Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатарын урилгаар албан ёсны айлчлал хийхээр өнөөдөр Монгол Улсад ирсэн Швейцарын Холбооны Улсын Гадаад хэргийн сайд Игнацио Кассис айлчлалынхаа хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад бараалхлаа.
Ерөнхийлөгч түүнийг Төрийн ёслол хүндэтгэлийн өргөөнд угтаж, Швейцарын хөгжлийн хамтын ажиллагааны зарим төсөл, хөтөлбөрийн талаар ярилцав.
Юун түрүүнд, ноён Игнацио Кассис өөрийг нь хүлээн авч уулзаж байгаад Төрийн тэргүүнд талархаж буйгаа илэрхийлээд “Би хувь хүнийхээ хувьд болон Швейцарын Гадаад хэргийн сайдын хувиар Монгол Улсад анх удаагаа айлчилж байна. Мөн энэ нь миний Европоос бусад тивийн улсад хийж байгаа анхны айлчлал. Биднийг хүндэтгэн угтсанд баярлалаа” гэв.
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга түүнийг Монгол Улсад тавтай морилохыг хүсээд “1990-ээд онд Монгол Улс ардчилсан нийгэмд шилжиж байх үед Швейцар улс тусалж байсанд юун түрүүнд талархал илэрхийлэхийг хүсэж байна. Энэ үе Монголын хувьд хүнд үе байсан. Мөн 2012 оноос хойш Швейцарын хөгжлийн агентлагаас ард иргэдийг төр, засагтай холбох Иргэний танхим байгуулж, өнөөдөр Монгол Улс даяар 500 орчим Иргэний танхимтай болсон байна. Швейцарын хөгжлийн агентлаг энэ төсөлдөө 11 сая орчим Швейцар франк зарцуулсан байна. Монгол Улс том газар нутагтай ч, дэд бүтэц сайн хөгжөөгүй. Тухайлбал, Улаанбаатараас 2000 гаруй км зайтай амьдардаг хүн төр засагтайгаа Иргэний танхимаар дамжуулан түргэн шуурхай холбогддог тул бид энэ төслийг цааш үргэлжлүүлж, иргэний танхимуудыг бэхжүүлэх сонирхолтой байгаа” гэлээ.
Швейцарын Холбооны Улсын Гадаад хэргийн сайд Игнацио Кассис Швейцар Улс Монголыг залуу ардчилсан орон бөгөөд энэ тивдээ ардчиллыг цогцлоож байгаа гээд “Швейцарын хөгжлийн агентлаг төсөл, хөтөлбөрүүдээ сайн засаглалыг дэмжих болоод хөдөө аж ахуй, байгаль орчин гэсэн салбаруудад хэрэгжүүлдэг. Эдгээр чиглэлийн дагуу 2021 он хүртэл хэрэгжүүлэх төсөл хөтөлбөрүүдээ баталж, төлөвлөгөөний дагуу ажиллаж байгаа. Бид Монгол Улстай 20 орчим жил хөгжлийн хамтын ажиллагааны чиглэлээр ажиллаж байна. Мөн Олон улсын түвшинд ч хамтран ажилладаг. Цаашдаа эдийн засгийн хамтын ажиллагаагаа өргөжүүлэх сонирхолтой байгаа” гэв.
Мөн Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга тус улсын армийн зохион байгуулалт, менежментийг судалж, манай улсад нэвтрүүлэх зорилгоор батлан хамгаалах салбарт илүү ойр хамтран ажиллах саналтай байгаагаа хэлээд Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатартай яриа хэлэлцээр хийхдээ энэ асуудлыг хөндөж ярилцахыг хүсэв.
Швейцар улсад заавал цэргийн насны бус цэргийн нас нь өнгөрсөн байсан ч армийн бэлтгэл байдлаар албаа үргэлжлүүлэн хаадаг энэ жишиг нь тус салбарт хамтран ажиллах сонирхол төрүүлж байгааг Монгол Улсын Ерөнхийлөгч нэмж хэлсэн юм. Харин Швейцарын Холбооны Улсын Гадаад хэргийн сайд Игнацио Кассис Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгыг улсынх нь батлан хамгаалах салбарыг өндрөөр үнэлж буйд талархлаа илэрхийлж, саналыг нь ажил хэрэг болгохын тулд эх орондоо очоод салбар хариуцсан сайддаа уламжилна гэдгээ хэллээ.