллаж байна даа.

-Зарим нь дарга бол мэргэжил гэж хэлсэн байдаг. Орчинд үед энэ ойлголт их өөрчлөгдсөн. Би хувьдаа дарга бол нийтийн хүн гэж хардаг. Нийтэд ойр, ямар нэгэн хаалтны ард биш, урд байх хүн гэж боддог. Байгууллагадаа нэр хүндийн өсөлт хийгээд эдийн засаг, технологийн бүх төрлийн ашгийг авчирдаг менежер л байх ёстой. Зарим нь дарга хүн тийм байх ёстой, ийм байх хэрэгтэй гээд олон дэмий юм ярьдаг шүү дээ. Танд ч гэсэн илүү нээлттэй байхыг зөвлөж байна. Мэдээж энэ олон дайралт сэтгэл санааны хувьд ажил хийж байхад амаргүй байгаа байх. Ингээд зочиндоо амжилт, эрч хүч хүсье.

-Чухам яагаад намайг онилж байгаа учир шалтгааныг мэдэхгүй юм. Хувь хүнийхээ хувьд, мэргэжлийнхээ хувьд өнгөрсөн хугацаанд ажилласан хуримтлуулсан мэдлэг чадвар туршлагаараа авч үзэхэд энэ зах зээл дээр хамгийн эрхэм зүйл бол гэрэл гэгээ оруулъя, олон нийтэд үүнийг танил болгоё, бусдаас биш энэ өгөгдсөн боломжийн төвшинд хамгийн эрчимтэй, хамгийн сайнаар ажиллах ямар боломж байна гэдгийг гаргаж ирэх хамгийн чухал зорилго л байгаа. Ажлыг би босгохын төлөө л явж байгаа. Өнөөдөр биш ч гэсэн хэсэг хугацааны дараа энэ зах зээл сэргээд ирэхийн алдад ажлууд маань мэдрэгдэхүйц болно гэж найдаж байна. Тэгэхээр яахав, болоод бүтээд байгаа ажлыг гаднаас нь харахаар амархан юм шиг санагддаг байх. Өнөөдрийн үүсээд байгаа асуудлыг дотно талаасаа ч, гадна талаасаа ч зарим нөхөд их амархнаар хараад байх шиг байна.

-Ер нь бол танай байгууллагын хувьд асуудлыг авч хэлэлцэх, хамтарч ажиллах тэр бүх үүд хаалга нь нээлттэй л байгаа юм байна шүү дээ?

-Ажил маань хэвийн явагдаж байгаа. Зарим нөхдөд хийж хэрэгжүүлж байгаа ажил маань төдийлөн таалагдаагүй байж болно. Санхүүгийн зах зээлийн дийлэнх олонхид нь үйл ажиллагаа маань илүү их нийцтэй, илүү сайн шийдвэрүүд болж байна аа гэсэн урмын үг их ирдэг. Аливаа ажлыг хийх нь хэлэхээсээ үргэлж хүчтэй байдаг гэж би итгэдэг.

-Танд ярилцсанд баярлалаа. Ахин амжилт хүсье.

www.baabar.mn

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх

Валютын ханш

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Copyright © 2013