“Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийн хэрэгжилтэд ОУВС сэтгэл хангалуун байна

2018 оны 04-р сарын 11 өдөр, 10 цаг 50 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
3596c327c090d8258a377f163e036754

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Боаогийн чуулга уулзалтад оролцох үеэрээ Олон улсын валютын сангийн Гүйцэтгэх захирал Кристин Лагардтай уулзав.

Монгол Улс ОУВС-гийн “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийг амжилттай хэрэгжүүлж байгаагийн дүнд эдийн засгийн өсөлт хурдасч, хөрөнгө оруулалт нэмэгдэн, төсвийн тэнцэл сайжирч буйг Ерөнхий сайд тэмдэглэв. Мөн эдийн засаг хүнд байх үед дэмжлэг туслалцаа үзүүлсэнд ОУВС-д талархал илэрхийллээ. Монгол Улсын Засгийн газар төсвийн сахилга батыг сайжруулах, зарлагыг багасгах замаар төсвийн алдагдлыг бууруулах, түүнчлэн эдийн засгаа төрөлжүүлж олон тулгуурт болгохыг зорьж байна гэлээ.

“Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийн хэрэгжилтийн явцад ОУВС сэтгэл хангалуун байгаа бөгөөд Монгол Улс холбогдох арга хэмжээг үргэлжлүүлэн  хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлнэ гэдэгт итгэлтэй байгаагаа Кристин Лагард илэрхийлэв. Тэрээр ОУВС-гийн баг ирэх зургаадугаар сард Монголд ажиллан, хөтөлбөрийн хэрэгжилтийн явцын талаар Монголын холбогдох байгууллагуудтай ярилцахаар төлөвлөж буйг мэдээлэв.

Ерөнхий сайд У.Хүрэлсүх ОУВС-гийн гүйцэтгэх захирал Кристин Лагардыг тааламжтай цагтаа Монголд айлчлахыг урив гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх