Архи, согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн эмэгтэйчүүд дээрмийн гэмт хэрэг үйлдсэнийг цагдаагийн байгууллага шалгаж байна.
Өнгөрөгч бямба гаргийн шөнө Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт тус дүүргийн 5 дугаар хороонд оршин суух хаягтай 20 настай, эмэгтэй М, Баянзүрх дүүргийн 17 дугаар хорооны иргэн 25 настай, эмэгтэй Г нар нь согтуурсан үедээ бусдыг зодож гар утаснууд болон бэлэн мөнгийг нь дээрэмджээ. Хохирогч нь Баянгол дүүргийн 10 дугаар хороонд оршин суух 33 настай, эрэгтэй А гэгч бөгөөд уг хэргийг Сонгинохайрхан дүүрэг дэх цагдаагийн гуравдугаар хэлтэст шалгаж байна.
Иргэд архи, согтууруулах ундааны зүйлийг хэтрүүлэн хэрэглэж, эрүүл ухаанаа алдан, биеэ хянах чадваргүй болсон үедээ аливаа гэмт хэрэг, зөрчилд холбогдон өөрт болон бусдад эрүүл мэнд, эд хөрөнгө, сэтгэл санааны хохирол учруулж байна. тэдний олонх нь залуучууд буюу 25-35 насны, эрхэлсэн тодорхой ажилгүй иргэд байгаа юм. Иймд архи, согтууруулах ундааны зохисгүй хэрэглээнээс татгалзаж, эрүүл мэнд, амь насаа болзошгүй эрсдэлээс хамгаалахыг цагдаагийн байгууллагаас зөвлөж байна.