Алдар цуутай уяачдын хоосон “уучлаарай”-гаар бэртсэн хүүхдүүд эрүүл болох уу,эцэг эхийнх нь санаа амрах уу

2018 оны 03-р сарын 20 өдөр, 16 цаг 12 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
29003775_1329477190517109_755219116_n

Монголчууд эртнээс морь уралдуулж хөөрч догдолж явсан ард түмэн. Тэгээд ч төрийн сүлдэндээ адуугаа залж, морин дэл дээр хийсгэж явахыг хийморийн дээд гэлцдэг билээ. Харин өнөө цагт хурдан морийг бизнес болгон хөгжүүлж,хэн мөнгөтэй том чулуу өвөртөлсөн нь тархин дээр цахиур хагалдаг болсныг даяараа мэднэ. Өвлийн жавар холдоогүй байхад хахир хаврын хавсаргатай зэрэгцэн  морь уралдуулж,хүүхэд, адгуус хоёрын “махыг зулгааж” зугаацдаг болсон. Уг нь ийм уламжлал өмнө нь байгаагүйг судлаачид ярьдаг.

Өнөө цагийн манлай уяачдаас адуу дагаж, хөдөө хөрч гадаа гандсан нь даанч цөөхөн.  Тэд уяачдыг хөлслөөд адуугаа даатгачихна, уралдаан болохоор уяачдын нойр хоолоо хасан байж сойсон хурдан буяныг өөрсдийн нэрээр цоллуулчихна,бай шагналыг нь хамчихна. Хөөрхий адгуусыг хөлс нь хатаагүй,амьсгаа нь дарагдаагүй байхад үнэ хүргэн наймалцах ажилд шуурхайлан орно. Энэ бол наад захын шоу. УИХ-ын дарга М.Энхболдоос эхлээд эрхэм гишүүд ,сайд,дарга,компанийн эзэд гээд Монголын өнгөлөг мөнгөлөг бүх эрчүүд уяач бөгөөд бүгдээрээ манлай уяач,тод манлай уяач гэсэн алдар суугийн өргөмжлөл цолтой.  Насаараа морь уяж сойсон аймаг,сумын уяачид хаа байсан нутгаасаа адуу малаа тууж,Улаанбаатар руу зүтгүүлдэг ч энэ цолыг авсан нь тун  цөөн. Насаараа адуу дагаж амьдрахдаа “морь” болчих шахаж зүтгэсэн ч юун яасан манлай уяач вэ, зүгээр л тэр цол хэргэм цаашаа.

Гэтэл морины хөлс,тоос үнэрлээгүй баячууд өрөө байрнаасаа гарахгүй хумсаа ч хөдөлгөхгүй гэдсээ илж хэвтэж байгаад Ерөнхийлөгчийн зарлигаар алдарт,манлай болоод  явчихна. Эрхэм баячуулын хэнд ч ичих нүүр байхгүй. Манлайнуудын хувьд өөр дээр нь данстай  хурдан буян түрүүлэх,өнгөлөх бол тийм ч чухал биш. Тэр хурдан адгуусыг хэдий хэрийн үнэд хүргэж зарах вэ гэдэг л туйлын зорилго нь. Морь уяна, түрүүлүүлнэ гэдэг юутай ч зүйрлэмгүй нарийн ажил.  Уралдах нэг хэрэг, уралдуулах бэлтгэлийг хангана гэдэг хатуу ажил. Эр хар ухаан, олон жилийн судалгаа ажиглалт шингэсэн нөр их хөдөлмөр гэж морь уядаг,сойдог хэн ч хэлдэг юм билээ. Өнөөдөр өөрийнхөө хүүхдээр хурдны морь унуулдаг алдарт уяач Монголд байна уу.

 Тод манлай уяач М.Энхболдын хүү ч гэдэг юм уу алдарт уяач  “Макс” Ганбаа,АПУ-гийн Батхүү, УИХ-ын гишүүн Б.Наранхүү гээд Монголын алдар цуутай уяач нарын хэнийх нь  хүүхэд эцгийнхээ уяа сойлгыг тохируулсан  азаргыг хурдлуулав, их нас, соёолонд тэрний тэр унасан хүлгээ айрагдуулж,уясан эцгээ баярлуулав гэсэн мэдээ сонсдож байв уу. Үгүй шүү дээ. Хөөрхий ядруухан  ар гэрээ тэжээж яваа шөрмөслөг хүүхдүүд баячуудын хурдан морины суран жолоог өргүүлдэг биз дээ. Алдар цуутай уяач нар морины наймааг 1990-ээд оноос хойш хөгжүүллээ,хагартлаа баяжлаа. Энэ бол морь ярьж,наймаа мандуулсаар “цээж өвчтэй” болсон  баячуудын үнэн түүх.  Тэд одоо морь дагаж жийпээр уралдацгааж, бэл бэнчингээ бие биедээ гайхуулж, хаад ноёд мэт хувцасны загвар үзүүлж,хамгийн том чулуу өвөртлөн хөөрцөглөж явна.  Хүүхэд морь унахыг үндсээрээ буруу гэх монгол хүн ховор. Угаасаа морин уралдаан бол Монголын данстай наадам,зөвхөн Монголын үе дамжин өнөөг хүрсэн  өв уламжлал. Харин харуй бүрий цагаар морь уралдуулж байсан түүх сонсдоогүй.

Гэтэл мөнгө цагаан,нүд улааныг эрхэмлэдэг шинэ үеийн баячууд харанхуй шөнө хүний балчир үрсийг бөөвийтөл нь моринд мордуулаад уралдуулсан нь гутамшиг. Хаврын тэргүүн сар гэдэг уулын цас хайлаагүй, зам харгуй халтартаагүй байдаг хахир цаг. Тэгвэл тэр хүйтнээр хүний морь унаад,харанхуйд  уралдаж байгаа хүүхдүүд юу бодож байдаг бол, тэднийг хүн ёсөөр өрөвдөх сэтгэл манлай нарт байсангүй. Хэдэн  жилийн өмнө Төв аймагт болсон нэгэн уралдааныг сурвалжилж явахад барианд орж ирж байгаа хүүхдүүд бараг хөлдчихсөн, хамаг бие нь хөшчихсөн,зарим турь муутай нь  жолоогоо чүү ай залж байгаа нь нүд хальтирмаар харагдаж билээ. Морины эзэд том том төмөр хүлэгнээсээ багтаж ядан халбалзан гарч ирээд нүүрэндээ үстэй адгуусаа тосч гүйгээд барьж авч үнсэх нь холгүй загнана.

Хурдан буян гэгч эзнээ баян дээр нь баян болгодог нь үнэн.  Харин уяач дагаж морийг нь хурдлуулдаг хүүхдүүд тэдний золиос. Унаач хүүхдүүдийн уулзалт гээд дэмий шахуу нэг хурал болох үеэр алдарт уяачдыг дагаж хэдэн жил морийг нь унасан гэх том үг ярьсан багачуулаас сургуульд сурдаг нь цөөхөн байж билээ. Үргэлж мөнхөд хүүхдээрээ байх юм шиг гэнэн багачуул орон гэрээсээ холдож,бусдын морийг хурдлуулсаар нэг л мэдэхэд “моринд хүнддэх” настайгаа золгодог. Гэвч хөөрхий хүүхдүүд ном сураагүй, эрдэм мэдлэггүй,үе тэнгийнхнээсээ хоцорсон байх нь морины эзэн, уяач болон уралдаан,бооцоо, морины наймаагаар  “амьсгалагч” хэнд ч падгүй. Тэд хүүхдүүдийг зүгээр л ашиглаад хог шиг хаячихна.Олон жил энэ хүүхдийн буянаар морио түрүүлүүлж, өнгө мөнгийг өөр рүүгээ урсгасан даа гэж бодох сөхөөтэй хүн Монголд байхгүй. Үүнийг мөрийцсөн ч алдахгүй.
Засгийн газрын хуралдаанаас албан ёсоор товлогдоогүй  “Дүнжингарав” хурдан морины уралдааныг  гуравдугаар сарын 18-нд Говьсүмбэр аймгийн Баянтал суманд зохион байгуулсан эрхмүүд хэн бэ. Уралдааны үеэр 16 хүүхэд мориноосоо унаж, гурав нь хүнд бэртэл авсан. Үүнийг хэн хариуцах вэ. Цагдаа нарыг хэн ажиллуулсан бэ. Энэ мэт олон асуулт хариу нэхэж байна. Морин спорт уяачдын холбооны ерөнхийлөгч М.Энхболд буруутай хүмүүсийг олж хариуцлага тооцно,намайг гадагшаа явсан хойгуур ийм уралдаан болжээ,уучлаарай гэх шиг “манж” зан үзүүлсэн  нь  “за яахав,ийм явдал болсон нь харамсалтай,үнэнийг магадлая,тайван айван байцгаа” гэсэнтэй агаар нэг ажээ. Ингээд л болоо юу, эрхмүүд ээ.

Та нар морь даган сагсалзаж, хуулиас дээгүүр авирлаж,бие биеэ хаацайлан ханцуй дотроо наймаалцаж  байхад айлын бяцхан үрс эрүүл мэндээрээ хохирон шаналж байна.   “Дүнжингарав-2018″-ыг тойрсон  шүүмжлэлийг Монголын морин спорт, уяачдын холбооныхон хэрхэн болгоож байгаагаа тайлбарлавал олны сэтгэлд эрхбиш нийцэхсэн.  Монгол Улсын манлай уяач Пунцагбалжирын Энхмөнх унаач хүүхдүүд болон тэдний эцэг эхээс уучлал хүссэн дуулдана. Гэвч хоосон “уучлаарай”-гаар хүүхдүүд эрүүл саруул болох уу,эцэг эхийнх нь сэтгэл амрах уу. Хүүхдийн хөдөлмөрийг шулж,өнгө мөнгөний оргилд гарсан өнөө цагийн шинэ баячууд ичиж амьдарцгаа.

Н.Дөл

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх