Ерөнхийлөгч Х.Баттулга Монгол цэргийн өдөр, Зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны 97 жилийн ойн баярын мэндчилгээ дэвшүүллээ

2018 оны 03-р сарын 16 өдөр, 15 цаг 28 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
Mendchilgee

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд Монгол цэргийн өдөр, Зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны 97 жилийн ойн баярын хуралд оролцлоо.

Тэрбээр Зэвсэгт хүчний жанжин штабын баярын хуралд оролцох үеэрээ Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Х.Баттулгын Монгол цэргийн өдөр, баярын хуралд зориулсан мэндчилгээг уншиж танилцуулав.

МЭНДЧИЛГЭЭНД:

Монголчууд бидний бахархал, үлгэр дуурайл болсон бэлтгэл болон чөлөөнд байгаа ахмад дайчид, улс эх орныхоо аюулгүй байдлыг батлан хамгаалах ариун тангарагтаа үнэнчээр зүтгэж буй нийт цэргийн алба хаагчид, энхийг сахиулагчид, тэдний гэр бүлийнхэнд “Монгол цэргийн өдөр”, Зэвсэгт хүчний 97 жилийн ойн баярын мэндчилгээг дэвшүүлж, аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

Монгол цэргийн түүхэн уламжлал, дайчин замнал болон албаа нэр төртэйгөөр хааж, эх орон ард түмэндээ өргөсөн тангарагтаа үнэнчээр зүтгэж ирсэн мянга мянган дайчдаараа би энэ өдөр машид бахархаж, хүндэтгэн ёсолж байна. Монголын цэргийн чадвар, оролцоог эх оронд нь төдийгүй өнөөдөр олон улсад ч үнэлж, энхийг сахиулах үйлст урьж оролцуулах болсон. Цэргийн алба, цэргийн үүрэг бол  иргэдээ эх оронч үзлээр цэнэглэж, бие бялдар, сэтгэл санааны чангарал, тэвчээр хатуужлыг суулгадаг эх ундарга, голомт нь байж ирсэн.

Өнөөдөр ч гэсэн энэ зорилго  хэвээр байсаар байгааг санаж залуучуудыг цэргийн алба заавал хаалгах, цэргийн алба хааж байх үедээ эх орныхоо бүтээн байгуулалтад гар бие оролцон, мэргэжлийн чадвар дадал суух, үр шимийг нь хүртэн хуримтлалтай болох боломж нөхцөлийг бий болгох, хангах тал дээр миний бие онцгой анхаарч төсөл санаачлан хэрэгжүүлж байна. “Монгол цэрэг-бүтээн байгуулалтад” төсөл тун удахгүй бодит үйлс болон хэрэгжих болно.

Эх оронч үзэл үгүй бол хэдэн сая цэрэг байгаад ч, хамгийн хүчирхэг зэвсэг техниктэй байгаад ч нэмэргүй. Эх оронч үзэл үгүй бол улсын хөгжил цэцэглэл ч үгүй. Эх оронч үзэл үгүй бол хэний төлөө, юуны төлөө зүтгэх, тэмцэх, хамгаалахаа мэдэхгүй хүмүүсийн цуглуулга л болно.

Миний гэх газар нутаг, миний гэх ард түмэнтэй байж тэднийхээ төлөө амиа ч өгөхөөс буцахгүй байх нь хүн хэмээгдэхийн утга учир, амин сүнс байдаг. Тийм учраас цэргийн алба хааж эх оронч үзэл, тэсвэр хатуужлаар цэнэглэгдэх нь Монгол Улс өнөд оршихын, дэвжин дээшлэхийн, амгалан оршихын угтвар нөхцөл байх юм.

Монгол цэргийн өдөр цэргийн албан хаагчдынхаа ажиллах, алба хаах орчин, нийгмийн хамгааллын талаар ярихгүй өнгөрч боломгүй. Та бүхэн бол төрийн тусгай албан хаагчид. Миний бие Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн хувьд төрийн тусгай албан хаагчдын эрх зүйн баталгааг хангах, ахуй орчин, амьдралыг   сайжруулахын төлөө санаачилгатай ажиллаж, бодит үр дүнд хүрэхийг чиглэлээ болгон ажиллаж байгаагаа дашрамд дуулгая.

Монгол Улсын батлан хамгаалах бодлогыг боловсронгуй болгох, цаг үеийн шаардлагад нийцүүлэн сайжруулах тал дээр Улсын Их Хурал, Засгийн газартай нягт хамтран ажиллаж, Зэвсэгт  хүчний  бие  бүрэлдэхүүний    ур чадварыг    дээшлүүлэх, мэргэжлийн өндөр бэлтгэлтэй, шинжлэх ухаан, технологийн дэвшил, инновацийг   зэвсэглэл, үйл ажиллагаандаа нэвтрүүлсэн чадварлаг хүчин болгохыг цэргийн бодлогын тэргүүн зорилт гэж үзэж байна.

Олон улсын харилцаанд эрс өөрчлөлтүүд гарч, олон төвтэй, ашиг сонирхлын гүнзгий зөрчилтэй болж байгаа нь дэлхийн энх тайван, улс орнуудын аюулгүй байдлыг хэврэгшүүлж буй бодит нөхцөл, чиг хандлагыг бид анзаарахгүй үлдэж болохгүй. Монгол Улс аюулгүй байдлаа улс төр-дипломатын аргаар хангах зарчмыг эн тэргүүнд баримтлахаа Үндэсний аюулгүй байдлын болон Гадаад бодлогодоо тунхаглан зарласан. Гэхдээ энэ нь батлан хамгаалах зардлаа боломжит хэмжээгээр нэмэгдүүлж, орчин цагийн зэвсэглэл, технологи арга зүй бүхий чадварлаг зэвсэгт хүчинтэй   байх   асуудалд харшлахгүй юм.

Батлан хамгаалах салбарыг хөгжүүлэх, гадаад улс орнуудтай цэргийн итгэлцэл, хамтын ажиллагааг хөгжүүлэхэд чиглэсэн аливаа санаачилга, үйл ажиллагааг бүх талаар дэмжин, цэргийн болон цэрэг-техникийн хамтын ажиллагааг өргөжүүлж, энхийг сахиулах ажиллагааны оролцоогоо хадгалах нь Монгол төрийн цэргийн бодлогын зорилт байх болно.

Эрхэм генерал, офицерууд, цэрэг дайчид аа!

Та бүхэнд  Монгол цэргийн өдрийн мэндийг дахин дэвшүүлье.

Эх орон, ард түмэндээ өргөсөн тангараг, өгсөн сэтгэлээ үргэлж санаж, хайрлаж яваарай.

Монгол Улсын төлөө хамтдаа зүтгэе. Мөнх тэнгэр биднийг ивээг” гэжээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх