Ерөнхийлөгч Х.Баттулга хүүхэд хүчирхийллийн эсрэг цаазаар авах ялыг сэргээх саналаа дөрвөн сарын өмнө хүргүүлсэн

2018 оны 03-р сарын 30 өдөр, 18 цаг 18 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
huuli

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газарт ирдэг олон тооны санал хүсэлт, шүүмжлэлийн тодорхой хувийг цаазын ялыг сэргээхтэй холбоотой иргэдийн санал хүсэлт, шүүмжлэл эзэлдэг юм. Түүнчлэн Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын орон нутгийн иргэдтэй хийх уулзалтын үеэр бага насны хүүхдийг хүчирхийлсэн тохиолдолд цаазаар авах ял оноодог байхыг Төрийн тэргүүнээс биечлэн болон бичгээр шаардсан иргэд цөөнгүй байв.

Мөн маргааш Төрийн ордны гадна “Дахин тэвчихгүй” тайван жагсаал болж, оролцогчид бага насны хүүхдийг хүчирхийлсэн тохиолдолд оноож буй ялын хэмжээ болоод одоогийн хууль эрхзүйн орчинг шүүмжилнэ гэдгээ урьдчилан мэдэгдээд байна. Мөн Ерөнхийлөгчийн институдэд хүүхдийн эсрэг хүчирхийлэл үйлдсэн хүнд оногдуулах ялын бодлогыг Эрүүгийн хуулиар чангатгах, гэмт этгээдийн ял завших боломжийг хязгаарлах эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох, Гэр бүлийн хүчирхийллийн тухай хуулийн хэрэгжилтийг хангах зэрэг агуулгатай шаардлага хүргүүлнэ гэдгээ хэвлэл, мэдээллийн хэрэгслээр дамжуулан уламжилжээ.

Тиймээс дээрх шаардлага, нөхцөл байдлыг харгалзан Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын бага насны хүүхдийг хүчирхийлсэн хэрэгт оноох ял шийтгэл, цаазын ялын асуудлаар байр суурийг нь бататгах зорилгоор дараах мэдээллийг гаргаж байна.

-Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын цаазаар авах ялыг сэргээх саналд Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж хариу ирүүлээгүй байна-

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга 2017 оны арваннэгдүгээр сарын 27-ны өдөр Е/15 дугаартай санал хүргүүлэх тухай албан бичгийг Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржид хүргүүлсэн юм.

Саналд:

“Хүчирхийллийн гэмт хэрэг, тэр дундаа бага насны хүүхдийн эсрэг хүчирхийлэл үйлдэж, тэднийг бэлгийн дур хүслээ хангах хэрэгсэл болгож байгаа нь нийгмийн өмнө тулгамдаж буй асуудал болоод байна.

Бага насны хүүхэд бэлгийн хүчирхийлэлд өртсөн, хүчирхийллийн улмаас амь насаа алдсан зэрэг олон нийтийг цочроосон онц ноцтой гэмт хэргүүд сүүлийн үед олноор гарах болсон нь нийгмийг цочроож, олон нийтийг айдаст автуулах боллоо.

Хүний эрхийн Үндэсний комиссоос гаргасан тайлан мэдээнд тусгагдсаныг судалж үзэхэд 1 нас 4 сартай хүүхдийг ч хүртэл хүчирхийлсэн байх ба судалгаагаар өнгөрсөн онд 2-7 насны 298 хүүхэд бэлгийн хүчирхийлэлд өртжээ. Түүнчлэн 12-17 насны 1613 эх төрсөн, 20 хүртэлх насны 1668 эх үр хөндүүлсэн байгаагийн цаана хүсээгүй жирэмслэлт, хүүхдийн эсрэг бэлгийн хүчирхийллийн асуудал нуугдаж байгаа нь хэн бүхэнд ойлгомжтой юм.

Бага насны хүүхдийг хүчиндэх гэмт хэрэгт оногдуулах ялыг чангатгах, жигшүүрт гэмт хэрэг үйлдсэн этгээдүүдэд ялын дээд хэмжээ цаазаар авах ялын оногдуулж, хатуу цээрлүүлж байх саналыг олон нийтийн зүгээс Монгол Улсын Ерөнхийлөгчид хандан олноор ирүүлж, цаазаар авах ялыг сэргээхийг шаардах боллоо.

Хэдийгээр цаазаар авах ял нь хүмүүнлэг бус гэгдэж байгаа ч хөл дээрээ ч бат зогсож амжаагүй, хөхнөөсөө ч гараагүй нялх хүүхдийг хүчирхийлж байгаа нь Монгол хүний зан заншил хийгээд соёлт хүн төрөлхтөний ёсонд харшлах ноцтой, харгис хэрцгий жигшүүрт үйлдэл юм.

Монгол Улсын иргэдийн ухамсар, ёс суртахуун, хүн хүнээ дээдлэх соёл, зан заншлыг үгүйсгэсэн жигшүүрт гэмт үйлдлүүд улам бүр нэмэгдэж байгаа нь манай улс цаазаар авах ялыг халах цаг хараахан болоогүй байсныг илтгэж байна…” гээд

Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулж, Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын Пактын цаазаар авах ялыг халахад чиглэсэн нэмэлт II Протоколоос гарах ажлыг хуулийн дагуу Засгийн газар эхлүүлэх нь зүйтэй гэж үзэж буйгаа Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржид хүргүүлсэн юм.

Мөн Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 1 дэх хэсэгт “…Монгол Улсын Эрүүгийн хуульд заасан онц хүнд гэмт хэрэг үйлдсэний учир шүүхийн хүчин төгөлдөр тогтоолоор ялын дээд хэмжээ оногдуулснаас бусад тохиолдолд хүний ам нас бусниулахыг хатуу хориглоно” гэж заасан байдаг. Ингэснээр Үндсэн хуулиараа цаазын ялыг хэрэглэх бүрэн боломжтой боловч салбар хуулиараа хязгаарлаж хаасан нь учир дутагдалтай гэж Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга үзэж байгаа юм.

Хууль батлах, нэмэлт оруулах нь УИХ-ын онцгой бүрэн эрхэд хадгалагддаг тул цаазаар авах ялыг Эрүүгийн хуульд тусгах эсэхийг УИХ шийдвэрлэх бүрэн боломжтой. УИХ Эрүүгийн хуульд зөвхөн энэ төрлийн /бага насны хүүхдийг хүчиндэх/ гэмт хэрэгт цаазаар авах ялыг тусгахаар шийдвэрлэсэн тохиолдолд Монгол Улсын Үндсэн хуулийн Аравдугаар зүйлийн 4 дэх хэсгийн “Монгол Улс Үндсэн хуульдаа харшилсан олон улсын гэрээ, бусад баримт бичгийг дагаж мөрдөхгүй” гэсэн заалтын дагуу нэгдэн орсон конвенцийг мөрдөхгүй байх боломжтой болох юм.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх