Төр, хувийн хэвшлийн зөвлөлдөх уулзалт болж байна

2018 оны 03-р сарын 28 өдөр, 12 цаг 06 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
d94b21b292d2df7bf1fc0ad3a7e6ffe4_20180328120212

Төр, хувийн хэвшлийн зөвлөлдөх уулзалт өнөөдөр Төрийн ордонд эхэллээ. Монголын эдийн засгийн чуулганы эхний шат болох энэ уулзалтаар Засгийн газар “Гурван тулгуурт хөгжлийн бодлого”, “Татварын хуулийн шинэчлэл” зэрэг хөгжлийн бодлого, шийдвэр, цаашдын чиг хандлага, хэрэгжүүлэхээр төлөвлөсөн ажлаа танилцуулж байна. Зөвлөлдөх уулзалтын нээлтэд Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатар, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга С.Амарсайхан, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд болон холбогдох албаныхан, хувийн хэвшлийнхэн оролцлоо.

Ерөнхий сайд У.Хүрэлсүх уулзалтыг нээж хэлсэн үгэндээ “Монгол Улсын Засгийн газар УИХ-аас баталсан Эдийн засгийг сэргээх хөтөлбөрийн зорилтуудыг амжилттай хэрэгжүүлснээр өнөөдөр эдийн засгийн төлөв байдал сэргэн, тогтворжиж байгааг дараахь статистик үзүүлэлтүүдээс харж болохоор байна. Эдийн засгийн өсөлт 2016 онд 1.2 хувьд хүрч буурч байсан бол 2017 онд  5.1 хувьд хүрч өслөө. Өрийн удирдлагыг сайжруулж, Хөгжлийн банк болон Чингис бондын 1,1 тэрбум ам.долларын өрийг төлж барагдууллаа. Өнгөрөгч 2017 онд экспорт түүхэндээ анх удаа 6.2 тэрбум ам.долларт хүрч, гадаад худалдааны ашиг 1.9 тэрбум ам.доллар болж нэмэгдсэн. Засгийн газар төсвийн сахилга бат, хариуцлагыг дээшлүүлж, төсвийн алдагдлыг хоёр дахин буурууллаа. Гадаадын шууд хөрөнгө оруулалт 2.5 дахин өсч,хөрөнгө оруулалтын хэмжээ 1 тэрбум 500 сая ам.долларт хүрлээ. Гадаад валютын албан нөөц 3.2 тэрбум ам.долларт хүрч, төлбөрийн тэнцэл 1.5 тэрбум ам.долларын ашигтай гарлаа. Манай улсын өрхийн бодит орлого сүүлийн дөрвөн улирал дараалан өсч, өрхийн бодит зарлага гурван улирал дараалан нэмэгдсэн байна. Сүүлийн хэдэн жил тасралтгүй өсч байсан ам.долларын ханшийг тогтворжуулж, төгрөгийн ханшийг чангарууллаа. Эдгээрийн үр дүнд эдийн засгийн төлөв сайжирч, тогтвортой байдал руу шилжиж байна” хэмээн онцолсон юм.

“Гурван тулгуурт хөгжлийн бодлого” нь Монгол Улсын 2018-2020 оны хөрөнгө оруулалтын хөтөлбөрийн суурь баримт бичиг юм. Шударга ёс, сахилга хариуцлагатай, тогтвортой төрийн тогтолцоог бэхжүүлж, үндэсний хөгжлийн нэгдсэн бодлогоор эдийн засгийн өрсөлдөх чадвараа дээшлүүлж, иргэдийн амьдралын түвшинг сайжруулах нь бодлогын гол зорилт юм гэж НЗДТГ-ын  Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх