Төв цэвэрлэх байгууламжийн лагийг цэвэрлэж, үнэрийг дарна

2018 оны 03-р сарын 14 өдөр, 17 цаг 54 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
zasagg

Засгийн газрын ээлжит хуралдаан 2018 оны 03 дугаар сарын 14-ны өдөр боллоо.

Төв цэвэрлэх байгууламжийн лагийг цэвэрлэж, үнэрийг дарна

  Төв цэвэрлэх байгууламжийн лагийг үнэргүйжүүлэх, усгүйжүүлэх, хатаах, шатаах технологи бүхий тоног төхөөрөмжийг энэ улиралд багтаан шууд гэрээ байгуулан худалдан авч, суурилуулж эхлэхийг Барилга, хот байгуулалтын сайдад даалгав.

Хотын ариутгах татуургын төвлөрсөн сүлжээнд нийлүүлэх бохир усны стандартын шаардлагыг хангуулах, үйлдвэрээс гарсан бохир усыг зөвшөөрөгдөх хэмжээнд хүртэл цэвэршүүлэх, технологийн хэрэглээнд нь эргүүлэн ашиглуулах чиглэлээр зохион байгуулалтын арга хэмжээ авч, ирэх оны тавдугаар сараас хэрэгжилтийг нь бүрэн хангуулах боллоо.

Мөн хууль, эрх зүйн орчныг боловсронгуй болгох санал боловсруулах, холбогдох хууль, стандарт, дүрэм, журмыг хэрэгжүүлж, хяналт тавьж байхыг сайд, албан тушаалтанд үүрэг болгов.

Төв цэвэрлэх байгууламж 1964 онд ашиглалтад орсон. Хоногт 160  000-190 000 метр.куб ахуйн болон үйлдвэрийн бохир ус хүлээн авч цэвэрлэдэг байна. Гэвч лаг боловсруулах байгууламж байхгүй учир хоногт 1000-1200 метр.куб нойтон /10 тонны даацтай машинаар өдөрт 100 удаа зөөх хэмжээний /лагийг ил талбайд усгүйжүүлэн хатаадаг. Үүнээс үүдэн 900 000 метр.куб лаг хуримтлагдан байгаль орчин, агаар, хөрс бохирдуулж, иргэдийн эрүүл мэндэд ноцтой нөлөөлсөөр байна.

Барилга, хот байгуулалтын сайд Х.Баделхан

Атар газар эзэмшсэний 60 жилийн ой угтсан бүтээлч ажил өрнүүлнэ  

Монгол Улсад атар газар эзэмшиж, газар тариаланг бие даасан салбар болгон хөгжүүлсний 60 жилийн ой ирэх жил тохионо. Түүхт ой угтан хэрэгжүүлэх бүтээлч ажлын төлөвлөгөөг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн баталлаа.

  Манай улс  гурван удаа буюу 1959, 1976, 2008 онд Атрын аяныг зохиож байсан. Анхдугаар аянаар 246 мянга гаруй га атар газар хагалж 334 мянган га-д тариалалт хийн 315 мянган тонн ургац хураан авч байжээ. Хоёрдугаар аянаар 12 Сангийн аж ахуй шинээр байгуулж 250 мянган га газар нэмж хагалан 560-670 мянган га-д үр тариа тариалж 680-860 мянган тонн ургац хураан авсан байна. Ингэснээр дотоодын хэрэгцээгээ бүрэн хангаж экспортод гаргаж байсан түүхтэй.

  Өнөөдөр газар тариалангийн салбарт үр тарианы чиглэлээр 1200, төмс, хүнсний ногооны чиглэлээр 370 гаруй аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулдаг. Нийт 60 мянган тариаланч, ногооч ажиллаж байгаагийн зэрэгцээ 35 мянган өрх төмс, хүнсний ногоо, жимс, жимсгэний тариалан эрхэлж байна.

Товч мэдээ

Эдийн засаг, худалдааны Монгол, Туркийн Засгийн газар хоорондын хамтарсан хорооны VIII хуралдаан энэ сарын 20-21-ний өдрүүдэд Улаанбаатар хотод болно. Талууд улс төр, эдийн засгийн харилцаа, хамтын ажиллагааны чиглэлээр мэдээлэл, санал солилцож, байр сууриа илэрхийлэн, цаашдын чиглэлээ тодорхойлох юм. Манай улс барилга, хот байгуулалт, соёл, боловсрол, зам, тээвэр, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрлэл, аялал жуулчлал зэрэг салбарт харилцан ашигтай, идэвхтэй хамтран ажиллахыг чухалчилж байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх