Ерөнхий сайд У.Хүрэлсүх: Эмэгтэйчүүд, ээжүүд бол Монгол Улсын тусгаар тогтнолын дархлаа юм

2018 оны 03-р сарын 07 өдөр, 12 цаг 56 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
hurelsukh

Төрийн ордонд болж байгаа “Сайхан монгол ээж” хүндэтгэлийн ёслолд Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх оролцож ээжүүд, эмэгтэйчүүдэд Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийн мэндчилгээ дэвшүүлснийг бүрэн эхээр нь хүргэж байна.

Хайр энэрлийн ундарга хатан зоригт ээжүүд ээ,

Монголын сайхан эмэгтэйчүүд ээ,

Эрийн түшиг, гэрийн чимэг, элбэрэлт ээжүүд, нийт эмэгтэйчүүддээ Олон улсын эмэгтэйчүүдийн баярын мэндийг Монгол Улсын Засгийн газрын нэрийн өмнөөс болон хувиасаа өргөн дэвшүүлж, амьдралд нь аз жаргал, эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

Монгол Улсын хөгжил цэцэглэлт, нийгмийн сайн сайхан бүхний эх ундарга нь өргөө гэрийг гийгүүлэгч ЦАГААН ДАРЬ ЭХ-үүд та нар минь юм шүү.

Эх орны хойч үеийг эрүүл саруул өсгөж, Монгол хүн болж төлөвшүүлэхэд буянтай ээжүүд та бүгдийн оруулсан хувь нэмэр юутай ч зүйрлэшгүй их үнэ цэнэтэй.

Улсын хөгжил хүнээсээ гэдэг. Ийм сайхан эмэгтэйчүүд, ээжүүд бол Монгол Улсын тусгаар тогтнолын дархлаа юм.

Баярын энэ сайхан өдөр би ээжийнхээ тухай дурсамжаас та бүгдтэйгээ хуваалцъя гэж бодлоо. Миний ээж эгэл жирийн тээврийн жолооч хүн байсан. Чиргүүлтэй ЗИЛ-130 ачааны машин барьдаг байлаа. Миний ээж хүнд хүчир ажлынхаа хажуугаар ах дүү бид тавыг эрүүл саруул өсгөн торниулж өдий зэрэгт хүргэсэн юм. Одоо эргээд санахад гэр бүлийн маань сайн сайхан, халуун дулаан уур амьсгал, хайрын илч гэрэл бүхэн ээжээс минь цацарч байдаг байжээ. Миний ээжийн адил Монголын мянга мянган ээж улс орон, гэр бүлийнхээ төлөө хатан зориг гарган хамаг хүчээ дайчлан тэмцэж амьдарч байна. Та нар маань энэ цагийн баатар эмэгтэйчүүд шүү гэдгийг энэ өдөр зориуд цохон тэмдэглэж хэлье.

Эмэгтэйчүүдийн баяраар олон эрчүүд, олон хүүхэд, ээжийгээ, эмээгээ, халамжит ханиа, хайрт бүсгүйгээ баярлуулж хайр талархлаа илэрхийлдэг. Хайртай хүнээ баярлаж байгааг харна гэдэг бол хүнд төрдөг хамгийн сайхан, баяр жаргалтай мэдрэмж байдаг. Энэ утгаараа өнөөдөр баярлаж, баярлуулж байгаа хүн бүхний хувьд аз жаргал бялхсан сайхан өдөр юм. Та бүгдэдээ өргөн их баярын мэндийг чинь сэтгэлээсээ дахин дэвшүүлье.

Эрхэм ээжүүд, эмэгтэйчүүд ээ,

Өнөөдөр төрийн албанд ажиллагчдын дотор эмэгтэйчүүд 60 орчим хувийг эзэлж байна. Өөрөөр хэлбэл төр түшиж байгаа эмэгтэйчүүдийн тоо эрчүүдээс илүү байна гэсэн үг. Эмэгтэйчүүдийн ажилгүйдлийн төвшин сүүлийн жилүүдэд эрчимтэй буурч эрэгтэйчүүдийнхээс 1.7 пунктээр доогуур болсон. Гэсэн ч эмэгтэйчүүдийн дундаж цалингийн хэмжээ эрчүүдийнхээс доогуур байсаар байна. Энэ асуудлыг бид шат дараатайгаар, шударгаар шийдвэрлэх болно.

Өргөн уудам нутагтаа хөгжил дэвшил, аз жаргалыг цогцлоон амьдрахын тулд бид улам олуулаа болох шаардлагатай. Монгол Улсын Засгийн газраас хүн амаа өсгөн нэмэгдүүлэх бодлогын нэг хэсэг болох “Цалинтай ээж” хөтөлбөрийг хэрэгжүүлж эхлээд байна. Энэ жилээс эхлэн 0-3 хүртэлх насны хүүхдээ асарч байгаа эх бүр сар болгон 50000 төгрөгийн тэтгэмж авах бололцоог бүрдүүлэн хэрэгжүүлж байна. Энэ оны 1-р сарын 20-ны өдрийн байдлаар 125 мянган эх “Цалинтай ээж” хөтөлбөрт хамрагдаад байна.

Түүнчлэн 3 ба түүнээс дээш хүүхэдтэй өрх толгойлсон эцэг, эхэд улиралд нэг удаа тэтгэмж олгож эхэлсэн. Ахмадууддаа “Насны хишиг” олгон тэтгэврийн зээлийн хүүг буурууллаа. Малчдын тэтгэврийн насыг 5 жилээр наашлуулж, өндөр настны тэтгэврийг нэмэгдүүлэн, оюутны сургалтын зээлийн хүүг тэглэсэн зэрэг чамлахааргүй ажлыг хийж хэрэгжүүлж байна.

Цаашид эх, хүүхдийн эрүүл мэндийн асуудалд иргэн бүрийн үүрэг, хариуцлагыг тодорхойлох эрх зүйн орчин бий болгохын тулд Эх хүүхдийн эрүүл мэндийн тухай хуулийн төслийг Засгийн газраас УИХ-д өргөн барихаар бэлтгээд байна.

Засгийн газраас эх, хүүхдийн эрүүл мэндийг хамгаалах чиглэлээр хэрэгжүүлж байгаа бодлогын үр дүн гарсаар байна. Үүний нэг жишээ бол Монгол Улс эх хүүхдийн эндэгдлийг бууруулж Мянганы хөгжлийн зорилтыг амжилттай хэрэгжүүлж чадсан 9 дэх орон болсныг НҮБ-аас зарлаад байна.

Эр амгалан бол гэр амгалан гэж үг бий. Улс орон бол олон гэр бүлийн нийлбэр. Айл өрх бүрийн аз жаргалтай амьдралд эрчүүд бидний үүрэг асар их ээ. Эрчүүд бид үүргээ бүрэн ухамсарласан цагт айл өрх бүр, цаашлаад улс орон маань бүтэн жаргалтай, хөгжил дэвшилтэй болно гэдэгт би огтхон ч эргэлздэггүй.

Сайны хажуугаар саар гэгчээр гэр бүлийн хүчирхийлэлд хамгийн их өртөж байгаа нь манай охид, эмэгтэйчүүд байна. Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль батлагдан хэрэгжиж байгаа. Хууль хэрэгжиж эхэлсэнээр гэр бүлийн хүчирхийлэл 20 хувиар буураад байна. Гэхдээ энэ асуудал нийгэмд байсаар л байгаа нь санаа зовоож байна. Эмэгтэй хүн ойлгогдох гэж биш хайрлагдах, зовох гэж биш жаргах гэж төрсөн гэдэг. Үүнтэй би санал нэг байдаг. Монгол Улсын Ерөнхий сайдын хувьд, эр хүний хувьд ч гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж байгаа этгээдүүдтэй хуулийн хэлээр, хатуу гараар тэмцэнэ.

Монголчууд дэлхийг байлдан дагуулж явсан түүхэн цаг үед эрчүүд нь дайн тулаанд мордоход эмэгтэйчүүд нь төр улсыг авч явах үр хүүхдээ өсгөн хүмүүжүүлж, мал ахуйгаа хариуцан үлдэж,  амьдралыг нуруун дээрээ үүрч явсан түүхтэй. Улс орныг удирдан залж байсан их хаадын цаана ч ЭХ ХҮНИЙ ХАТАН УХААН оршиж байжээ. Өнөөдөр ч нийгэмд эмэгтэйчүүдийн үүрэг, оролцоо өндөр хэвээрээ байна. Айл өрх ямар хоол хүнс, хувцас хунар, эд зүйлс худалдаж авах вэ гэдгийг бодит амьдрал дээр айлын эзэгтэй нар шийдэж байдаг. Товчхондоо эдийн засагт ямар эрэлт бий болох вэ гэдгийг эмэгтэйчүүд тодорхойлж байна.

Хэдий чинээ ухаан байна, төдий чинээ ээжийнхээ өмнө бөхийх нь ухаант хүмүүний ёс гэсэн өвгөдийн мэргэн сургааль бий. Тийм ч учраас эх хүнийг Монгол түмэн хаан төрийн Хатан эрдэнэ гэж нэрийдэн  “Төрлийн язгуур, төрийн тулгуур” гэж өргөмжилж иржээ.

Эх дэлхийг диваажин болгож чадах ҮЛЭМЖИЙН ЧАНАР эмэгтэй хүнд, эх хүнд бий.Монголын сайхан ээжүүд, эмэгтэйчүүдэд маань нийгмийг анагаах энэрэл хайрын аугаа их хүч бий гэдэгт би огтхон ч эргэлздэггүй. Элбэрэлт ээжүүддээ, нийт эмэгтэйчүүддээ урт насалж удаан жаргахыг хүсэн ерөөж та бүхнийхээ өмнө мэхийн ёсолж байна.

 Монголын сайхан эмэгтэйчүүдийн яруу алдар бадартугай.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх