Улсын Дээд шүүхийн шүүгч Л.Атарцэцэг авлигад өртсөн байж болзошгүйг сануулав

2018 оны 03-р сарын 26 өдөр, 16 цаг 08 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
shuuh

Монгол Улсын иргэн Д.Туяа Улсын дээд шүүхийн шүүгч Л.Атарцэцэгт гомдолтой байгаагаа мэдэгдэж сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Тэрээр ярихдаа,2015 онд Булган аймгийн Дашинчилэн суманд хууль бусаар уул уурхайн үйл ажиллагаа явуулж байгаль орчинд онц их хэмжээний хор хохирол учруулсан “Алтан дорнод Монгол” ХХК-ийн талаар нийслэл дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан. 2015 оны есдүгээр сард анхан шатны шүүх нэхэмжлэлийг хүлээж аваад, ашигт малтмалын газрыг хариуцагчаар татаж “Алтан Дорнод Монгол” ХХК-ийн эзэмшилд байгаа 15 тусгай зөвшөөрлийн газрыг түдгэлзүүлж, худалдан борлуулах үйл ажиллагаа явуулах эрхийг хассан байдаг. Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд Дашинчилэн сумын малчдад нэхэмжлэгчээ татаж авах, орон нутгийн малчдад мөнгө өгөх зэрэг олон хууль бус оролдлогыг хийж байсан. Орон нутгийн малчид тэр саналыг нь хүлээж авахгүй болохоор хамгийн эцсийн шийдвэрийг гаргадаг Дээд шүүхэд авлига өгсөн гэж таамаглаж байна. Хоёр жил орчим шүүхээр маргалдаж явсаар 2017 оны зургадугаар сарын 21-ны өдөр Улсын дээд шүүхийн шүүгч Л.Атарцэцэг хэргийг “Алтан Дорнод Монгол” ХХК-ийн талд шийдсэн гэж иргэд бид хардаж байгаа аж.

Тухайн шүүх хурал дээр шүүгч нь хэт нэг талыг барьсан, нэхэмжлэгч талд өмгөөлөгч авах, санал хэлэх боломж олгоогүй. Мөн хурлын дэгийг танилцуулахгүйгээр хурлыг шууд эхлүүлсэн. Хэргийг шийдэхдээ шүүх хуралдааны үеэр шүүгч Л.Атарцэцэг гуравдагч тал болох “Алтан Дорнод Монгол” ХХК-ийн талд асуулт тавихдаа “Танай үйл ажиллагаа явуулж байгаа талбай чинь Төв аймгийн нутаг биз дээ” гэх агуулга бүхий асуулт тавьсан. Энэ нь Улсын дээд шүүхийн  шүүгч хүнд байж болохгүй алдаа биз дээ. Учир нь Захиргааны хэргийн шүүхийн актыг хүчингүй болгох талаарнэхэмжлэл гаргахад тухайн орон нутгийн харьяаллын иргэний нэхэмжлэлийг хүлээж авдаг. Хэрэв энэ үйл ажиллагаа нь Төв аймгийн Заамар сумын нутаг болсон юм бол анхан шатны шүүх нэхэмжлэлийг хүлээж авахгүй байх байсан. “Алтан Дорнод Монгол” ХХК нь 2014 оноос эхлээд 2018 он хүртэл манай аймагт хууль бусаар үйл ажиллагаа явуулаад зогсохгүй хуулийн цоорхойг ашиглаж өөрийн эзэмшлийн талбайг хэсэгчлээд өөр компаниуд ашиглуулсаар ирсэн. Ийм учраас Улсын дээд шүүхийн шүүгч Л.Атарцэцэгийн хөрөнгийн эх үүсвэрийг шалгуулахаар Шүүхийн ерөнхий зөвлөл болон Авлигатай тэмцэх газарт хандаж байгаагаа хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулж мэдэгдэж байна” гэж иргэн Д.Туяа онцлон ярив.

Н.Дөл

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх