“Чимээгүй ертөнцийг аваръя”–Save silent world” төслийн хүрээнд “Улаанбаатар Пийс Авенью Ротари” клуб, “Сонсголын бэрхшээлтэй хүүхдийн дэлхийн сан”-тай хамтран өнгөрөгч 2016 онд нярайн сонсгол шалгах төхөөрөмжийг нийслэлийн Хүрээ, Амгалан амаржих газар болон ЭХЭМҮТ, УНТЭ-д хандивласан билээ.
Тэгвэл энэ чиглэлээр эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийн мэдлэг чадавхийг сайжруулж, тоног төхөөрөмжийн ашиглалтыг өргөжүүлэх үүднээс нярайн сонсгол шалгах тус төхөөрөмжийг өнөөдөр Налайх, Багануур дүүргийн эрүүл мэндийн төвд хандивлалаа. Уг үйл ажиллагаанд “Улаанбаатар Пийс Авенью Ротари” клубын захирал Б.Хэрлэн, ХБНГУ-ын “Path Medical” төвийн олон улсын худалдааны зохицуулагч Б.Петер болон төслийн төлөөлөгч нар оролцож, Нийслэлийн эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатарт энэхүү төхөөрөмжийг гардуулж өглөө.
Нийслэлийн амаржих газрууд тус төхөөрөмжтэй болсноор нярай, бага насны хүүхдийг сонсголын скрининг шинжилгээнд бүрэн хамруулах боломжтой болж байгаа юм. “Улаанбаатар Пийс Авенью Ротари” клубын хувьд “Сонсголын бэрхшээлтэй хүүхдийн дэлхийн сан”-тай хамтран 2016 оны 09 дүгээр сараас эхлэн “Чимээгүй ертөнцийг аваръя–Save silent world” төслийг хэрэгжүүлж буй бөгөөд өдгөө НЭМГ-ын харьяа Хүрээ, Амгалан амаржих газар болон ЭХЭМҮТ-д амжилттай хэрэгжиж байна.
Монгол Улсад хэлний хөгжлийн чухал үе болох 0-5 насны хүүхдүүд нийт хүн амын 11 хувийг эзэлж байна. Гэвч улсын хэмжээнд бүх нярай, бага насны хүүхдийг сонсголын скрининг шинжилгээнд бүрэн хамруулж чаддаггүй учир сонсгол бууралтыг хожуу илрүүлэх нь олонтаа тохиолддог аж. Энэ нь тэдгээр хүүхдүүдийн сонсгол, хэл яриа, танин мэдэхүй, нийгмийн хөгжилд сөргөөр нөлөөлдөг тул урьдчилан сэргийлэх үзлэг, илрүүлэг, оношилгоо зайлшгүй чухал асуудлын нэг юм.