Газрын гэрчилгээг хуурамчаар үйлдэн бусдыг залилсан хэрэг гарсан тул иргэд газартай холбоотой асуудалд хянуур хандахыг анхааруулж байна.
Нийслэлийн Газрын албаны холбогдох албан хаагчид ажил үүргээ гүйцэтгэж байх явцдаа буюу 2018 оны 03 дугаар сарын 01-ний пүрэв гаригт хуурамчаар үйлдсэн газрын гэрээ, гэрчилгээг анхлан илрүүлж, холбогдох арга хэмжээ авахаар ажиллаж эхэлсэн.
Эрүүгийн Цагдаагийн албаны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газраас хоёр ширхэг гэрчилгээг хуурамчаар үйлдэж залилан хийсэн гэх эл хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа бөгөөд нийслэлийн Газрын албанаас мөрдөн шалгах ажиллагаатай холбогдуулан шаардлагатай мэдээлэл, материалыг гаргаж өгөөд байна.
Энэ асуудалтай холбогдуулан иргэдэд газрын харилцаанд оролцох, бусдаас газар эзэмших эрхийн гэрчилгээ болон гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар өмчлөгдсөн газрын эрхийн гэрчилгээг өөрийн нэр дээр шилжүүлэн авах тохиолдолд сайтар хянан үзэж, нийслэлийн Газрын алба болон харьяа дүүргийнхээ Газрын албанд хандан шалгуулж байхыг анхааруулж байна.