Увс аймагт хүрэлцэн ирсэн Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, маршал Ю.Цэдэнбалын хөшөөнд цэцэг өргөн хүндэтгэл үзүүллээ. Тэрээр дараа нь аймгийн удирдлага, газар, хэлтсийн дарга, төрийн албан хаагчидтай уулзав.
Дарга нар, төрийн албаны ажилтнуудаас Увс нутгийн ажилсаг, хөдөлмөрч иргэдийн ахуй амьдрал шалтгаалах учир ажлаа чамбайруулахыг санууллаа. Хариуцсан ажилдаа эзэн байж, иргэдийнхээ төлөө хүнд сурталгүй, түргэн шуурхай үйлчилж, хариуг нь заавал өгч байхыг анхааруулав. “Ирэх оны улсын төсөвт аль салбарт хэдий хэмжээний хөрөнгө мөнгө тусгуулахаа тодотгох үүднээс одооноос сум, баг бүртээ хүрч ажилла. Иргэдийнхээ нүдийг нь харж, гар барин уулзаж, санал, хүсэлт, гомдлыг нь сонс” гэж Ерөнхий сайд У.Хүрэлсүх хэллээ.
“Ажилгүйдэл гэдэг дайсантай тэмцэхийн тулд жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчид, хувийн хэвшлээ бүх талаар дэмжих ёстой. Засгийн газар ч татварын болон бусад бодлогоор дэмжинэ” гэв.
Энэ Засгийн газар олон жил яригдаж байгаа асуудлыг шийддэг Засгийн газар байхыг зорьж байгаа. Үүнд орон нутгийн удирдлага, албан тушаалтан, төрийн албан хаагчид хувь нэмрээ оруулах учиртайг Ерөнхий сайд тэмдэглэв.
Цаашид:
– Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр, Үндсэн чиглэлд тусгасан төсөл, арга хэмжээнүүдийг хугацаанд нь хийж хэрэгжүүлэх
– Улсын төсвийн хөрөнгөөр хийх бүтээн байгуулалтын ажлын бэлтгэлээ хангаж, сонгон шалгаруулалтыг эртнээс зарлан, шалгарсантай нь гэрээ байгуулан ажилд нь оруулах
– Төрийн албан хаагчдын ажлыг хагас, бүтэн жилээр дүгнэж, хариуцлагын тогтолцоог бэхжүүлэх, өгсөн үүрэг, даалгаврынхаа биелэлтийг хэлэлцдэг байх
– Сахилга, хариуцлагыг төрийн байгууллагын бүх шатанд сайжруулахтай холбоотойгоор гаргасан Албан даалгаврыг заалт бүрээр нь хэрэгжүүлж ажиллах зэргийг үүрэг болголоо.
Увс аймгийн хувьд гэр хорооллоо дулаан, цэвэр, бохир усны системд холбох, Боршоо боомтыг олон улсын статустай болгож өргөтгөх, чацарганы үйлдвэр, хөлдөөгч зоорь барих, улаан буудайн тариалалтыг сэргээх, хонины ноос боловсруулах үйлдвэртэй болох зэрэгт Засгийн газраас дэмжлэг, туслалцаа хүсэв.
Гэр хорооллын дэд бүтцийг хөгжүүлэхийн тулд 12,4 км урттай дулааны, 7,1 км цэвэр усны, бохир усны 9 км шугам татах шаардлагатай бөгөөд үүнд 19 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хэрэгтэй гэсэн тооцоо гарсан байна.
Орон нутгийн удирдлагаас тавьсан эдгээр хүсэлтийг боломж, бололцооныхоо хэрээр шийдвэрлэнэ гэж Ерөнхий сайд хэлээд энэ чиглэлээр анхаарч ажиллахыг холбогдох сайд нарт үүрэг болгов гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.