Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад өнөөдөр Их Британи Умард Ирландын Нэгдсэн Вант Улс (ИБУИНВУ)-аас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Филип Мэлоүн Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа.
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Элчин сайд Филип Мэлоүныг Итгэмжлэх жуух бичгээ өргөн барьсантай нь холбогдуулан хүлээн авч уулзсан юм.
Уулзалтын эхэнд ноён Филип Мэлоүн өөрийг нь ёслол төгөлдөр хүндэтгэн угтсанд баяртай байгаагаа илэрхийлэв. Тэрбээр өмнө нь Сингапурт суугаа ЭСЯ-нд зөвлөх, Хельсинкид суугаа ЭСЯ-нд дэд тэргүүн, Британиас Лоаст суугаа Элчин сайдаар ажиллаж байсан талаараа хэлж, хэдийгээр Монгол Улсад анх удаа ирж байгаа ч өөрийнх нь дипломат албаны туршлага цаашдын хамтын ажиллагаанд нь нэмэр болно гэдэгт итгэлтэй байгаа талаар ярилаа.
Харин Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Элчин сайд Филип Мэлоүнд юун түрүүнд ажлын амжилт хүсч, “Монгол Улс барууны орнуудаас хамгийн анх ИБУИНВУ-тай 1963 онд дипломат харилцаа тогтоосон. Энэ онд тохиож буй Монгол, Британийн хооронд дипломат харилцаа тогтоосны 55 жилийн ойн мэндийг хүргэе. Монгол, Британийн найрсаг харилцаа, хамтын ажиллагаа өргөжин тэлэх үндэс суурь баттай тавигдаж, эдүгээ бидний хамтын ажиллагаа олон салбарт хөгжиж байгаад миний бие баяртай байдаг” гэлээ.
Мөн Төрийн тэргүүн Монгол, Британийн худалдааны нийт эргэлт 2017 онд 680 гаруй сая ам.доллар байгаа нь тийм ч хангалттай үзүүлэлт биш гэдгийг дурдаад эдийн засгийн хамтын ажиллагааг эрчимжүүлэх чиглэлд түлхүү анхаарч ажиллахыг Элчин сайд Филип Мэлоүнээс хүслээ. Түүнчлэн Элчин сайдыг Монгол Улсын 21 аймгаар явж үзэхийг санал болгоод, ингэснээр монголчуудын нүүдэлчин соёл болоод бидний талаар илүү ихийг мэдэхэд тус болно, хамгийн чухал нь бидэнтэй холбоотой шийдвэр гаргахад хэрэгтэй гэж найрсагаар санал болгов.
Хариуд нь, Элчин сайд Филип Мэлоүн Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын саналыг хүлээн авч буйгаа илэрхийлж, эдийн засгийн хамтын ажиллагаанаас гадна батлан хамгаалах, соёл, боловсрол гээд олон салбарт хамтран ажиллах бүрэн боломжтой талаар ярив.