БОАЖ-ын сайд Н.Цэрэнбатын санаачилга “Ногоон паспорт” аяны хүрээнд Эко клубуудын чуулган өнөөдөр олон улсын хүүхдийн Найрамдал төвд боллоо. Чуулганд нийслэлд үйл ажиллагаа явуулж буй 89 сургуулийн эко клубын 500 гаруй сурагч хамрагдсан юм. Чуулганыг нээж хэлсэн үгэндээ БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат “Та бүхэн Монголын ирээдүй. Тиймээс та бүхнийг миний санаачилсан өсвөрийн байгаль хамгаалагч бэлтгэх Ногоон паспорт аянд нэгдэж байгаад баяртай байна. Эко клубынхан маань үеийнхнийгээ, томчуудыг байгаль хамгаалахад уриалж, үлгэр дуурайл болно гэдэгт итгэлтэй байна” хэмээсэн юм.
Тэрбээр байгаль хамгааллын салбарт “Хандлагаа өөрчилье” уриатай багц ажлыг хэрэгжүүлэхээр эхлүүлж байгаа бөгөөд эхний ажил нь өсвөрийн байгаль хамгаалагчдаар дамжуулж томчуудын байгаль хамгаалалд хандах хандлагыг өөрчлөх “Ногоон паспорт” аян юм. Энэхүү санаачилгын эхлэл болгон зохион байгуулсан Эко клубуудын чуулганы нээлтэд НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөрийн төлөөлөгч Хелена Молин Валдес БОАЖ-ын сайд Н.Цэрэнбатын урилгаар хүрэлцэн ирсэн юм. Хелена Молин Валдес чуулганд хэлсэн үгэндээ “Миний Монголд айлчилж буй хамгийн гол шалтгаан нь хүүхдүүд та бүхний энэхүү чуулганы нээлтэд оролцох байлаа. Монголын хүүхдүүд байгаль дэлхийгээ хамгаалах чиглэлээр ямар ажил хийж байгааг дэлхийн хүүхдүүдэд харуулахыг хүсч байна. Тиймээс та бүхэн Н.Цэрэнбат сайдын санаачилгыг маш сайн дэмжиж, ажиллаарай гэж хүсч байна. Би ирэх жил Монголд ирж, та бүхний хийсэн ажилтай танилцаж, хамгийн сайн байсан эко клубыг гадны улсуудын туршлагатай танилцуулна гэдгээ хэлье. Та бүхэн маань томчуудад, үеийнхээ бусад хүүхдэд үлгэр дуурайлалын эзэн болоорой” хэмээсэн юм. Чуулганд Нийслэлийн Боловсролын газрын дарга Ж.Гантулга, Нийслэлийн Байгаль орчны газрын дарга Э.Баттулга нар мэндчилгээ дэвшүүлж, хүүхдүүдэд амжилт хүслээ.
Хаягдал зай цуглуулах хайрцагны загвар бүтээх уралдаанд 28 дугаар сургуулийн эко клубын сурагчид тэргүүллээ
Уралдаанд 39 эко клуб бүтээлээ ирүүлснээс Нийслэлийн 28 дугаар сургуулийн “Ногоон дэлхий” эко клубын загвар тэргүүн байрыг эзэлж, БОАЖ-ын сайд Н.Цэрэнбатаас шагналаа гардаж авсан юм. Тус клуб нь 2015 онд анх байгуулагдсан бөгөөд сургуульдаа идэвхитэй үйл ажиллагаа явуулдаг юм байна. Тус клубынхан бүтээлээ мод, хуванцар, нойтон салфетикны таг зэргийг ашиглаж хийсэн байна.
Хоёрдугаар байрт Нийслэлийн 25 дугаар сургуулийн эко клубын баг өөрсдийн бүтээлээрээ шалгарч, НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөрийн төлөөлөгч Хелена Молин Валдесаас шагналаа гардаж авсан юм. Манай улсын хэмжээнд ганцхан байгаа дауны өвчтэй хүүхдүүдийн тусгай сургууль нь 256 сурагчтай ба ерөнхий боловсролын сургалтын програмын хажуугаар тусгайлан дауны эмгэгтэй хүүхдүүдийг жирийн хүүхдүүдтэй хамт суралцах боломж олгодог цорын ганц сургууль юм. Тус сургуулийн эко клубын сурагчид хаягдал паркетан шал, хуванцар ашиглан бүтээлээ хийсэн байна. Мөн хүүхдүүд өөрсдийн гараар бүтээлээ чимэглэжээ.
Харин тусгай байр эзэлсэн Нийслэлийн Эрдмийн өргөө цогцолбор сургуулийнхан 2008 оноос хойш эко клубыг сургууль дээрээ идэвхитэй ажилуулж байгаа бөгөөд сурагчдаас гадна захирал, багш, жижүүр, үйлчлэгч гээд сургуультай хамаатай бүх л хүмүүс эко клубын үйл ажиллагаанд идэвхитэй оролцдог гэнэ. Тус сургуулийнхан ойр орчмоо ногооруулж, мод, зүлэг тарьж, сургуулиараа ногоон хэв маягийг сурталчилж, олон улсын эко сургуулийн шагнал болох хүрэл, мөнгөн гэрэгэ хүртсэн тэргүүний эко сургуулиудын нэг юм байна. “Энержи” эко клубын удирдагч “Хаягдал зай цуглуулах хайрцагныхаа онцлогийг тайлбарлахдаа мөнгөлөг цаасаар бүрсэн нь нарны тусгалаас хамгаалж байгаа учир хаягдал зайнууд халахаас сэргийлдэг, дахин ашиглаж болох бломжтой материалуудыг ашигласан” хэмээн тайлбарласан юм. Эрдмийн өргөө цогцолбор сургуулийн эко клубын сурагч Х.Мөнхчимэг улсад шалгарсан “Ам цангав” илтгэлээ зорилго нэгт нөхдөдөө уншиж, эх дэлхий, байгаль орчноо хайрлаж, хамгаалахыг уриаллаа. Тэд шагналаа Нийслэлийн Боловсролын газрын дарга Ж.Гантулгаас гардсан юм.
Эко клубын сурагчид маань Ногоон паспорт аяны хүрээнд олон нийтэд байгаль орчны мэдээлэл түгээх видео уралдаанд оролцох, хог хаягдал цуглуулах марафон зохиох, байгаль орчны залуу сурвалжлагч болох, байгальд ээлтэй шинэ санаа гаргах, ногоон пасспорт аяныг сургуульдаа нэвтрүүлж, сурагч бүрийг ногоон паспорттой болгох ажлыг хийх үүрэг даалгавар авснаар энэ удаагийн чуулган өндөрлөсөн юм. БОАЖ-ын сайд Н.Цэрэнбатын санаачилсан өсвөрийн байгаль хамгаалагчдаар дамжуулж иргэдийнхээ хандлагыг өөрчлөх Ногоон паспорт аян ийнхүү эхэллээ.