УИХ-ын гишүүн асан С.Баярцогтын нууц данс,тоо томшгүй их мөнгөнийх нь тухай монголчууд мөн ч олон жил мөн ч их ярьж байна. Өчигдөр С.Баярцогт хэвлэлийн хурал зарлаж,өөрийгөө буруугүй хэмээн жуул ярив. “Швейцарийн Прокурорын ерөнхий газраас Монгол Улсын Сангийн сайд асан С.Баярцогтын данс руу авлигын 10 сая ам.доллар шилжүүлсэн байж болзошгүй” гэж ”Ройтерс”” агентлаг мэдээлсэн гэж баахан шуугисны эцэст С.Баярцогтын амнаас “байдаг л юм” гэсэн утгатай хариултыг бүгд сонсов. Түүний ярьснаар, Монголын нэг нэртэй баянаас 10 орчим сая доллартай тэнцэх евро зээлж оффшор дансруу хийгээд эдийн засгийн хямралын үе таасан учир буцаагаад гаргаад өгсөн аж. Тэрээр хэдэн жилийн өмнө оффшор данстай холбогдсоныхоо дараа мэдэгдэл хийж байсан. Тэр үед арай өөр тайлбар хийж байсныг хүмүүс санаж буй. “Би хоёр найзтайгаа нийлж оффшор бүсэд компани байгуулж данс нээж мөнгө байршуулсан” гэж байсан юм. Тэгээд шударга зарчимд дуртай учраас алдаагаа ухамсарлан,буруугаа хүлээж УИХ-ын дэд даргын суудлаасаа сайн дураараа огцорч байсан. Гэтэл удаагүй байтал Н.Алтанхуягийн шинэчлэлийн Засгийн газар унаж, шийдлийн гэх шинэ Засаг байгуулагдахад Сангийн сайд болоод дэвшээд явчихсан. Үүнийг ард түмэн эрхбиш мартаагүй байна. Гэтэл С.Баярцогтын өмнөх яриа,өчигдрийн яриа хоёр яагаад ч авцалдсангүй. Хоёр найзтай нийлээд 1 сая доллар байршуулсан гэдэг нь 10 сая доллартай тэнцэх евро болоод явчлаа. Энэ ер нь урьд өмнө юу ярьснаа мэддэггүй сэтгэцийн өөрчлөлттэй хүн үү. “Хамар дор ургасан ам” гэгчээр хэдэн сэтгүүлчийг цуглуулж байгаад бурж болдог гэж бодов уу. Аль эсвэл эх орноосоо хулгайлж хөрөнгөжих эрх С.Баярцогтынх гэж эндүүрэв үү. Сэтгүүлчдээс хэн нь ч түүний өмнө нь ярьж байсныг сануулсангүй. Монголчууд бид яагаад ийм хүлээцтэй ард түмэн юм бэ.
350-хан мянган хүн амтай Исланд улсын иргэд бухимдан жагсаж байна гэнэ,цаана чинь. Учир нь Ерөнхий сайдын гадаад дахь оффшор данс илэрчээ. Ерөнхий сайд Сигминдур Гүнлаугссонд ард түмэн нь ам сайтай байсан аж. Гэтэл тэр хүн олны хайрыг даасангүй. Исландын ард түмэн улсаасаа хулгай хийсэн Ерөнхий сайдыг огцорхыг шаардан жагсаж байгаа нь тэр. Гэтэл бид эх орноосоо хулгай хийж,мөнгөө гадаадад нуудаг эрх баригчдын толгойг илээд дэмий үглээд л хоорондоо хэрэлдээд л суудаг. Тэр ч байтугай хоёр тал болчоод зарим нь гэмтнүүдийг өмөөрөөд зарим нь шүүмжилсэн болоод өдөр хоногийг өнгөрүүлсээр байх юм. Ардын уран зохиолч Т.Галсан гуай оффшорчдын эсрэг тэмцэцгээе хэмээн уриалж,тэд бол ээжийнхээ элгийг урж, аавынхаа шарилыг ухаж хөлжсөн шившигтэй хүмүүс гэж байсан.
Оффшорыг монголоор ОВТШААРНУУД гэж нэрлэх нь зүйтэй гэсэн. Ард түмэн оффшорчид,хууль бусаар хөрөнгөжиж баяжсан авлигачдын хөлд чирэгдэн зүдэрч байна. Өнөөдөр амьдрах гэж хүн бүр эрвийх дэрвийхээрээ зүтгэж байгаа ч ядуурсаар зовсоор байгаа нь үнэн билээ. Тэгэхэд хулгайлсан мөнгөөрөө тансаглан жаргаж байгаа оффшорчид ямар сэхүүн байна вэ. Ард түмэн алийн бүр дуугүй дарлуулах вэ,босцгооё гээд байна бус уу.
Н.Дөл