УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулсан билээ. Энэхүү хууль нь өнөөдөр тулгамдаад байгаа УИХ-ын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх, эсэх тухай асуудал хуулийн хүрээнд шийдэгдэх боломжийг бүрдүүлэх юм.
2006 онд батлагдсан Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 6.9 дэх хэсгийн заалтууд энэ асуудлыг тусгасан боловч 2010 онд уг хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтөөр 6.9.2-т заасан “гишүүнд холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэсэн бөгөөд Улсын Ерөнхий прокурор түүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх тухай саналыг Улсын Их Хуралд оруулсан тохиолдолд” гэсэн заалтыг хүчингүй болгосноор 6.9.1 дэх заалт буюу зөвхөн “гэмт үйлдлийнх нь явцад, эсхүл гэмт хэргийн газарт эд мөрийн баримттай нь баривчилсан” гэсэн заалт үлдсэн байна.
Харин Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаан 2012, 2017 онуудад хуралдаж, тус заалт нь Монгол Үндсэн хуулийн 14.1, 14.2, 29.3-т заасныг зөрчсөн хэмээн үзсэнээр хүчингүй болгосон юм.
Энэ удаагийн хуулийн төслөөр Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 6.9.1 болон 6.9.2 дахь заалтуудыг хамтад нь сэргээснээр УИХ-ын гишүүн гэмт хэрэгт холбогдсон асуудлыг хэлэлцэж, бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх, эсэхийг шийдвэрлэх, гэмт хэрэг үйлдсэн гэж шүүх тогтоовол гишүүнээс нь эгүүлэн татах талаархи Монгол Улсын Үндсэн хуулийн зохицуулалт хэрэгжих нөхцөлийг бүрдүүлнэ гэж хууль санаачлагч үзэж байна.
Өргөн барьсан хуулийн төсөлтэй дараах линкээр танилцаж санал өгөх боломжтой. http://forum.parliament.mn/projects/319